2017 оны чиг хандлага: Өргөн брюк өмд

Өргөн эсгүүрийг хэрхэн зохицуулж өмсөх вэ?

Бид саяхан уншигчиддаа энэ улиралд галбир барьсан жийнсэн өмд эргээд моодонд орохыг мэдэгдэж байсан бол дизайнерууд саяхнаас бас нэгэн өмдний чиг хандлагыг танилцуулж эхэллээ. Өргөн эсгүүртэй, сул загварын брюк өмднүүд хавар-зун 2017 улиралд төрөл бүрийн урт ба өнгөний сонголттойгоор дэлгэрэх болно

Gucci, Dries Van Noten ба Rochas брэндүүд сонгодог дизайнтай, саармаг өнгөтэй загварууд санал болгож, Proenza Schouler, John Galliano ба Céline брэндүүд эсрэгээрээ маш этгээд хэв маягийн, хэтэрхий өргөн эсгүүртэй өмднүүд тайзнаа гаргалаа. Харин бусад брэндүүд уг трендийг арьс шир, хоргой гэх зэрэг өвөрмөц материалуудаар хэрэгжүүлж байна. Тэгэхээр шинэ улиралд энэ олон загваруудаас ямрыг сонгож, бусад хувцастай хэрхэн хослуулж болохыг эндээс уншина уу.

Орчин үеийн сонгодог дизайн

Сонгодог шийдэлтэй өргөн брюк өмднүүд загварын тайзан дээр өнгөрсөн жилийн намраас үзэгдэж эхэлсэн. Тухайлбал Gucci брэнд дөрвөлжин хээтэй өргөн өмдийг ижил загварын пиджак болон оймстой өмссөн сандаалтай хослуулахыг санал болгосон байгаа. Дөрвөлжин хээтэй хувилбарыг мөн A.W.A.K.E брэнд танилцуулж, тэгш бус хэмтэй цамц маягийн даашинзтай зохицуулан өмсөж болохыг харуулсан. Харин хаврын улиралд тохиромжтой цайвар шар, алтлаг ба тод шар өнгийн загваруудыг Dries Van Noten ба Gucci ордны цуглуулгаас олж харах боломжтой байлаа. Антонио Берарди бусад дизайнеруудаас ялгарч, дутуу боловсруулсан ирмэг, цацаг гэх зэрэг гэнэтийн элементүүд нэмсэн байна. Ийм загвартай өмдийг пиджак, захтай цамц эсвэл энгийн топтой хослуулж болох юм.

Хэтрүүлэг

Хавар-зун улирлын хит загвараар хэтэрхий өргөн эсгүүртэй максимум өмднүүд нэрлэгдэж байна. Proenza Schouler ба Dries Van Noten брэндүүд даавуу болон хөвөн даавуугаар хийсэн, зун өмсөхөд тохиромжтой төгс хувилбар танилцуулсан бол Céline мөн адил нимгэн материалтай хэрнээ бага зэрэг дорнын өнгө аястай загвар гаргажээ. Харин ажилчны өмсгөл мэт харагдах өргөн өмд Жон Гальяногийн цуглуулгад үзэгдлээ. Хувцаслалтынхаа ерөнхий хэмжээг хэтрүүлэхгүйн тулд ийм өмдийг богино топ, бэлхүүс тодотгосон хүрэм, хоолойтой свитер цамц, эсвэл цээживч маягийн топтой хослуулахыг зөвлөж байна.

Арьс шир

Сүүлийн үед төрөл бүрийн загвартай савхин өмднүүд загварын ертөнцийг байлдан дагуулах боллоо. Галбир барьсан нарийн эсвэл өргөн эсгүүртэй сул өмднүүд алдрынхаа оргилд хүрч байна. Энэ улиралд бид маш олон төрлийн савхин хувилбар харсан байгаа. Тухайлбал Christopher Kane панк маягийн төмөрлөг оруулгатай өргөн өмд урласан бол, Céline богино тайралттай өргөн загварыг, харин Kenzo лакадсан арьсаар хийсэн өмд бүтээжээ. Харин хамгийн энгийн эсгүүртэй өргөн өмдийг Alexander McQueen санал болголоо. Савхин өмдийг ижил материалтай топ эсвэл oversize загварын свитер болон цагаан захтай цамцтай хослуулбал загварлаг харагдана. Гэхдээ ийм төрлийн загварыг хүйтний улиралд сонгоорой. Зун та савхин өмд өмссөнөөр маш их халууцах болно.

Бусад төрлийн өргөн брюк өмдийг хаанаас худалдан авч болохыг доороос харна уу.

Buro.Mongolia

2017-02-16, 08:00

  • Зураг: