Болзоо болон үерхлийн харилцаан дахь улаан, ногоон, шар туг гэж юу вэ?

Та харилцаагаа бодитоор үнэлж чаддаг уу?

Орчин цагийн үерхэлд хосынхоо гаргаж буй үйлдэл, хэлж буй үгийг “red flag”, “green flag”, “beige flag” буюу улаан, ногоон, шар туг хэмээн зүслэн тодорхойлох болсон. Улаан тугт хамаарч буй үйлдлүүд харилцаагаа дуусгавал өлзийтэйг анхааруулах бол ногоон туг нь эрүүл үерхлийн үзүүлэлт болдог. Харин харилцаанд цэг тавихуйц хурцаар хөндөгддөггүй хэр нь давуу тал ч гэхэд хэцүү саармаг нөхцөл байдлыг шар туг гэж ойлгож болно. Жишээ нь, жигнэмгийг сүүнд биш, усанд дүрж идэх зуршил, эхлүүлсэн кино болгоныхоо дундуур нойрмоглоод унтчихдаг үйлдэл, аль эсвэл танилцсан хүн бүрээсээ ямар ордонд төрснийг нь асуудаг зуршил гээд хосынхоо шар гэрлийг янз бүрээр тодорхойлох боломжтой. Эдгээр өнгийг, тэр дундаа улаан гэрлийг үерхлийнхээ аль болох эхэн үед олж илрүүлэх нь чухал гэдэгтэй залуучууд санал нэгдэж байгаа юм. Иймд бидний зүгээс хос болон болзоот хүндээ дүн шинжилгээ хийх чадварыг тань сорьсон багахан санал асуулгыг тайлбарын хамт бэлтгэлээ. Доор дурдагдсан зургаан өөр төрлийн хийсвэр нөхцөл байдлыг "улаан", "ногоон", аль эсвэл "шар" гэрлийн аль нэгээр тодорхойлон саналаа өгөөрэй. Үүний дараа та асуулт бүрийн доор байрлах тайлбартай танилцан өөрийн хариулттайгаа харьцуулаад нэг үзээрэй. 


1. Хос тань орой бүр хоолныхоо дараа амттан иддэг зуршилтай. Харин танд тийм зуршил байхгүй. Энэ бол…

Улаан туг. Учир нь цаг хугацааны эрхэнд энэхүү үйлдэл нь намайг залхааж, хоол бэлтгэх, эсвэл захиалах үйл явцыг улам хүндрүүлнэ.

Ногоон туг. Өөрөөсөө өөр зуршилтай хүнтэй үерхэх нь бидний харилцаанд эерэг нөлөө үзүүлнэ.

Шар туг. Энэхүү зуршил нь бидний харилцааны чухал хэсэгт нөлөө үзүүлэхгүй.

Хариулт: Шар туг.

Тус нөхцөл байдлыг улаан, эсвэл ногоон гэж сайн муу хил хязгаарт хамаатуулахаас илүүтэйгээр шар туг гэж хүлээж авах нь зүйтэй. Дээр дурдсан жишээ нь бодит байдал дээр хосын харилцааг шийдэхүйц чухал ач холбогдолтой биш юм. Хэрэв хос тань танаас өөр онцгой зуршилтай бол түүнийг нь анзаарч харахад л хангалттай. Өдрийн бодол, шөнийн зүүд болгож өөрийгөө цухалдуулах шаардлагагүйг Match.com болзооны платформын ахлах мэргэжилтэн Рэйчел Деалто хэлжээ. Эс бөгөөс энгийн нэг шар туг улаан болон өнгөө хувиргахыг үгүйсгэхгүй юм.


2. Та болзооны аппликейшн дээр хүмүүсийн нүүр хуудастай танилцаж байлаа. Тэгтэл нэг хүнийх дээр “Хэрэв чи /ингэдэг бол/ надтай холбогдох гэж оролдоод ч хэрэггүй”, “Би /ийм зүйлд/ дуртай хүнтэй болзож байгаагаа төсөөлж ч чадахгүй байна” гэхчлэн тайлбар бичсэн байвал танд ямар сэтгэгдэл төрөх вэ?

Улаан туг. Учир нь тухайн хүн юунд дуртай гэдгээсээ илүү дургүйдээ анхаарал хандуулж байна.

Ногоон туг. Тухайн хүн ажигч, гярхай гэсэн үг. Энэ бол сайн чанар.

Шар туг. Энэ бол ердөө түүний хошин мэдрэмжийн илэрхийлэл. Сайн, эсвэл муу гэсэн үг биш.

Хариулт: Улаан туг.

Рэйчел Деалтогийн хэлж буйгаар болзоот хүнд тань байж болох улаан гэрлийн нэг бол сөрөг хандлага гэдгийг сануулсан юм. Тэр дундаа болзооны аппликейшн дээр эрэл хайгуул хийж байхад дургүй зүйлсээ зурайтал жагсааж бичсэн хүнээс илүү сонирхлуудаа дурдсан нэгэнтэй урт хугацааны харилцаа үүсгэх нь хялбар. Учир нь эерэг хандлагатай хүмүүс аливаа үзэл бодол, нөхцөл байдалд илүү нээлттэй хандах нь бий. Ингэхдээ дээр дурдсан жишээг аливаа хүний амьдралдаа мөрддөг зарчим, хил хязгаараас салгаж ойлгох хэрэгтэй. 


3. Таны анхны болзоо маш амжилттай өрнөж байв. Ингэхдээ та нөгөө хүндээ зөвхөн гурав болон түүнээс дээш удаа уулзсаныхаа дараа гэртээ болздог талаараа ч хэлээд амжлаа. Ийнхүү хоёр дахь болзоогоо товлох болоход та аль нэг ресторан, эсвэл цэцэрлэгт хүрээлэнд уулзах санал дэвшүүлнэ. Харин болзоот хүн тань эсэргүүцээгүй ч гэрт тань уулзахыг эргэн санал болгоно. Энэ бол:

Улаан туг. Тухайн хүн таны ярианд анхаарал хандуулаагүй, хандуулсан ч хил хязгаарыг тань үл ойшоож байна.

Ногоон туг. Та болзоот хүндээ маш их таалагдаж байгаагийн илрэл.

Шар туг. Илүү хөгжилтэй байж болох сонголтыг санал болгож байна. Үүссэн нөхцөл байдал нь миний хил хязгаарыг хүндэтгэж байгаа үгүйг илтгэж чадахгүй.

Хариулт: Улаан туг.

Гэрлэлтийн зөвлөх, сэтгэл засалч Жессика Смоллын хэлж буйгаар хил хязгаараа тодорхой илэрхийлсэн ч үл тоомсорлож байгаа бол энэ нь муугийн дохио юм. Эрүүл хосын харилцаанд хамтрагчийнхаа тогтоосон хил хязгаарыг мэдэж авах, хүндлэх, ойлгоогүй тохиолдолд тодруулж асуух болон ямар нэг байдлаар зөрчихийг хүчлэхгүй байх нь чухал үзүүлэлтэд тооцогддог билээ.


4. Та болзооныхоо үеэр нөгөө хүнийхээ өнгөрсөн харилцааны талаар асуулаа гэж бодъё. Хэрэв асуултад тань “Сайхан болоод өнгөрсөн. Гэхдээ бидний урт хугацааны зорилго өөр байсан тул хоёр тийш болсон” гэж хариулаад сэдвээ өөрчлөх юм бол энэ тохиолдлыг та юу гэж дүгнэх вэ?

Улаан туг. Сэдвээ өөрчилж байна гэдэг нь ямар нэг зүйл нууж байгаагийн илрэл.

Ногоон туг. Бүх болзооныхоо туршид өнгөрсөн харилцааныхаа талаар ярих бус тавьсан асуултад минь зохих хэмжээнд хариулаад өнгөрсөн нь хангалттай.

Шар туг. Ердөө тавьсан асуултад хариулж буй хэрэг. Энэ хариулт тухайн хүнийг тодорхойлох ямар ч ач холбогдолгүй. 

Хариулт. Ногоон туг.

Болзооны эхэн үед гол ярианы сэдэв хоёр биеэ олж мэдэхэд зориулагдах ёстой. Эксүүдийн талаарх сэдэв хөндөгдөж болох ч бүх цагаа өнгөрсөн амьдралаа ярихад зарцуулна гэдэг сайны дохио лав биш. Тиймээс асуусан асуултыг тань үл тоолгүй зохистой хэмжээнд нь хариулаад хоёр биеэ мэдэхэд илүү их анхаарч байвал үүнийг ногоон туг гэж ойлгоорой.


5. Болзооныхоо төгсгөлд дараагийн уулзалтаа удахгүй төлөвлөхөөр тохиролцоод саллаа гэж бодъё. Таныг гэр лүүгээ харьж байх замд болзоот хүн тань нэгэн шинээр нээгдсэн ресторанд хоёр дахь удаагаа уулзах санал ирүүллээ. Энэ нь таны бодлоор:

Улаан туг. Дараагийн болзоогоо маш хурдан төлөвлөж байгаа нь хэт улайрч байгаагийн илрэл.

Ногоон туг. Энэ нь тухайн хүний хэлсэндээ хүрдэг, харилцаа холбоогоо ойлгомжтой байлгадгийн илрэл.

Шар туг. Тухайн хүн ердөө төлөвлөгөө гаргах дуртай.

Хариулт: Ногоон туг.

Элдэв тойруу замаар ар араасаа хөөцөлдөж явсаар хос хоёрыг холбодог мэдрэмжүүд дүрэлзэж амжилгүй унтрах нь бий. Үүний оронд хэлснээ биелүүлээд, таалагдсанаа илэрхийлээд, үг үйлдлээрээ ойлголцоод явсан нь эрүүл харилцааны эхлэл болж чадна. Ингэхдээ болзоот хүнийхээ гаргаж буй хандлагыг “love bombing” буюу хэн нэгнийг урхиндаа оруулж, өөрөөс нь хамааралтай болгох, хяналтыг гартаа авах зорилгоор ашигладаг манипуляцын тактикаас салгаж ойлгох хэрэгтэй. Энэхүү хайраар бөмбөгдөх тактикийн сөрөг талыг энд дарж уншаарай.


6. Болзоо ид дундаа маш сайхан өрнөж байлаа. Тэр танд хөгжилтэй, бас сэтгэл татам санагдана. Ярианы сэдэв талуудын сонирхлын тухай өрнөхөд болзоот хүн тань гэртээ байхыг илүүд үздэг, аялал зугаалгад мөнгө зарцуулах дургүй гэдгээ хэллээ. Харин та тогтмол аялдаг амьдралын хэв маягтай. Энэ тохиолдлыг юу гэж дүгнэх вэ?

Улаан туг. Бидний амьдралын хэв маяг тохирохгүй байх магадлалтай.

Ногоон туг. Хасах хасахын нэмэх. Урт хугацаандаа бие биеийнхнээ амьдралын хэв маягаас суралцах боломжтой.

Шар туг: Аялах бол ердөө хобби. Үүнд өндөр ач холбогдол өгөх шаардлагагүй.

Хариулт: Улаан туг.

Тухайлбал, хосуудын нэг нь гурван сар тутамд аялалд гардаг тогтсон зуршилтай бол хосын харилцаанд үүнийгээ хойш тавих нь юу л бол. Хэчнээн дийлэнх хүмүүс “хасах хасхын нэмэх” гэж хэлдэг ч ижил төстэй талууд бат бөх харилцааны тулга багана болох нь их. Хосын харилцааны мэргэжилтэн Рэйчел Деалтогийн хэлснээр эрүүл, аз жаргалтай, урт хугацааны харилцаанд амьдралын хэв маяг, мөнгө санхүү, гэр бүлийн талаарх нэгдмэл үзэл бодол чухал гэдгийг хэлсэн юм. Тэгэхээр эдгээр гурван үзүүлэлт хоорондоо нийцсэн тохиолдолд хосуудын нэг нь маш экстраверт, нөгөө нь интроверт байсан ч харилцаа эрүүл бөгөөд удаан үргэлжлэх өндөр боломжтой билээ. 

Buro.Mongolia

2024-07-21, 12:00