Хэрэв та сэтгэл зүйн хувьд хүнд байсан ч хортой харилцаандаа эргэн ордог, эксүүдтэйгээ холбоогоо тасалж чаддаггүй, эрүүл харилцаанаас амархан уйдчихдаг, сөрөг энергитэй хүмүүст татагддаг бол сэтгэл хөдлөлийн мазохист байх өндөр магадлалтай.
1987 онд мазохизмыг Сэтгэцийн эмгэгийн оношилгоо, статистикийн гарын авлагын гурав дах шинэчилсэн хэвлэлд оруулж, сэтгэцийн эмгэгийн нэг төрөл болгох асуудлыг хэлэлцэж байсан ч албан ёсоор уг гарын авлагад бичигдээгүй бөгөөд одоогоор [dubious – discuss] буюу [эргэлзээтэй - хэлэлцэх шаардлагатай] гэсэн тэмдэглэгээтэй байгаа юм.
Сэтгэл хөдлөлийн мазохистуудыг хүнд, хэцүү сорилоор дүүрэн харилцааг эрэлхийлдэг (гэр бүлтэй хүнтэй үерхэх), ярвигтай зан авиртай хүнд татагддаг болон сайн дураараа даарин дээр давс нэмж, нөхцөл байдлыг хүндрүүлдэг гэж гурван үндсэн төрөлд хуваадаг байна. “Бидний төсөөлснөөс ч их хүн сэтгэл хөдлөлийн мазохист шинж чанартай байдаг. Магадгүй та ч гэсэн уг бүлэгт хамаардаг ч, хараахан анзаараагүй байж болох юм. Мөн энэхүү зан авир нь эмэгтэйчүүдийн дунд илүү түгээмэл тохиолддог” хэмээн хосын харилцааны сэтгэл засалч, “Stop Arguing, Start Talking” номын зохиолч Сьюзен Киллим хэлжээ. Түүнчлэн өөрийнхөө тэрхүү зан чанартай эртнээс танилцаж, сэтгэл зүйчид хандан аз жаргалтай харилцааг бий болгохыг зөвлөжээ. Мөн “Хэрэв таны амьдралд хоёроос илүү удаа хортой, хүндрэлтэй харилцаа тохиосон бол энэ нь зүгээр ч нэг гэнэтийн явдал биш бөгөөд өөрийгөө шинэ өнцгөөс нээж, тусламж хэрэгтэйг сануулж буй дохио юм” хэмээн сануулсан байна.
Хичнээн хосын харилцаанд маш олон “улаан гэрэл” асаж, цааш үргэлжлэх ирээдүйгүй гэдгийг сануулж байсан ч сэтгэл зүйгээ золиослон байж харилцаагаа үргэлжлүүлж буй нь сэтгэл хөдлөлийн мазохистыг тодорхойлох нэг шинж юм. Энэ нь бага насны бараан дурсамж эсвэл үүнээс илүүг хүртэх эрхгүй гэсэн хувь хүний өөрийгөө дутуу үнэлэх үнэлэмжээс шалтгаалдаг байна.
Ийм хүмүүст амьдрал нь нэгэн хэвийн, тогтвортой өрнөх нь хэтэрхий уйтгартай санагдаж, эмх замбараагүй байдлаас ангид байх нь тухгүй байдаг. Тиймээс тэд санаатайгаар биш ч, далд ухамсартаа ямар нэг асуудал, бэрхшээлийн эрэлд гардаг байна.
Хэрэв таныг сөрөг хандлагатай найз, нөхөд, болзоот хүн эсвэл гэр бүлийн гишүүд хүрээлдэг бол та сэтгэл хөдлөлийн мазохист байх магадлалтай. Энэ нь хорвоо, дэлхий танд муу, муухай болгоныг илгээсэндээ биш, харин таны хийж буй сонголтоос үүдэн тохиолддог юм. Ямар эцэг, эхээр хүрээлүүлэхээ хүн өөрөө сонгодоггүй ч, найз, нөхөд, дурлалт хүний эзлэх орон зай зөвхөн танаас шалтгаалдгийг санаарай.
Сэтгэл хөдлөлийн мазохистуудад амар тайван, эрүүл хосын харилцаа танил биш санагдаж огцом уналт, өсөлттэй амьдралаа өгүүлж эхэлдэг бөгөөд тухайн амар тайван нөхцөл байдлаас хурдхан гарахыг эрмэлздэг байна.
Энэ төрлийн хүмүүс асуудлыг шийдэх гэж биш хосынхоо жинхэнэ төрхийг илрүүлж, өөрт нь хэр их хайртайг мэдэхийн тулд хэрүүл, маргаан үүсгэдэг. Тэдний хувьд дуулиан, шуугиантай скандал, гүн сэтгэл үлдээсэн эвлэрэл болон олон маргааны дараах секс нь хостойгоо улам дотносох хэрэгсэл юм.
Сэтгэл хөдлөлийн мазохистууд өөрсдийг нь дэмждэггүй, үргэлж доош татдаг хүмүүст хүлээн зөвшөөрөгдөхийг хичээдэг. Ийнхүү хүмүүсийн үзэл бодлоос хамааралтай байж, өөрсдийгөө өвтгөдөг байна.
Эдгээр хүмүүс хүн бүрт таалагдах хүсэлдээ автан, хүссэн болгоныг нь зөвшөөрөх хандлагатай байдаг. Өөрөөр хэлбэл, тэд харилцаан дээрээ хил хязгаар тогтоодоггүй.
Тэд далд ухамсартаа аз жаргалтай ирээдүйг бүтээхийг зорьдоггүй бөгөөд дийлэнхдээ өөрийнхөө сэтгэл зүй, аз жаргалыг золиосолсон сонголтыг хийдэг.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт