Энэ хавар бид юу өмсөх вэ? 13 гол чиг хандлага
Таны мэдэх хэрэгтэй хавар-зун 2020 улирлын гол трендүүд
Өвлийн тэсгэм хүйтний эрч буурч, хаврын урин дулаан улирал ирж байгаатай холбогдуулан бид өөрийн эрхгүй шинэ шоппинг жагсаалт гарган ирэх улиралд юу өмсөхөө бодож сууна. Аз болж дизайнерууд өнгөрсөн аравдугаар сард хавар-зун 2020 улиралд зориулсан шинэ цуглуулгуудаа танилцуулаад дууссан тул одоо бид тэдгээр цуглуулгуудыг сайтар судлан үндсэн чиг хандлагуудыг тодорхойлох л үлдлээ. Ингээд таны мэдэх хэрэгтэй 13 гол трендийг нэгтгэн хүргэж байна.
XIX зууны сүүл болон XX зууны эхэн үед колоничлогдсон Африк тивд амьдардаг Их Британичуудын өмсдөг байсан сафари хүрэм нь ирэх улиралд төрөл бүрийн хувилбараар дэлгэрэх болно. Hermes арьсан, Max Mara торгон, харин Stella McCartney хөвөн даавуун материалтайг санал болгосон байгаа.
Брэндүүдийн шинэ цуглуулгуудыг ажиглах юм бол харандаа хэлбэрийн юбка нь одоо зөвхөн оффис гэлтгүй ямар ч орчинд өмсөх боломжтой, ямар ч стильтэй зохицох чадвартай загварлаг хувцас болж хувирсныг харах боломжтой. Арьсан, торгон, цацагтай, өндөр оноотой гээд маш өргөн сонголт бий.
Эмэгтэйлэг хэв маягийг илтгэдэг сонгодог элементүүдийн нэг бол яахын аргагүй цацаг юм. Романтик, хөнгөн уур амьсгал бүрдүүлдэг энэхүү элемент нь ямар ч хувцсыг илүү эмэгтэйлэг, сонирхолтой болгох чадвартай тул дизайнерууд ирэх улиралд өмд, юбка, даашинз, топ гээд бүх хувцсыг цацгаар чимэглэсэн байна.
Sportmax брэндийн загварын шоун дээрх хувцасны захууд яг л эртний хуяг мэт сүрлэг хийцтэй байсан. Мөн Jil Sander тэгш бус хэмтэй зах танилцуулсан бол, Nina Ricci мөрийг бүхэлд нь халхалдаг нөмрөг мэт зах санал болгосон. Эдгээрээс гадна бусад брэндүүд ч бас төрөл бүрийн гоёмсог хийцтэй, өвөрмөц захтай загварууд гаргасан тул шинэ улиралд нэгэн хэвийн загвараас аль болох татгалзаарай.
1990 ба 2000-аад оны үеийн нам суудалтай загваруудыг харахад хуучинсаг, үзэмжгүй стильтэй санагддаг ч Victoria Beckham ба Rochas брэндүүдийн шинэхэн гаргасан загварууд нам суудалтай эсгүүр нь маш орчин үеийн, контемпорари хэв маягтай байж болохыг батална.
Уг чиг хандлагад нэг том давуу тал бий. Тэр нь юу вэ гэхээр бид 1970-аад оны загвартай даашинзыг заавал шинэ цуглуулгаас хайлгүй ээжийнхээ хувцасны шүүгээнээс, эсвэл винтэж дэлгүүрээс олох бүрэн боломжтой. Харин стайлингийн санаа авахыг хүсвэл Saint Laurent, Celine брэндүүдийн загварын шоунуудыг үзээрэй.
1960 онд Францын зураач Ив Кляйн өөрийн гаргаж авсан international Klein Blue хэмээх цэнхэр өнгийг патентласан байдаг. Харин тэрхүү цэнхэр өнгийг хавар-зун 2020 улиралд Nina Ricci, Marni ба Bottega Veneta брэндүүд онцолсон байгаа.
Ерөнхийд нь харахад дизайнерууд зөөлөн мөртэй, бэлхүүс тодотгосон, эмэгтэйлэг эсгүүрийг илүүд үзэж байгаа бөгөөд үүний зэрэгцээ цээжний хэсгийг онцолсон төрөл бүрийн чимэглэлүүд хийж байна. Жишээ нь цээжний хэсгийг оосроор чимэглэсэн, эсвэл тэр хэсэгтээ цоолбор, хайчилбартай гэх мэт өвөрмөц загварууд их үзэгдэх болжээ.
Аварга том, нүсэр даашинзуудыг бид зөвхөн улаан хивсэн дээр харж заншсан ч ирэх улиралд дизайнерууд өдөр тутамдаа, энгийн хувцас мэт өмсөхийг уриалж байна.
Олон давхар хормойтой юбка нь маш эмэгтэйлэг хэв маягтай, сүрлэг харагддаг загвар тул энгийн футболка, цамцтай хослуулж өмсөхийг зөвлөж байна.
Юуны өмнө анхааруулж хэлэхэд өвдөг давсан урттай кюлот өмд нь хөлийг богиносгож харагдуулдаг тул зөв стайлинг хийж, зөв гутал сонгоогүй нөхцөлд үзэмжгүй төрх бүрдэх өндөр эрсдэлтэй. Харин өмсөж зориглох нэгэн нь The Row, Bottega Veneta брэндүүдээс санаа аван загварчлаарай.
Дулаан улиралд сорочка загварын даашинз өмсөх нь тийм ч шинэлэг тренд биш ч минимал, контемпорари төрх бүрдүүлэх хамгийн хялбар аргуудын нэг болдог тул дизайнерууд уг загварыг дахин нэг удаа онцолсон байгаа.
Дэгээ зүүгээр нэхсэн, гараар хатгасан зэрэг гар урлал орсон загварууд саяхныг хүртэл хувцас загварын салбарт чухал байр суурь эзэлж чаддаггүй байсан бол цаг хугацаа өнгөрөх тусам улам л боловсронгуй болсоор, одоо бидний өдөр тутмын хувцаслалтын салшгүй нэг хэсэг болжээ.
Юүдэнтэй урт халаат, ноосон эсвэл торгон нөмрөг зэрэг нүүдэлчдийн өмсдөг байсан биед эвтэйхэн, сул загварууд моданд оржээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт