Juicing: Өглөөний кофег шүүсээр орлуулсан нь

Хялбархан аргаар

Б.Бадамханд

Өдөр тутам жимс, ногооны цэвэр шүүс шахаж уух зуршилтай болох нь эрүүл мэндээ сайжруулах сайн арга юм. Ихэнхи хүмүүс жимс, ногоо их хэрэглэх нь эрүүл мэндэд сайн гэдгийг хүлээн зөвшөөрдөг ч үүнийг бодит амьдрал дээр хэрэгжүүлэх боломжгүй, эсвэл тууштай хэрэгжүүлэхэд цаг зав нь хүрэлцдэггүй нь надад анзаарагдсан юм. Мэдээж нэг дор 1 кг лууван, 10-12 ширхэг алим, эсвэл 4 кг бууцай хэрэглэчихдэг хүн тун ховор. Харин шинэхэн шахсан 500 гр шүүс ууж, дээр дурдсан жимс ногоонд агуулагдаж буй хэмжээний амин дэмийг өөртөө авах нь бодит амьдрал дээр илүү түгээмэл бөгөөд тун амархан арга шүү.

Би Лондонд мастераа хамгаалж байх үедээ өглөө бүр хичээлдээ явах замаараа кофе шоп орж, заавал кофе авч ууж өөрийгөө урамшуулдаг заншилтай байсан юм. Гэхдээ кофе уусан ч, уугаагүй ч бай хамаагүй үдээс хойш хичээл дээр, эсвэл номын санд сууж байх үед нойр хүрч, гараа дэрлээд унтаад өгөх явдал байнга тохиолддог байлаа. Тэгээд л сэрснийхээ дараа хэсэг цаг хугацааг үр бүтээлгүй өнгөрөөсөн сэтгэгдэлтэй хоцордог байж билээ. Кофе хүний биед хэрхэн нөлөөлдөгийг өөр дээрээ мэдэрсэн ч тухайн үед би муу зуршилаа өөрчлөхийг бодсон ч үгүй. Амны үнэрээс авахуулаад, биеийн шингэн хөөх, шүдний өнгө өөрчлөх, мөн кофе уусан тухайн үед төвлөрч, сэргээж чаддаг ч гэлээ хэсэгхэн хугацааны дараа эрч хүч буурч, нойр хүрж эхэлдэг гэх мэт тааламжгүй өөрчлөлтүүдийг өөр дээрээ мэдэрсээр байсан ч хэрхэн муу зуршилаасаа салахаа мэдэхгүй байлаа.

Нэг л өдөр би "juicing"-ийн ашиг тусын талаар сонсоод шүүс шахагчаа жинхэнэ зорилгоор нь ашиглаж эхлэхээр шийдлээ. Цэвэр шүүс хэрэглэсний дараа ногоо, жимсэнд их хэмжээгээр агуулагдсан байдаг амин дэм, эрдэс бодис, энзимүүд маш богино хугацаанд хүний биеийн цусны урсгалд орж, хэрэгцээтэй тэжээллээр хангаж, хоол боловсруулах эрхтнүүдийг амрааж өгдөг гэдгийг мэдэж авлаа. Шүүс уух нь өвчин зовиурыг анагаахад хэр зэрэг нөлөөтэй байдгийг харуулсан олон судалгаа хийгдсэн байна. Шүүс ууснаар зөвхөн жин хасахаас гадна бас маш их эрч хүч нэмэгдэж, дархлаа сайжирч, яс бэхжиж, арьс гэрэлтсэн сайхан болдог ажээ. Үүнээс гадна зүрхний өвчин, хорт хавдар, цус харвалт гэх зэрэг өвчнөөс урдьчилан сэргийлж, амьдралыг уртасгадаг гэж үздэг билээ.

За ингээд, өглөө сэрээд  л өлөн элгэндээ шүүс шахаж уудаг сайн заншил эхлүүллээ. Уусны дараа тэр тухайн үед шууд л эрч хүч нэмэгдэж байгааг мэдрэхээс гадна нүдэнд харагдаж буй зүйлс улам тод, өнгөтэй мэт харагдаж эхэлсэн нь гайхалтай санагдаж билээ. Өдрийн турш эрч хүчтэй хэвээр явж, харин үдээс хойш нойр хүрдэг нь багассаныг бас мэдэрч эхэлсэн. Хэсэг хугацааны дараа кофе уухаасаа бүр мөсөн татгалзахаар шийдээд ямар өөрчлөлт гарсныг нь ажиглатал ядарч, нойр хүрэх нь алга болж, огт кофе уух шаардлагагүй болсон байлаа. Харин ч урд өмнөхөө бодвол илүү эрч хүчтэй болсондоо маш их баярласан.

Жимсний шүүс нэлээд уудаг болсныхаа дараа би дараа нь жимс, ногоог шүүслэхдээ 80/20-ийн зарчим баримтлах нь тохиромжтой гэдгийг мэдэж авсан. Учир нь гэвэл, жимс, жимсгэнэд агуулагддаг чихэрийн хэмжээ ногоог бодвол хамаагүй өндөр байдаг. Жимсийг дангаар нь хэрэглэхэд эслэг нь чихэрийн боловсруулалтыг удаашруулж өгдөг бол, жимсний шүүсийг нь шахаад эслэггүйгээр хэрэглэхээр шүүсэнд агуулагдсан чихэр хичнээн байгалийн гаралтай ч гэлээ богино хугацаанд цусанд нэвтэрч, цусны инсулины хэмжээ огцом өсгөдөг ажээ. Тиймээс зохист хэмжээнээс илүү хэрэглэх нь эрүүл мэндэд сайнаар биш, муугаар нөлөөлдөг юм байна. Тэгэхээр шүүс шахаж уухдаа дор хаяж 80 хувь нь ногооноос байх ёстой, харин амт оруулах зорилгоор 20 хүртэл хувьд нь жимс оруулж болно.

Шинэ шүүс шахаж уух нь хүний эрүүл, зөв хооллолтыг маш сайн дэмжиж чаддаг. Та хэрвээ жимс, жимсгэнэ, хүнсний ногоог их хэмжээгээр хэрэглэж сураагүй бол цэвэр шүүс бэлдэн ууж заншаарай. Хүнсэндээ ургамлын гаралтай хэрэглээ түлхүү нэмэгдүүлж чадсанаар та мэндээ тэтгэж, бие сэргэг, сэтгэл тэнэгэр байх болно.

Б.Бадамханд

2015-12-15, 14:00