Зааварчилга: Хөлөөсөө толгой хүртэл цагаан өнгөөр хувцаслах нь
Цагаан өнгийн total look үргэлж эргэн тойрныхны анхаарлыг татан, таатай сэтгэгдэл үлдээдэг. Хамгийн энгийн хувцаснуудаар төрхөө бүрдүүлсэн ч хажуугаар өнгөрөх хүмүүс өөрийн эрхгүй эргэж хардаг. Иймээс энэхүү стайлингийн хялбар заль мэхийг ашиглан, хөлөөсөө толгой хүртэл цагаан өнгөөр хувцаслаж байхыг зөвлөх байна. Харин цагаан хувцаснуудыг хооронд нь хэрхэн зохицуулахыг доороос харна уу.
Бермуда шоорт бол зуны улиралд хэрэг болох үндсэн загваруудын нэг юм. Ийм шоортыг ижилхэн цагаан туяа бүхий "куба" загварын захтай цамц, эсвэл oversize пиджактай хослуулаарай. Эдгээр хоёр хувилбарын алийг нь ч сонгосон оффисийн нөхцөлд тохиромжтой байх бөгөөд Birkenstock сандаал, өвөрмөц хэлбэрийн гар цүнхтэй загварчилбал илүү нарийн мэдрэмжтэй харагдана.
Цагаан өнгийн богино топыг газар хүрсэн урттай хөвсгөр юбкатай хослуулж өмсөх нь олон төрлийн биеийн галбирт зохидог, эмэгтэйлэг харагдуулдаг, хэрэгжүүлэхэд хялбар стилистик аргачлалуудын нэг юм. Харин гутлын хувьд нарийн эсвэл бидний сонгосон шиг өргөн оосортой хавтгай ултай сандаал илүү тохиромжтой. Мөн сүүлийн улирлуудад тренд болоод буй сувдан гоёл чимэглэлээр төрхөө гүйцээгээрэй.
Цагаан өнгийн брюк болон пиджакны хослол бол хэзээ ч хуучрашгүй, сонгодог шийдэл. Жишээ нь энэхүү Joseph брэндийн санал болгосон хослол загварын хувьд бүх шаардлагыг хангаж байгаа юм. Хэт цагаан биш зааны ясан зөөлөн цагаан өнгөтэй, гоёмсог захтай, үл ялиг трапеци хэлбэрийн эсгүүртэй гээд бүх деталь нь маш цэмцгэр харагдана. Дотор нь топ эсвэл коовт биш, харин минимал хэв маягтай цээживч өмсөж, хөлдөө атлас материалтай өндөр өсгийт углахад д л үдэшлэг, хүлээн авалтад явахад бэлэн болчхож байгаа юм.
Laroom брэндийнх шиг хуниастай, намирсан урт цагаан даашинз бол маш романтик, гэгээлэг төрх бий болгодог, мөнхийн сонгодог загваруудын нэг юм. Ийм төрлийн даашинзыг нарийн оосортой, намхан өсгийтэй сандаал, шүрэн бугуйвч болон авсаархан жижиг цүнхтэй хослуулахыг санал болгож байна. Зуны үдэш хотын гудамжаар алхахад төгс тохирно.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт