Энэ хаврын дөрвөн төрлийн өмд

Эрх чөлөөтэй өмднүүд

Бүсгүй таны хувцасны шүүгээнд скини загвараас өөр бусад хэдэн төрлийн өмд байна вэ? Ирж буй шинэ улиралд дор хаяж дөрвөн өөр төрөл байх хэрэгтэй шүү

Сүүлийн жилүүдэд скини буюу галбир барьсан өмд хэтэрхий түгээмэл болж, дийлэнх бүсгүйчүүд зөвхөн энэ загварын өмдийг л өмсдөг боллоо. Скини загвар бусад бүх загваруудаас илүү хөлийг туранхай харагдуулж, ямар ч хувцас ба гутал дээр төгс зохицдог гэх ойлголт бүсгүйчүүд дунд хэвшсэн харагддаг. Мэдээж хэрэг үүнд үнэний ор байж болох ч загварлаг байдлын хувьд энэ нь уйтгартай санагдаж эхлэхгүй байна гэж үү?

Энэ хавар-зуны улиралд бидний хайртай дизайнерууд, мөн загварын салбарын "It girls" төрөл бүрийн хэлбэр, дүрстэй өмднүүдийг туршиж байна. Үүнд газар хүрсэн урттай, ташаан дээр суусан сул өмд, "уранхай" трапеци, богино трапеци, богино өргөн өмд гээд л байж болох бүх л загварууд бий. Уран сэтгэмжийнхээ хүрээнд, эрх чөлөөтэй хувцаслах цаг ирлээ бүсгүйчүүдээ!

Богино тайралттай трапеци жийнс

Хэрвээ та хаврын улиралд зориулж ямар нэгэн жийнс худалдан авахыг зэхэж байгаа бол заавал ч үгүй богино тайралттай трапеци загварыг сонгоорой. Ийм сонголт хийсэндээ огтхон ч харамсахгүй гэдэгтээ итгэлтэй байж болно шүү. Одри Хепберн ба Жейн Биркин нарын стилийг өөртөө хослуулан, шингээсэн энэ загвар дундаж бараан эсвэл хар бараан өнгөтэй байх нь илүү зохимжтой харагддаг. Энэ хаврын must-have загвар гэж ойлгоорой!

Ташаан дээр суусан сул загварын өмд

Alexander Wang & Michael Kors


1990-ээд оныг санагдуулах энэхүү ташаан дээр суусан, сул загварын, "навсгар" загвар дизайнеруудын дунд маш алдартай байлаа. Alexander Wang, Calvin Klein, Michael Kors нарын танилцуулсан хувилбар хамгийн шилдэг нь байсан. Michael Kors-ынх шиг зөөлөн материал бүхий, саармаг өнгөтэй загварыг сонговол амьдралын ямар ч нөхцөлд тохиромжтой байх болно. Амралтын өдрүүдээр цэмцгэр пудволктой, харин ажлын өдрүүдээр торгон цамцтай хослуулж болох юм.

"Уранхай" трапеци жийнс



1970-аад оны ретро уур амьсгал загварын тайз дээр эргэн ирсэнтэй холбогдуулан трапеци загварын өмд хүчээ авж эхэлсэн. Бид өнгөрсөн намрын улиралд трапеци өмдний талаар дурдаж, бараан өнгийн жийнсийг илүү тодотгож байсан бол, одоо ирж буй энэ хавар илүү цайвар өнгийн "уранхай" загварыг санал болгож байна. Хэрвээ та залуу насныхаа хувцсыг хадгалдаг нэгэн бол хувцасны шүүгээгээ дахин нэг уудлаад үзээрэй. Трапеци ид дэлгэрч байх үеийн хуучин загварууд хадгалагдаж үлдсэн байх магадлалтай шүү.

Cullotes (Богино тайралттай, өргөн өмд)


Cullotes загварыг харсан бүсгүйчүүд эхэндээ дургүйцэж, энэ өмд биеийн галбирыг нь тааламжгүй талаас харагдуулна гэж боддог. Гэхдээ үнэндээ cullotes-ыг зөв зохицуулж чадвал та маш загварлаг харагдах боломжтой. Гол нууц нь энэ загварыг яг л A хэлбэрийн сул юбка мэт төсөөлөхөд оршиж байгаа юм. Торгон цамц эсвэл богино топ өмсөж үүнийгээ өндөр өсгийттэй хослуулснаар дэгжин төрх бүрдүүлж, аль эсвэл сул загварын ноосон цамц ба цагаан кет өмсөж илүү энгийн хувцаслалт хийхийг санал болгож байна. Тэгээд ч богино загварын өмд өмсөх нь шинэ гутлаараа гангарах сайхан боломж гэдгийг санаарай.

Ө.Тодгэрэл

2016-04-03, 11:00