Эргэцүүлэл: Мария Грация Кьюри юу хэлэхийг хүсэв?

Дэлхийн II дайны дараахан Франц улс сая нэг амс хийх зуур хотын хаа нэгтээ Пьер Балмайн гэх залуу Кристиан найзаасаа "Хамтдаа хувцас загварын ордон нээх үү?" хэмээн асуухад түүний найз Кристиан татгалзсан гэдэг. Кристиан Диор өөрийн бүтээлийг бие даан гаргах эрмэлзэлдээ үнэнч байжээ.

Эл өдөр бидний дунд Пьер-Кристиан гэх хувцас загварын ордон ноёрхож болох байсан хэдий ч тэр үед залуус тус тусын замыг хөөж эдүгээ XX дугаар зууны аугаа загвар зохион бүтээгчид болцгоосон юм.

Кристиан Диорын хувцас загварт оруулсан хувьсал хийгээд хувь нэмэр хэмжээлшгүй их бөгөөд эмэгтэй хүнийг хүндэтгэн үздэг нэгэн байсан нь гарцаагүй. Магад дайны дараах хүнд үед залуучуудад эмэгтэй хүнийг хайрлахаас өөр зүйл үлдээгүй байсан ч байж мэдэх. Цаг хугацаа гэх эргэшгүй тэнхлэг харин мөнх бусыг сануулж Кристиан Диорыг авч одсон тэр цагаас эхлэн түүний босгосон эзэнт гүрний амин сүнс болж ажиллах бүтээлч захирлуудын залгамж халаа эхэлжээ. Ив, Галлиано, Марк гээд Кристиан Диорын нэрийг улам цуурайтуулсан домогт бүтээлч захирлуудыг дурдаж болох ч Кьюри гэх эмэгтэй сонгогдон ажиллах болсон мэдээ харин 2016 онд загварын салбарт “улаан гэрэл” анивчуулав. 

Ноён Диорын үзэл санааг тэр дамжуулж чадах болов уу? Цаашид тус загварын ордныг Кьюри хэрхэн удирдах вэ? Энэ мэтчилэн олон асуулт загварын салбарынханд урган гарсан ч, “Диорын түүхэн дэх хамгийн анхны эмэгтэй бүтээлч захирал Кьюри болов” гэсэн тодорхойлолтоос бусад зүйлсийг дүгнэн хэлэлцэх боломжгүй байлаа. Хувцас загварын хорхойтнууд болон шүүмжлэгчид Кьюригийн бүтээлүүдийг хүлээж эхэллээ. Ихэнх цагаа олоогүй таамаг, дэн дун яриа “Кьюри чадахгүй” гэсэн дүгнэлтэд хүргэнэ. Ер нь бид Кьюрид хатуу хандаад байвал яах вэ? Өнгөрснийг эргэцүүлэн үзвэл Жон Галлианогийн бүтээлүүд Диортой хэр нийцэж чадсан юм бол, хэтэрхий театрын хувцаслалт, романтизмыг мандуулж энгийн оршихуйг хэт эвдсэн, дурын мэдрэмжээрээ хандсан гэж дүгнээд бичвэл буруу зүйл байхгүй. Галлиано, Диорын түүх рүү аялсан гэхээс илүү дэлхийн түүх рүү аялсан хүн ч байж болох. Египет, Япон, Орос ард түмний бабушка алчуурыг ч тэр онцолж гаргадаг зоригтой нэгэн. Диорын ордон түүнийг эрхлүүлсэн гэхэд хилсдэхгүй. Чухамдаа Галлиано Диорын сүнстэй холбогддог ганцхан түлхүүр бол тэд хоёулаа эмэгтэй хүний гоо сайхныг мандуулах мөрөөдөл нь ижил байжээ. Эсрэгээрээ Раф харин ичимхий, гэхдээ Диорт хандсан түүний таашаал тов тодорхой бөгөөд бүтээлүүд нь эмэгтэйлэг байдлыг алдалгүйгээр "геометрийн тэгш гүйцэтгэлтэй бүтээгдэнэ" гэсэн ариун судар мэт алтан дүрэм дотор оршжээ. Хувцасны даавуун дээрх хэвлэсэн түүний график хэвлэл нь нэг талаараа ирээдүйг зөгнөсөн атлаа даашинз дээр хатгасан олон тооны цэцгэн хатгамал нь биднийг Диорын түүхт бүтээлүүд рүү хөтөлнө. Түүний энэ туршилт нүдээ ч олсон, цагаа ч олж. Угтаа ноён Кристиан Диорын шинийг турших гэсэн хүслийг гагцхүү Бельги гаралтай энэ эрхэм л гүйцэлдүүлж даашинзны хормойнд хэрхэн пост модернизмыг бүтээж болохыг харуулав.

Энэ мэтчилэн бүтээлч захирлуудыг дурдангаа буцаад улаан гэрэл анивчуулсан Кьюригийн бүтээлийг ажвал тэрбээр Кристиан Диортой оюун санаагаараа холбогдож чаджээ. Чамгүй их судалгаа хийсэн аялал нь “Эмэгтэй хүнийг байгаагаар нь тунхаглаж, бүсгүй хүний дайчин зан чанарыг эрэлхийлэхэд” хүргэв. Эдгээр өгүүлбэрүүдийг та аль ч сонин сэтгүүлээс уншиж болох боллоо. Кьюриг бид сайшаах цаг нь ирж..

Гэхдээ нэг зүйлийг онцлон бичихгүй бол болохгүйн учир гэвээс тэрээр одон орон, ид шидтэй холбогдон сониучирхаж. Яагаад гэж үү? Кристиан Диор амьд ахуйдаа зөнч, мэргэ төлөгчид ханддаг нэгэн байв. Аугаа урлаачийн амьдралын намтрыг судлах хугацаандаа түүний таван ширхэг одны бэлгэдэл болон ТАРО мэргийн бэлэг тэмдэг судлалыг магадгүй Кьюри тайлжээ. Иймээс бүсгүй өөрийн бүтээлүүддээ нимгэн торон даавуу, ид шидийн гэмээр зүүдний тайлагнал, 12 орд эмэгтэй хүн байсан бол ямар дүрслэлтэй байх бол гэсэн мэдрэмжид хөглөгдөн ажиллажээ. 2021 оны Кьюригийн танилцуулсан хавар-зуны цуглуулга нь хувцас загварын ертөнцөд тод тэмдэглэгдэн үлдэв. Түүний хэлэх гэсэн санаа Пьетро Руффо зураачийн Таро хөзрийн авхай нарын дүрслэлээс улбаатай бөгөөд хатгамал, силуэт, гар ажиллагааг хүртэл орхигдуулаагүй нь Диор загварын ордны он удаан жил бичигдчихсэн алтан хуулийг тэрээр чандлан сахисан юм.

Хувь хүн бүр өөрсдийн гэсэн хувцас загварын урлантай болбоос бүх зүйл тухайн хүний гарт байж, дураараа аашилж өөрийн дүрмийг бичиж чадна биз ээ. Харин аливаа уран бүтээлч аль нэг домог болсон загварын ордонд бүтээлч захирлаар ажиллах хариуцлагатай ажлын санал авах үед бүх зүйл өөрөөр эргэх буй за.

Мария Грация Кьюри харин бүх таро хөзрийг гартаа атгаад Диорын Ид Шидийг танд хүргэж байна.

Диорын хавар-зун 2025 улирлын кутюр цуглуулга нь мөн л ид шидийн гэмээр хөнгөн найрсалтай, нэг хэвийн амьдралын хэмнэлээ өөрчлөх, эскапизм буюу бодит байдлаас зугтаах, өөрийн оюун санаагаа аврах, эмэгтэйчүүдийн хэнээс ч хараат бус эрх чөлөөт байдлыг нь ахин нэг санууллаа. Гладиатор сандаал, Амазоны уугуул эмэгтэйчүүдийн толгойн гоёл хийгээд Диорын хэзээд баримтлах цэцгэн хатгамалтай гар ажиллагаа зэрэг холимог сэдвүүдийг нэгтгэснээр Кьюри өөрийгөө мундаг сюрреалист уран бүтээлч гэдгээ харууллаа.

Ж.Булган

2025-02-12, 13:00