Lunch with Buro: Playtime фестивалийн үүсгэн байгуулагч Ц.Нацагдоржтой хийсэн ярилцлага

Урлаг соёл, нийгэм, загвар гээд салбар салбарт ажилладаг сонирхолтой хүмүүстэй өдрийн хоол идэнгээ хүссэн сэдвээрээ чөлөөтэй яриа өрнүүлдэг Lunch with Buro ярилцлагын булангаа үргэлжлүүлж, ээлжит зочноороо Playtime фестивалийн үүсгэн байгуулагч, продюсер, хөгжмийн хөтөлбөр хариуцсан захирал Ц.Нацагдорж буюу Нацагаа ахыг урилаа. Энэхүү ярилцлагаас та түүнийг амьдралдаа буддизмын зарчмыг яагаад баримтлах болсон, Playtime фестивалийг ирээдүйд ямар түвшинд хүргэх төлөвлөгөөтэй байгаа мөн артист George гэж хэн бэ гэх зэрэг олон сонирхолтой зүйлсийг уншиж дотоод ертөнцөөр нь аялах боломжтой.

Урьсан зочин маань уулзах газар болон цагаа өөрөө товлодог уламжлалын дагуу тэрээр өдрийн цайны цагаар амтат итали зоогоороо бидэнд хэдий танил болсон Veranda рестораныг сонгосон юм. Зуны аагим халуун өдрүүд эхэлсэн энэ үед Veranda рестораны террас дээр зочноо хүлээх зуураа Чойжин ламын сүм музей болон эргэн тойронд нь сүндэрлэсэн өндөр шилэн барилгуудын өвөрмөц хослолыг тольдон элдэв зүйлийг эргэцүүлж суутал ямар нэгэн лого, бичиггүй хар өнгийн футболка, саарал өнгийн жийнс, нарны шилтэй эгэл эрхэм инээмсэглэн орж ирлээ. Өмнө нь биечлэн уулзаж байгаагүй тул бага зэрэг сандран мэнд мэдээд ширээндээ тухлан суутал “Ах нь пастанд дуртай” гэж шуудхан хэлээд хоолны менюгээ анхааралтайгаар судаллаа. Ийнхүү бид шинээр цэсэд орсон паста, мөстэй хүйтэн уух зүйлс захиалж хоолоо хүлээх зуур байн байн утсанд нь ирэх дуудлагуудаас ажил ихтэй байгаа нь ажиглагдана. Амьд хөгжим сонирхогчдын хоног тоолон хүлээж байгаа Playtime фестиваль эхлэхэд хэдхэн өдөр үлдсэн байгаа тул арга ч үгүй биз.

Бидний яриа Playtime руу орох нь гарцаагүй ч үүнээс өмнө анх хөгжмийн ертөнц рүү “халтирсан” түүх нь аль эртнээс гайхширал төрүүлж байсан учраас сониуч зандаа хөтлөгдөн энэ тухай нь сонирхов. Энэ түүхийг сөхөөд үзэх юм бол тун сонирхолтой дүр зураг гарч ирнэ. Өнөөдөр Playtime фестивалиар овоглодог Ц.Нацагдорж нэгэн цагт Сангийн яаманд урилгаар ажиллаж, эрүүл мэндийн салбарт өөрийн хувь нэмрээ оруулсан гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй учраас эдийн засагч хүн яаж яваад хөгжмийн ертөнцтэй холбогдсоныг нь асуухгүй өнгөрвөл алдас болох байсан биз ээ. Их сургуулиа онц дүнтэй төгсөж дөнгөж 21 настай байхдаа Сангийн яаманд урилгаар орж улмаар Азийн хөгжлийн банкны төслийн зөвлөх, зохицуулагчаар ажиллаж байхдаа эрүүл мэндийн салбарт эдийн засагч хийж, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төслийг хамгийн анх бичиж байсан гээд түүний карьерын замнал тун чиг өвөрмөц. Харин урлаг соёлын салбарын хувьд анх 18 настай оюутан Hi-Fi Records цомгийн дэлгүүрийг нээснээр хөгжмийн ертөнцтэй эргэлт буцалтгүй холбогдсон түүний карьер эхэлжээ.

Бүгчим агаар төөнөж террасаас дотор заал руу шилжин суух талаар бодож байтал гэнэтхэн аадар бороо асгаран сэрүү татаж, ёстой л Cigarettes After Sex дууны аянд гүн гүнзгий бодолд автаж суумаар ер бусын уур амьсгал бүрдсэн нь бидний ярих дараагийн сэдвийг цаг агаар хүртэл таамагласан гэлтэй. Playtime 2023 фестиваль дээр инди рок, дрим поп урсгалаар тоглодог дэлхийн алдарт Cigarettes After Sex хамтлаг ирэх болсныг фестивалийн лайнап зарлагдсан цагаас л хүн бүр мэдэж, сэтгэл догдлон хүлээж байгаа билээ. Тэгвэл энэ жилийн фестиваль өөр юугаараа онцлог байхыг түүнээс лавлатал ковидын дараах үе хөгжмийн фестивалийн хувьд их хүнд жил байсныг тэрээр юун түрүүнд онцолсон юм. “Ковидын улмаас Playtime хоёр жил завсарлаад 20 жилийн ойгоо тэмдэглэсэн. Энэ үеэр хил гааль хаалттай, бүрэн эрх чөлөөтэй болоогүй байсан учраас зөвхөн гадаадын алдартай уран бүтээлчид урьж авчрахдаа ч биш ерөнхийдөө фестивалийг зохион байгуулахад шаардлагатай тоног төхөөрөмжийг бүрдүүлэх, продакшныг гүйцэлдүүлэх ажил дээр хүндрэлүүд үүсэж байсан. Энэ жилийн онцлог нь гэвэл илүү чөлөөтэй болсноор хамтлагуудын тоо нь өмнөх жилээс харьцангуй нэмэгдсэн. Энэ жил 21 гадаад хамтлаг, нийт 74 хүн ирж байгаа. Өөрөөр хэлбэл Playtime фестивалийн түүхэнд хамгийн олон гадаад уран бүтээлч оролцож буйгаараа онцлогтой. Cigarettes After Sex л хамгийн олонд танигдсан боловч ирж байгаа 21 гадаад хамтлаг дуучид дунд Хятадын домог шахуу болсон инди рок Carsick Cars, ОХУ-с хүч түрэн гарч ирж байгаа Shortparis, Солонгосоос электроник рок fusion урсгалын Idiotape гэх мэтчилэн дуу хөгжмийн чанарын хувьд асар олон гоё хамтлагууд бий бөгөөд хөтөлбөрийн хувьд маш сайн болсон гэж би хэлмээр байна” гэсэн юм. Мөн хүмүүс ихэвчлэн фестивалийг зөвхөн шоу цэнгээн талаас нь өнгөцхөн хүлээн авах хандлага ажиглагддаг хэмээн дургүйлхэн хэлээд цаана нь бодит байдал дээр соёл урлагаас гадна, нийслэл хотын эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж, хөгжмийн салбарын эко системийг хөгжүүлэхэд том үүрэг гүйцэтгэдэг болохыг тэрээр тодотголоо. Тухайлбал “3,000 хүнийг ажлын байраар хангаж, 500 гаруй уран бүтээлчдийг цалинжуулж тоглуулж байна. Үүнээс гадна дэлхийн олон орноос Playtime-г зорин ирэх хүмүүс олширсноор хөгжмийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах бүрэн боломжтой” гэв.

"2027 он гэхэд бид Азийн топ таван фестивалийн нэг болно гэсэн маш тодорхой зорилт тавьсан байгаа. Энэ зорилтдоо хүрэхийн тулд бид шаргуу хөдөлмөрлөж, маш их хичээх болно"

Playtime фестиваль бол Монголын хөгжмийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж тэр дундаа фестивалийн соёлыг хөгжүүлж дэлгэрүүлсэн гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Харин тэдний хэтийн зорилгын хувьд “2027 он гэхэд бид Азийн топ таван фестивалийн нэг болно гэсэн маш тодорхой зорилт тавьсан байгаа. Энэ зорилтдоо хүрэхийн тулд бид шаргуу хөдөлмөрлөж, маш их хичээх болно. Хэдийгээр Монгол хөгжиж байгаа улс боловч дуу хөгжимд хил хязгаар үгүй учраас Азидаа тэргүүлэх фестиваль болох бүрэн боломжтой. Азийн топ фестивалийн нэг болсон байхад Radiohead, Coldplay, Бейонсе гэх мэтчилэн дэлхийн A зэрэглэлийн артистуудыг авчрах боломжтой болно. Тэр үед Япон, Солонгос, Тайвань гээд Азид байгаа хүмүүс Монголыг зорьж ирж тэдгээр уран бүтээлчдийг үзнэ. Ингэснээр хөгжмийн аялал жуулчлалыг хөгжүүлж, эргээд Монгол улсынхаа эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах зорилготой байгаа. Аливаа хөгжмийн фестиваль сайн эсвэл муу болох нь тэрхүү фестивалийг хийж байгаа хүнээс, цаана нь ажиллаж байгаа багаас шууд шалтгаалдаг. Манай Playtime фестивалийн багт гайхалтай чадвартай маш мундаг залуус бий. Би тэднээр маш их бахархдаг. Би багтаа, өөртөө итгэж байгаа. Бид хөгжмөөрөө тулгуурлан энэ чин зорилгодоо хүрнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн Нацагаа ах итгэл дүүрэн хариуллаа.

Бид өдрийн хоолоо амтархан идэж дуусахад ярианы сэдэв алгуурхан хувь хүн рүү чиглэлээ. Улаанбаатар хотын хөгжим сонирхогч залуус түүнийг “Tamiraa’s Mix” нэртэй хөтөлбөрийг олон жилийн турш хүргэж байгааг маш сайн мэдэх учиртай. Мөн хэрвээ сүүлийн үед анзаарсан бол тэрээр “мэргэжлээ солин” DJ George гэх нэрээр өөрийн диско фанк, хаус урсгалын сетүүдээ толилуулж олон арга хэмжээний уур амьсгалыг тодорхойлж байгаа билээ. Энэ бүх олон талын сонирхлууд болоод “альтер эгонууд” нь ямар учиртай болохыг асуухад “Би хөгжимд үнэхээр хайртай. Ялангуяа гоё хөгжмийг хүмүүстэй хуваалцах дуртай. Тийм ч учраас би 20 гаруй жилийн өмнөөс Hi-Fi Альтернатив, Тамираагийн Микс зэрэг нэвтрүүлгүүдийг хийж ирсэн. Үргэлж шинэ, классик мөн Монголд төдийлөн танигдаагүй ч гайхалтай хамтлаг дуучдыг ухаж олж бусдад түгээх нь миний хүсэл тэмүүлэл. Миний хийх хамгийн дуртай зүйл нь хөгжим сонсох, хөгжмийг хүмүүст хүргэх буюу яг одоо хийж байгаа ажил маань. Би ер нь бол Playtime фестивалиар дамжуулж өөрийнхөө мөрөөдлийг биелүүлж байгаа” гэж хэлэхэд нүд нь гэрэлтэж, нүүрэнд нь инээмсэглэл тодорч аргагүй л хөгжмийн төлөө амьдардаг хүн болох нь тодоос тод харагдана. Өөртөө өгсөн нэрсийнх нь талаар лавшруулбал тухайн үед тэрээр Сангийн яаманд, дараа нь Азийн Хөгжлийн банканд зөвлөхөөр ажилладаг байсан учраас Нацагдорж гэдэг нэрээ ашиглахаар арай тохиромжгүй санагдаж байсан гэнэ. Тэглээ ч яагаад ч юм түүнд Тамираа гэдэг нэр их таалагддаг байсан болохоор Тамираагийн Микс гэдэг нэрийг нэвтрүүлэгтээ өгчээ. Харин DJ George-ийн хувьд түүнийг АНУ-д хоёр ч магистраа хамгаалж байх үед үүссэн нэр нь гэнэ. “Өөрийгөө Нацагдорж гэж танилцуулахаар гадаад хүмүүст дуудахад бага зэрэг хүндрэлтэй бас Дорж гэдэг нь Жоржтой төстэй сонсогддог учраас товчлоод Жорж болгосон. Ингэж олон улсад сурч байхдаа мөн дараа нь гадагшаа ажлаар явахдаа өөрийгөө Жорж гэж танилцуулдаг болсон түүхтэй. Тиймээс өөрийн DJ нэрээ сонгох болоход Жорж гэдэг нэрээ ашигласан. Би саяхнаас л буюу таван сарын өмнөөс л DJ хийж эхэлсэн. Дөнгөж л суралцаж байгаа учраас өөрийгөө DJ ч гэж хэлж болохгүй байх” хэмээн инээмсэглэн хэлэхэд миний урд нээлттэй, экстроверт характерын цаана даруу төлөв хувь хүн байгаа нь мэдрэгдсэн юм.

DJ George

Хэрвээ түүний Instagram хаягийг сайтар ухах ч биш зүгээр л зурвасхан харахад л маш их аялдаг болох нь мэдрэгдэнэ. “Би аяллаас амралтыг олж авдаг. Дэлхий өөрөө асар том, бидний мэдэхгүй зүйл ч их. Олон жилийн түүх, олон сая хүний бүтээсэн соёл уламжлал, босгосон хот, гайхалтай хоол, амьдралын хэв маяг гээд энэ бүхнийг танин мэдэж, ойлгож, амталж үзэхийг хүсдэг. Хүмүүсийн амьдрал чинь асар олон янз юм байна. Үүнд зөв, буруу гэсэн зүйл огт байхгүй. Амьдралыг олон талаас нь үзэж харахаар хүн өөрөө аливаа юмсыг хүлээж авах цар хүрээ нь ч тэлдэг. Тэр сониуч зан намайг хөтөлдөг. Цаашлаад өөрийнхөө үл тоомсорлосон байдлаа багасгаж өөрийгөө хөгжүүлэх зорилгоор аялдаг” гэж аяллаас юу хүсдэг, ямар зүйлсийг олж авдаг болохоо хуваалцсан юм. Тэрээр өнгөрсөн жилийн намраас Нью-Йоркоос эхлэн гурван сарын турш Итали, Куба, Перу гээд Европ, Латин Америкийн улсуудаар аялсан бөгөөд нийт гурван тив дамнасан энэхүү аяллаас сэтгэлд нь хамгийн ихээр хоногшин үлдсэн улс нь Итали гэнэ. “Би пастанд нугасгүй. Италид очоод 3-4 хотоор өөртөө зориулж ‘паста аялал’ хийсэн. Үүнээс гадна музей, гайхалтай архитектурыг нь үзэж үнэхээр биширсэн” гэлээ.

Үнэхээр ч Нацагдорж гэдэг хүн их сониуч зантай бөгөөд үргэлж шинэ зүйлсийг туршиж үзэх хүсэлтэй болох нь үндсэн ажлаасаа гадна хоёр ч уран сайхны кинонд (Last Kiss, Бэхэн Зүрх) дүр бүтээж, модель (Levi’s, Говь, Egger Beer) хүртэл хийж байснаас нь харагдана. “Ковидын хоёр жилд буюу хөл хорионы үеэр миний жин 100 кг хүрчихсэн байсан. Өөртөө дүгнэлт хийгээд хоолны дэглэмдээ анхаараад, тогтмол дасгал хийж биедээ их анхаарч эхэлснээр 20 кг орчим жин хаясан. Тэгээд л үндсэндээ кинонд тоглох болон модель хийх саналууд орж ирсэн дээ. Кинонд тоглох гайхалтай байсан. Би жүжигчин хүн биш ч гэсэн кинонд тоглох ямар байдаг бол, мэдрэмжийг нь авч үзье бодон санал тавихад нь дуртай зөвшөөрсөн. Киноны зураг авалтын үйл явц маш их таалагдсан. Ер нь нэлээд хүнд, чадвар сорьсон ажил боловч процесс нь их сонирхолтой. Хоёр дах киноны хувьд илүү олон хэсэгтэй дүр байсан ч энэ удаад арай туршлагажсан, ойлголттой болчихсон байсан. Би киног яаж бүтээдэг, зураг авалт хэрхэн явагддаг талаар ойлгож авсан. Үүнийг ойлгож байж тэр киноны цаана ямар их хөдөлмөр байдгийг мэдсэн юм. Хүмүүс аливаа зүйлийн цаана яг юу болж байгааг мэдэлгүй өнгөцхөн дүгнэх гээд байдаг. Би үүнийг буруу гэж боддог. Тэгэхээр үнэн гэж юу юм, бодит байдал гэж юу юм гэдгийг хүн өөрөө заавал амсаж үзэж, нүдээрээ харж, мэдэрч байж ойлгодог. Надад энийг ойлгуулж өгсөнд тэр хоёр киноны найруулагч, продюсеруудад их талархдаг” гэж кинонд тоглосон туршлагаасаа хуваалцсан юм.

Пандемикийн үе биднийг олон зүйлийг эхнээс нь эргэцүүлэн тунгаахад хүргэж, амьдралын чухал зүйлсийг ухааруулсан он жилүүд байв. Удаан амьдралд суралцаж, эгогоо хаяж, амбиц хийгээд ажил төрлөө эрэмбэлж, дотоод сэтгэл рүүгээ өнгийн, бодол санаагаа цэгцлэх цаг хугацааг бидэнд олгосон гэж тодорхойлоход хилсдэхгүй болов уу. “Аз жаргал гэж миний хувьд амгалан тайван, эрх чөлөөтэй байдал. Гэхдээ үүнд хүрэхийн тулд хүн өөрийн бодол, хариу үйлдлээ удирдаж чаддаг байх хэрэгтэй. Тэгэхийн тулд бясалгал хийдэг, ном их уншдаг, өөрийгөө илүү анзаардаг болж хөгжих ёстой юм байна лээ. Өөрийн дутагдалтай талуудаа засаж, илүү сайн хүн болж өсөж хөгжих нь миний чин хүсэл” гэх түүний ярианаас хүн насан туршдаа өөрийгөө таньж мэдсээр, алдаанууд дээрээ суралцсаар байдгийг өөртөө тэмдэглэн үлдээлээ.

"Илүү сайн хүн болох, хүмүүст муу юм хийхгүй байх, бусдад туслахыг хичээж өөрөө өөртэйгөө ажиллаж байна"

Сошиал медиа хөгжсөнөөр үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээллүүд цацагдаж, алдаа гаргасан хэн нэгнийг цахим ертөнцөд нийтээрээ залхаан цээрлүүлдэг гэмээр хандлага тогтсоныг хэн хүнгүй анзаарсан л байх. Энэхүү цахим дарамт гэх хортой үзэгдлийн талаар “Хүн бүр төгс биш. Гэхдээ өөрийн алдаа дутагдлаа мэдэж, дүгнэлт хийж, сайжрах ёстой. Би байнга өсөж дэвжиж, өчигдрөөсөө илүү сайжрахыг хүсдэг. Намайг сошиал медиагаар янз бүрээр бичиж, шүүмжилж, дайрч давшилдаг. Нөгөөтээгүүр фестивалийг харлуулах гэсэн, довтолж байгаа байдал ч ажиглагдаж байна” гэж ярихад нь түүний баруун бугуйндаа зүүсэн эрх нүдэнд тусаж ямар учиртай болохыг нь сонирхлоо. “Ах нь буддизмын зарчмуудыг амьдралдаа хэрэгжүүлэхийг хүсдэг. Буддизм нь шашин гэхээсээ илүү амьдралын хэв маяг, зарчим гэж ойлгож, үзэл баримтлалаас нь суралцаж байгаа. Илүү сайн хүн болох, хүмүүст муу юм хийхгүй байх, бусдад туслахыг хичээж өөрөө өөртэйгөө ажиллаж байна” хэмээн өөрийнхөө нэртэй ижил Нацагдорж гэх очиртой, гүн гүнзгий утга агуулсан эрхээ надад тайлбарлаж өгөхөд түүнээс бараг Зен энерги ялгарч байлаа.

Тэрээр цааш үргэлжлүүлэн “Өнгөрсөн жил Шилтгээний тайзан дээр гарч уурласан шалтгаан нь Playtime-н 20 жилийн ой гээд маш олон хүн ирсэн, дээрээс нь олон спонсоруудын тайз, асар босгосон, хаа сайгүй хөгжим дуугарсан нүсэр юм болж байсан. 20 жилийн ой болж байсан учраас ах нь хэт нүсэр юм хийчихсэн. Ерөнхийдөө тэнцвэр нь алдагдчихсан, хөгжим гэдэг чухал зүйлээ жаахан гээчихсэн нь надад өөрт таалагдаагүй бөгөөд хөгжмийнхөө фокусыг алдчихсан байсанд би өөрөө өөртөө уурласан гэх үү дээ. Үүнийг дүгнээд 20 жилийн ойгоо тэмдэглэхдээ хийсэн алдаануудаа засаад энэ жил эргээд хөгжим гэдэг цэвэр ариун зүйл дээрээ илүү төвлөрч, талбайн зохион байгуулалтаа ч арай цомхон, тав тухтай бүр ч гоё чанартайгаар хийж байгаа. Playtime хэзээ ч ашиг олох, мөнгө хийхийг нэгт тавьж байгаагүй. Хөгжим үргэлж нэгдүгээрт байж, суурь зорилго нь болж явдаг, үүнийгээ дагаж бусад зүйлс зохион байгуулагддаг. Олон шинэ залуу авьяаслаг хамтлагуудыг хүмүүст таниулах, дээрээс нь шууд очоод үзэх боломжгүй дэлхийн гоё хамтлагуудыг Монголд авчирч залуустаа үзүүлэх гэсэн үндсэн зорилго дээрээ анхаараад явна” гэснээр Playtime фестиваль үүсгэн байгуулагдсан цагаасаа л баримталж ирсэн хөгжим гэдэг чин зорилгоосоо хазайгаагүй болохыг баталсан юм.

Ярилцлагын төгсгөлд тэрээр Боловсролын зээлийн сангийн шуугиан түүнийг ч бас тойрч өнгөрөөгүй бөгөөд олон хүн “Өрөө төл” гэж олон нийтийн сүлжээгээр дайрч байсныг онцлон хэлсэн юм. Тэрээр анх 1999, 2004 онуудад эдийн засаг болон нийгмийн бодлого тэр дотроо нарийсаад эрүүл мэндийн тогтолцооны удирдлагын чиглэлээр тус тус хоёр магистр хамгаалжээ. Тухайн үед дүрэм журмынх нь дагуу Боловсролын зээлийн санд хамрагдаж, төгсөж ирээд таван жил улсад ажиллаж зээлээ тэглэх нөхцөлөөр гэрээ хийсэн аж. “Их сургуулиа төгсөж ирээд эрүүл мэндийн салбарт 14 жил ажиллаж, гэрээнийхээ бүх үүргийг биелүүлээд зээлээ тэглэсэн. Би ямарваа нэгэн өртэй, улс орныг хохироосон зүйл надад байхгүй. Хоёр дах магистраа АНУ-ын Массачусетс дахь Брендайсын их сургуульд нийгмийн бодлогын чиглэлээр нэлээд дээгүүр бичигддэг их сайн сургуульд хамгаалсан. Энэ сургуулийн төлбөр нь их өндөр. Тиймээс тухайн үед сургалтын төлбөрийнхөө 30%-г сургуулиасаа тэтгэлгээр, БЗС-с 30%-г авч мөн өөрөө хувиасаа 30%-г төлж суралцсан” гэж албан ёсны тайлбар хийж, уншигчдадаа уламжилж өгөхийг надаас хүссэн юм.

Ийнхүү бидний яриа бараг хоёр цаг орчим үргэлжилж энэ хугацаанд ажил, амьдрал, аялал гээд сэдэв сэдвийг хамран олон зүйлийг ний нуугүй дэлгэсэн, цаад утга учрыг нь тайлбарласан, ирээдүйд ихийг хийж бүтээхээр шулуудсан, гэгээлгээр төсөөлсөн аястай өрнөж, төд удалгүй Playtime дээр уулзахаар тохиролцон өндөрлөлөө.

Г.Тэмүүлэн

2023-06-28, 10:33

  • Зураг: Cozie