Мандарины детокс: Хамгийн шинэ жилийн уур амьсгалтай дэглэм
Хэрвээ бид бүхэл өдрийн турш зөвхөн мандарин идвэл бие организмд юу тохиолдох вэ? Энэ асуултад хоол тэжээлийн мэргэжилтэн, клиникийн сэтгэл зүйч, диетолог Анна Ивашкевич хариулж байна.
Өнөөдөр моно хоолны дэглэмийн төрлүүд маш олон болсон. Тэдгээрээс хамгийн түгээмэл нь алим, тараг мөн гурвалжин будааны дэглэм юм. Магадгүй бараг хоёр эмэгтэйн нэг нь амьдралдаа нэг удаа ч болов эдгээр дэглэмүүдийн аль нэгийг нь туршиж детокс хийж үзсэн байх. Гэхдээ моно дэглэм нь өргөст хэмхээс эхлээд гадил хүртэл ямар ч бүтээгдэхүүн дээр суурилсан байж болно гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Хамгийн гол нь тухайн бүтээгдэхүүн нь харшил өгөхгүй байх нь чухал. Мөн тухайн бүтээгдэхүүнийг бие организм хүлээн авахгүй байх магадлалтай бөгөөд энэ тохиолдолд дотор муухайрах, толгой өвдөх зэрэг шинж тэмдгүүдээр илэрч болно.
Сүүлийн үед цитрусын төрлийн дэглэм маш их эрэлттэй болоод байгаа. Өглөө шинэхэн шахсан жимсний шүүс ууж, жүрж, бэрсүүт жүржийг янз бүрийн хоолонд нэмэх (каша, салаат, үндсэн хоол, илчлэг багатай амттан) нь үзэмжтэй, эрүүл, ач тустай харагдаж болох ч энэ талаар илүү дэлгэрэнгүй судалсан нь дээр.
Мандарин: Эрүүл мэндэд ямар тустай вэ?
Жүрж, бэрсүүт жүржнээс (грейпфрут) илүүтэй янз бүрийн дэглэмд мандарин голцуу ашиглагддаг. Ялангуяа өвлийн улиралд. Тэгвэл энэхүү жимсийг яагаад жин хасах зорилгоор иддэг вэ гэж үү? Жимсэнд агуулагдаж буй илчлэгт бүх учир бий. Нийт 100 г бүтээгдэхүүнд 33 ккал агуулагддаг бөгөөд үүнээс 0,8 г уураг, 0,2 г өөх тос, 7,5 г нь нүүрс ус байдаг. Химийн найрлагаараа мандарин нь грейпфруттэй төстэй ч гашуун амт мэдрэгддэггүй давуу талтай.
Мандарин бол жинхэнэ амин дэмийн "бөмбөг" л гэсэн үг. Цитрусын төрлийн энэхүү жимс нь A, C, D, K, PP болон B (B1, B2, B6) аминдэмээр баялаг. Түүнчлэн мандаринд кали, фосфор, натри, төмөр, кальци, магни, эслэг, эрүүл мэндэд тустай чихэр агуулагддаг. Мөн мандарины хальсанд агуулагддаг эфирийн тос нь мэдрэлийн систем, сэтгэл санаанд сайнаар нөлөөлж, хоолны дэглэм эсвэл хүйтний улирлаас үүдэн сэтгэл хөдлөл тогтворгүй болох үед тэнцвэржүүлж өгдөг байна.
Мандарины детокс: Хориглох заалт
Мандарины детокс нь зөвхөн мэргэжилтний хяналтан дор, зөвлөгөө авсны дараа хийгдэх ёстой. Дархлаа дэмжиж, липидийг хэвийн болгож, олон төрлийн аминдэм агуулдгийг үл харгалзан мандаринд маш их хэмжээний хүчил агуулагддаг тул ходоод болон амны хөндийд таагүй мэдрэмж төрүүлж болзошгүй. Жишээ нь амны хоёр хажууд хагарал үүсэж магадгүй.
Цитрусын төрлийн дэглэмд өдөрт идэж болох хэмжээг заавал заасан байдаг. Мандарины дэглэмд дээд тал нь 1,5 кг жимс идэхийг заасан байдаг ч өдөрт 1кг идэхэд л харшил, загатнаа, тууралт үүсэх магадлалтай бөгөөд үр дүнд нь удаан хугацааны турш энэ жимсийг идэх боломжгүй болдог. Нэгэнт харшил өгсөн бол цаашид ходоодонд хүчил очсоноор бие организм тань ийм реакц үзүүлж болно.
Гастрит, ходоодны өвчлөлд өртөмтгий эсвэл нефрит, энтерит, псориаз, колит, холецистит зэрэг өвчтэй хүмүүст мандарины дэглэм барихыг зөвлөдөггүй. Учир нь бие организмын ерөнхий төлөв муудаж, салст бүрхэвч цочирч, хоол боловсруулах системийн өвчлөл сэдэрч магадгүй.
Мандарины детокс хэрхэн хийх вэ?
Хэрвээ та эрсдэлтэй бүлэгт хамрагддаггүй бөгөөд энэхүү дэглэмийг туршиж үзэхээр шийдсэн бол бие организмыг гэмтээдэггүй, тохиромжтой хувилбаруудыг сонгоорой. Гэхдээ үүнээс өмнө доорх дүрмүүдийг санах хэрэгтэй.
Мөн бусад хүнсний бүтээгдэхүүн оролцуулах боломжтой хөнгөвчилсөн мандарины дэглэм байдаг.
Дэглэм барих явцдаа өөрийн биеийн байдал, мэдрэмжээ маш анхааралтай ажиглаж, бага зэрэг л тухгүй мэдрэмж төрвөл идэж буй хүнсний бүтээгдэхүүнээ төрөлжүүлж эсвэл хэвийн хооллолтод шилжих хэрэгтэй. Ерөнхийдөө гурван хоногийн турш детокс хийхэд л бие хөнгөрч, арьсны өнгө сайжирч, бие организм дахь илүүдэл шингэн гадагшилж мөн сэтгэл санааны байдлаа мэдэгдэхүйц өөрчлөх боломжтой юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт