Кофенд дурладаг, эко хэрэглээг эрхэмлэдэг хүмүүсийн очих газар: Coffee Fellows

Улаанбаатар хотод нээгдээд удаагүй байгаа байгальд ээлтэй кофены сүлжээ

Өнөөдөр Улаанбаатар хотын залуус гялгар уутаа даавуун тороор сольж, нэг удаагийн соруулыг цаасан эсвэл металлик гуурсаар орлож, алхам тутамдаа биднийг хүрээлэх хуванцраас татгалзан аль болох байгаль орчинд ээлтэй, ухамсартай хэрэглээнд шилжих болсон. Үүгээр ч зогсохгүй тэд дахин боловсруулах боломжтой, биологийн задралд бүрэн ордог эко материал ашигласан бүтээгдэхүүн сонгон, хог хаягдлаа ангилж эсвэл өөрсдөө хөрсөнд шингээн цэвэрлэхийг илүүд үздэг болжээ.

Хэрэв бид дээр дурдсан хэрэглээнүүдийг байгальд ээлтэй хувилбараар амархан сольчхож байгаа бол хүмүүсийг өдрийн турш эрч хүчээр цэнэглэдэг кофены хувьд бүх зүйл тийм ч амар биш. Орчин үеийн завгүй амьдралын хэв маяг биднээс бүхнийг хурдан хийж, цаг нартай уралдан ажил, үүргүүдээ амжуулахыг шаардаж байна. Өглөө ажил руугаа явах замдаа эсвэл өөр хаа нэгтээ ажил амжуулах зуураа нэг удаагийн аяганд кофегоо "авч явахаар" худалдан авдаг нь цаг зав хэмнэдэг ч, тэрхүү аяга нь хэдхэн минутын дараа хог дээр гарч, байгаль орчинд асар их хохирол учруулдаг. Мэдээж олон дахин хэрэглэх боломжтой хувийн аягаа ашиглах нь төгс сонголт болох ч заримдаа бид аягаа авч гарахаа мартах тохиолдол гардаг. Үүнтэй холбогдуулан Германы алдарт Coffee Fellows сүлжээ кофе шоп амт, чанартай кофегоор үйлчлэхийн зэрэгцээ байгальд хор нөлөө үзүүлдэггүй хуванцаргүй аягыг нэвтрүүлсэн нь бидэнд маш их таалагдсан тул тус брэндийг онцлохоор шийдлээ.

Coffee Fellows сүлжээ нь Германы хамгийн алдартай бас хамгийн олон салбартай кофе шоп юм. Анх 1990-ээд онд Катрин Тевес Германд кофе шоп маш цөөхөн байдгийг олж анзаарч, кофены соёлыг түгээхээр шийдэн 1999 он гэхэд өөрийн нөхөр Олимпийн алтан медальт тамирчин Штефан Тевесийн хамтаар Мюнхен хотод Coffee Fellows-ын анхны салбарыг нээсэн түүхтэй. Улмаар өнөөдөр тус сүлжээ нь Европ даяар 200 гаруй салбартай болтлоо өргөжсөн бол өнгөрсөн сард Монголын кофе шопын зах зээлд нэвтрэн, анхны салбараа нээсэн билээ.

Баялаг амттай, чанартай кофе

Coffee Fellows нь Танзани улсаас кофены үрээ оруулж ирэн Германд гар аргаар, тусгай технологиор боловсруулдаг юм. Тус брэндийн кофе нь самар, шоколад, модны амт үл ялиг мэдрэгдсэн ер бусын баялаг амт, үнэртэй байдгаараа онцлог. Мөн өндөр чанартай кофены үрээс гадна, хагас автомат тусгай машин ашиглан нэрдэг учраас кофены амт, чанарыг алдагдуулахгүй хадгалдаг байна. Coffee Fellows нь эспрессо, американо, маккиато, латте, капуччино гээд бүх төрлийн кофегоор үйлчлэхийн зэрэгцээ авокадо, яргай загас, шинэ ногоотой цагирган хэлбэртэй бэйгл, хачиртай талх, болон бусад олон янзын амттанууд санал болгодог байгаа.

Хөрсөнд бүрэн шингэдэг байгальд ээлтэй аяга, таг, соруул

Жил бүр дэлхий даяар 600 тэрбум нэг удаагийн цаасан аяга ашиглагддаг гэсэн тоо баримт бий. Өөрөөр хэлбэл энэ нь байгаль орчин, далай тэнгисийг бохирдуулах маш их хэмжээний хог хаягдал болон хувирна гэсэн үг юм. Coffee Fellows кофе шоп нь үүнийг шийдвэрлэхээр хөрсөнд задарч, шингэдэг нэг удаагийн кофены аяга, таг, соруулыг бүтээжээ. Бүр тодруулбал хуванцаргүй, хөрсөнд амархан, задарч шингэдэг эко кофены аяга, таг, соруулыг гэрийн нөхцөлд компост (бордоо) хийхэд 26 долоо хоногийн дараа гэхэд хөрсөнд бүрэн шингэж алга болдог байна. Мөн тэд зөвхөн аягаар хязгаарлахгүй 100% дахин боловсруулсан цаасаар хийсэн нэг удаагийн амны алчуур, модон халбага, сэрээ, хутгуур зэргийг нэвтрүүлжээ. Тиймээс та одоо орчин тойрноо бохирдуулна гэж гэмшихгүйгээр аяга кофегоо таашаах боломжтой!

Яг л гэртээ байгаа мэт тав тухтай орчин

Үйлчлүүлэгчдэд яг л гэртээ байгаа мэт тухтай мэдрэмж төрүүлэх концепцтой кофе шоп нээх нь Катрин Тевесийн хувьд маш чухал байсан. Тиймээс л тэрээр Coffee Fellows-ийг "Гэртээ байгаа мэт тав тухыг мэдэр" гэсэн уриатайгаар нээж, өнөөдрийг хүртэл энэхүү концепцын дагуу үйл ажиллагаагаа явуулж байна. Катрин орчин үеийн дизайнтай атлаа тав тухтай уур амьсгал бүрдсэн кофе шоп нээхийн тулд орон зайнаас эхлээд интерьер дизайн, тавилга хүртэлх бүх зүйлсийг нарийн тооцоолж, дизайнеруудтай хамтран ажилласаар ирсэн юм. Монгол дахь Coffee Fellows-ын салбаруудыг ч мөн адил цэвэр арьсан буйдан, цэвэр модон тавилгаар тохижуулж, орчин үеийн интерьер дизайн бүрдүүлсэн тул та энд кофегоо таашааж суух зуураа яг л "хоёр дах гэртээ" байгаа мэт мэдрэмж авах болно.

Coffee Fellows Mongolia
Хаяг: Шангри-Ла Молл, 1 давхар; Циркийн баруун хойд талд 65-р байр
Утас: 85000320
Та Facebook хаягаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

Buro.Mongolia

2019-12-09, 10:00