2017 оны чиг хандлага: Этгээд шийдэлтэй савхин хүрэм

Загварын тайзууд дээр үзэгдсэн хамгийн загварлаг мото хүрмүүд

Анх 1950-аад онд тренд болж, тухайн үед үймээнчдийн стиль хэмээн тооцогддог байсан байкер хүрэм 1970-аад онд рок хөгжим сонирхогчдын өмсгөл болж, харин өнөөдөр хавар-зун улирлын хувцасны шүүгээнд зайлшгүй байх ёстой хамгийн загварлаг хувцасны нэгээр нэрлэгдэж байна. Энэ улиралд дизайнерууд энгийн гэхээсээ илүү этгээд шийдэлтэй савхин хүрмээр гоёхыг санал болгож, дор бүрдээ өвөрмөц загвар танилцууллаа.

Шинэлэг шийдэлтэй сонгодог савхин хүрэм

Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн ойлголтын дагуу сонгодог загварын савхин хүрэм нь хар өнгөтэй байх ёстой байдаг. Ийм хүрмийг бид XX зууны турш өмсөж ирлээ. Харин энэ хавар-зуны улиралд дизайнерууд сонгодог хувилбарыг хээ хатгамал, төмөрлөг чимэг болон төрөл бүрийн гоёлын тэмдгүүдээр чимж, илүү шинэлэг шийдэлтэй гаргаж байна. Valentino-гийн загварын шоун дээрээс бид лакан арьстай хээнцэр дизайныг олж харсан бол, Ralph Lauren эсрэгээрээ маш олон жил эдлэгдсэн мэт "хуучин" арьсаар хийгдсэн савхин хүрэм тайзнаа гаргалаа. Gucci брэнд бага зэрэг барокко хэв маягтай хувилбар танилцуулж, харин Balenciaga энгийн загвартай хүрмийг мөрөө ил гаргах байдлаар өмсөхийг санал болголоо.

Тод өнгийн савхин хүрэм

Олон өнгийн оруулгатай эсвэл бүхэлдээ тод өнгийн арьсаар хийгдсэн савхин хүрмүүд олны анхаарлыг татах дуртай хэрнээ хөнгөн стилиэр хувцаслахыг зорьдог бүсгүйчүүдэд төгс тохирно. Хэтэрхий рок биш, илүү романтик хэв маягтай дизайныг Dior-ын бүтээлч захирал Мария Грация Кьюри улаан өнгийн шийдэлтэйгээр танилцуулсан байгаа. Харин чихэр мэт ягаан өнгөтэй илүү зөөлөн хувилбарыг Marques Almeida брэндийн шинэ хавар-зун цуглуулгаас олж харах боломжтой. Гэхдээ энэ дундаас хамгийн сонирхолтой, юниверсал хувилбарыг Alexander McQueen ордон санал болголоо. Хормой нь цахилгааны ачаар салгагддаг, цэцгэн хатгамалтай, хар өнгийн энэхүү савхин хүрмийг бүсгүй бүр өөрийн болгохоор мөрөөдөж байна.

Богино эсгүүртэй савхин хүрэм

Таван жилийн өмнө алдрынхаа оргилд хүрч байсан богино эсгүүртэй савхин хүрмүүд энэ улиралд дахин нэг удаа тренд боллоо. Орчин үеийн богино хүрмийг 2000-аад онд моод болж байсан хуучны эффектээс салгахын тулд дундаж урттай даашинзтай хослуулахыг зөвлөж байна. Энэхүү стилистик аргачлалын тод жишээг Louis Vuitton брэндийн загварын шоунаас олж харах боломжтой байгаа. Хавар-зун 2017 цуглуулгад дизайнер Николя Гескьер цэцгэн хээтэй даашинзыг байкер маягийн богино хүрэмтэй хослуулснаар бага зэрэг футуристик уур амьсгалтай, өдөр тутмын төрх бүрдүүлсэн байлаа. Харин илүү гоёмсог шийдэлтэй, үдшийн гаралтанд тохиромжтой хувцаслалтыг эрэлхийлж байвал Lanvin-ы загварын шоун дээрх шиг газар хүрсэн урттай торгон даашинз сонгоорой.

Хаанаас худалдаж авах вэ

Buro.Mongolia

2017-03-20, 15:00

  • Зураг: