Дөрөвдүгээр сарын зурхай: Ажил төрөл, карьертаа дэвшил гаргах үе тохиож байна

Монголын Астрологийн Холбооны үүсгэн байгуулагч, хорарэй астрологич, өрнийн зурхайч Б.Мягмарсүрэнгийн BURO.-гийн уншигчдад зориулан бэлтгэсэн 2024 оны дөрөвдүгээр сарын дэлгэрэнгүй зурхайг хүргэж байна.


Хонь

Дөрөвдүгээр сарын 8-ны өдөр хонины ордод болох нар хиртэлтийн нөлөө ажил үйлсэд тань маш том эерэг өөрчлөлт авчрах болно. Ойрын үед эрч хүч сул, бага зэрэг ядарсан байгаа бол энэ үеэр та гадаад үзэмж, ажил төрөл, нийгэмд эзлэх байр суурь гээд бүхий л зүйлээ өөрчлөх боломжтой. Албан тушаал дэвших, хийсэн ажлынхаа үр дүнг амсах боломж өндөр.

Буд гаргийн ухрах хөдөлгөөний үеэр хуучны танил, экс, харилцаагаа тасалсан хүмүүс амьдралд тань эргэн ирэх магадлал өндөр. Түүнчлэн шийдэгдээгүй асуудлууд дахин сөхөгдөх, хийж дуусгалгүй хойшлуулсан ажлуудын улмаас асуудал үүсэх боломжтой. Тиймээс ажлуудаа сайтар төлөвлөж, хэлж ярьж байгаа зүйлээ тунгааж, өөртөө өөрчлөлт хийхийг хичээгээрэй. Шинэ санаа олноор урган гарч ирж, маш их зүйл хийх хүсэлд гэнэт автаж магадгүй. Гэвч хийх гэж буй зүйлээ олон дахин шалгаж, нягтал. Энэ сарын 10-ны өдрөөс тогтворгүй байсан сэтгэл санаа илүү тайван болж эерэг өөрчлөлтүүд мэдрэгдэж эхэлнэ. Шинэ санхүүгийн боломж нээгдэж, ажил төрөлдөө амжилт гаргана. 20-ны өдрөөс эхэлж мөнгө, санхүүгээ сайтар тооцоолох хэрэгтэй тул гэнэтийн зарлага гаргах хэрэггүй. Гэр бүл, орон байртай холбоотой өндөр зарлага гарах магадлалтай ч тэр хэрээрээ орлого сайн олох болно. Сарын сүүлээр эрүүл мэндийн асуудлууд шийдэгдэж, урьд нь хийж байсан ажил төрөл, бизнесээсээ өндөр ашиг, орлого хүртэх боломжтой.

Үхэр

Бусад ордуудтай харьцуулахад үхрийн ордны дөрөвдүгээр сар маш эерэг байдлаар эхэлнэ. Таныг эрхшээдэг Сугар гараг энэ сар харьцангуй тайван, тогтвортой байх учир өөрөө өөртэйгөө ажиллаж, өөрийгөө эрхлүүлэх боломжийг олгож байна. Эрч хүч, энергийн хувьд энэ сарын эхээр бага зэрэг сул байх тул хэт их ажиллахаас зайлсхий. Дөрөвдүгээр сарын 8-ны өдөр болох нар хиртэлтийн үеэр хүмүүсийн нууцыг олж мэдэх, хаяж гээсэн зүйлээ эргэн олох, гэнэтийн мэдээ сонсох боломжтой. Мөн энэ үеэр зөн совин сайжирч, зүүд нойроороо дамжуулан өөрт хэрэгтэй олон мэдээллүүдийг олж авах ч нойргүйдэлд орох, сэтгэл санаа тавгүй, тогтворгүй болох магадлалтай.

Буд гараг ухрах хөдөлгөөн хийснээр аливаа зүйлийг мартах, төлөвлөж байсан зүйл бүтэлгүйтэх боловч илүү дээр боломжууд олноор гарч ирнэ. Ажил төрөл дээр тань асуудлууд, саад бэрхшээл байгаа бол түүнийг олж харна. Түүнчлэн хуучин асуудлуудаа тавьж явуулан, ирээдүйгээ харж амьдрах хэрэгтэй байгааг гараг эрхэс сануулж байна. Энэ сарын дунд үеэр ажил төрөлдөө амжилт гаргах боломжтой ба хэн нэгнээс тусламж авахаас бүү зайлсхий. 19-ний өдөр нар үхрийн орд руу шилжих хөдөлгөөн хийх үеэр ажил мэргэжлийнхээ хүрээнд санасан бодол, хийх үйлдлүүд тань бүтэмжтэй байж, нөхцөл байдал тэнцвэржинэ. Тиймээс зоригтой шийдвэр гаргаж, өөрөө өөрийнхөө дотоод бодлыг сайн сонсох хэрэгтэй. Сарын сүүлээр хосын харилцаа идэвхжиж илүү халуун, дулаан болж эхэлнэ.

Ихэр

Эерэг бодолтой байж, өөртөө итгэж чадвал ажил үйлс, харилцаа холбоонд тань сайхан боломжууд гарч ирнэ. Ихрийн ордыг Буд гараг удирддаг тул Буд гаргийн ухрах хөдөлгөөний үеэр худал хуурмаг, хов живээс хол байх хэрэгтэй. Харилцаа холбооны маш их идэвхтэй үе ирж байгаа тул аливаа ажил хэргийг эхлүүлэхээсээ өмнө олон дахин нягталж, буруу ойлголцол, зөрчилдөөнөөс болгоомжил. Дөрөвдүгээр сарын 8-ны өдөр тохиох нар хиртэлтийн үеэр хүрээлэл тань өөрчлөгдөж, зорилго, төлөвлөгөө тань илүү тодорхой болох болно. Аливаа нар хиртэлт тохиох үед хүн хоорондын харилцаа холбоо өөрчлөгдөж, шинэчлэгдэж байдаг учир ямар нэгэн өөрчлөлтөөс татгалзалгүй хүлээн аваарай. Олон тооны хүмүүст хүрсэн ажлыг хийхээр төлөвлөж байгаа бол маш нухацтай байх хэрэгтэй. Бүх зүйлээ дахин, дахин шалгаж төлөвлөхгүй бол томоохон зөрчилдөөн, үймээн үүсэх хандлагатай байна.

10-ны өдрөөс эхэлж өдөр тутмын амьдрал илүү тааламжтай болно. Урьд нь үл ойлголцож, харьцахаа больсон байсан хүмүүс амьдралд тань эргэн ирнэ. 19-ний өдөр нар байршлаа сольж хонины ордоос үхрийн ордод ирнэ. Энэ үеэр бодсон, санасан зүйлсээ маш болгоомжтой илэрхийлж, үг яриагаа цэгнэх хэрэгтэй. Цахимаар ажлаа бүтээхээс илүүтэйгээр биечлэн уулзвал ажил төрөл илүү бүтэлтэй байна. Ихрийн ордныхны хувьд энэ сарын 20-ны өдөр маш чухал, онцгой өдөр байх болно. Гэнэтийн сураг чимээ, гадаад улс оронтой холбоотой мэдээлэл олж сонсох, өмнө нь олж хараагүй байсан боломжуудыг нээх зэргээр эерэг өөрчлөлтүүд гарна. 23-ны өдөр сар хилэнцийн ордод битүүрэх үед ажлаа солих, шинэ ажилд орох боломж гарч ирнэ. Мөн ходоод гэдэс, хоол боловсруулах эрхтнээ анхаарах шаардлагатай. 25-ны өдөр Буд гарах урагшлах хөдөлгөөн хийхэд ажил төрөлтэй холбоотой сайн мэдээ сонсох болно. Сарын сүүлээр эрүүл мэндээ тордож, сэтгэл санаагаа тайван байлгаж, өөрийгөө амраахыг хичээгээрэй.

Мэлхий

Мэлхийн ордныхны хувьд дөрөвдүгээр сард ажил мэргэжлээ чухалчилж, карьертаа гол анхаарлаа хандуулах хэрэгтэй. Энэ сарын 5-ны өдөр ямар нэгэн улсын байгууллага, сургууль соёл, виз хөөцөлдөхөд маш таатай өдөр. Мөн ажил хэрэгт тань өсөлт дэвшил гарч, хүмүүс ч гэсэн таныг хичээж байгааг олж харах болно. 8-ны өдөр тохиох нар хиртэлтийн үеэр шинэ ажилд орох, шинэ сургуульд орох, тушаал дэвших боломжтой. Гол нь өөртөө итгэлтэй байж, өөрийгөө шинэ зүйлд сорьж сурах хэрэгтэй.

Сарын дунд үеэр эрүүл мэндээ сайтар анхаарч, сэтгэл санаагаа тайван байлгахыг хичээгээрэй. Нар үхрийн орд руу шилжих үеэр нийгэмд эзлэх байр суурь, хүмүүстэй харилцах харилцаа тун идэвхтэй болж ирнэ. Мэлхийн ордны хүмүүс төрөлхийн өөртөө итгэлтэй, зоригтой, дайчин шинж чанартай байдаг тул эерэг бодлоор өөрийгөө цэнэглэж өгөөрэй. Санхүү, орлого ашгийн хувьд энэ сарын 20-ны өдрөөс эхэлж нэмэгдэх төлөвтэй байгаа ба гэнэт их хэмжээний мөнгө олох, удаан хугацаанд авахыг хүсэж байсан зүйлээ авах, хаяж гээсэн зүйлээ олох магадлалтай. Мөн энэ үеэр хөрөнгө оруулалт хийвэл амжилттай байх болно. Бүтэн сар хилэнцийн ордод гарах үеэр ажлын үр бүтээмж сайжирч, бусдыг байлдан дагуулах, манлайлах чадвар тань идэвхжиж, ахиц дэвшил гаргана. Сарын сүүлээр гэр бүл, үр хүүхэдтэй холбоотой асуудлаа нааштайгаар шийдвэрлэж, ажил төрөл дээр саад болж байсан зүйлс арилна.

Арслан

Хэрвээ та гадаад улс, оронтой холбоотой ажил эрхэлдэг бол гайхалтай эерэг өөрчлөлтүүдийг дөрөвдүгээр сар танд бэлэглэх болно. Гэвч хил гааль, их дээд сургуультай холбоотой асуудлууд үүсэх магадлал өндөр байгаа тул энэ сарын эхээр томоохон шийдвэрүүдийг гаргахгүй байхыг хичээгээрэй. Дөрөвдүгээр сарын 5-ны өдөр Сугар гараг хонины ордод шилжих хөдөлгөөн хийх үеэр гадаад явах, ажлаа солих, виз хөөцөлдөх ажлуудыг амжуулах шаардлагатай бол олон дахин нягталж, сайтар анхаарах хэрэгтэй. Бусдаар бол энэ сар Арслангийн ордыг аз, ивээлээр тэтгэж, сайхан боломжуудын үүд хаалга нээгдэж байна. 15-ны өдрөөс эхэлж санхүү, ажил төрөл, сэтгэл санаа тогтворжиж, аз жаргалаар бялхана. Хамгийн гол нь та өөртөө итгэх хэрэгтэй бөгөөд юу хийвэл амжилтад хүрэх талаараа бодож, зорилго, тэмүүллээ тодорхой болгох шаардлагатай. Энэ сарын 20-ны өдөр томоохон хэмжээний мөнгө, санхүүжилттэй холбоотой асуудлуудаа шийдвэрлэхэд тохиромжтой. Аз тохиолыг эрхшээдэг Бархасбадь гараг танд гэнэтийн аз, боломжуудыг олгоно.

Дөрөвдүгээр сарын 23-нд бүтэн сар хилэнцийн ордод гарах үеэр орон байр, ажил мэргэжил, гэр бүлийн дотоод амьдрал дээр өөрчлөлтүүд гарч, өмнө нь тулгарч байсан нухацтай асуудлууд шийдэгдэнэ. 25-ны өдөр Буд гараг урагшлах хөдөлгөөн хийх үед дээр дурдсан хил гааль, ажил төрөл, сургууль соёлтой холбоотой асуудлууд жигдэрч, эерэг үр дүн өгнө. Сарын сүүлээр гадагшаа аялал хийхэд тааламжтай үе тохиож байна.

Охин

Буд гараг ухрах хөдөлгөөнөө хийх үеэр танд удаан хугацааны турш тээг болж байсан санхүүгийн болон хувийн асуудлууд шийдэгдэнэ. Зээл авах, өрөө төлөх гэх зэрэг банктай холбоотой бичиг цаасны ажлууд их гарч ирнэ. Түүнчлэн сэтгэл санаа бага зэрэг тогтворгүй болж, шийдэх ёстой олон янзын асуудлууд овоорох магадлалтай. Нар хиртэлт болох үеэр гэр бүлтэй холбоотой асуудлууд хөндөгдөж, хуучин үерхэж байсан хүмүүс эргэн гарч ирж, тэдэнтэй ярилцах шаардлагатай нүүр тулна. Сэтгэл санаа тавгүй, тогтворгүй болох магадлалтай ба энэ үеэр хорт зуршлуудаасаа салахад тохиромжтой. Гэвч олж хараагүй байсан олон боломж, гарцуудыг нээж, шинэ хүнтэй танилцаж, танилын хүрээгээ тэлнэ. Сарын дунд үеэр ажил мэргэжилтэй тань холбоотой дарамт, шахалтаас улбаалан стресс үүсэх боломжтойг анхаарна уу.

Дөрөвдүгээр сарын 19-нд нар байршлаа сольж үхрийн орд руу шилжих хөдөлгөөн хийх үеэр тодорхой хэмжээнд сэтгэл санаа тайвширч, илүү амар амгаланг мэдэрч эхэлнэ. Тиймээс урам зоригтойгоор ажлаа хийж, харилцаа холбоогоо тэлж, эерэг мэдрэмжээр өөрийгөө дүүргээрэй. Шинэ ажилд орох, сургуулиа солих, хууль, хил гаалийн байгууллагатай харилцахад таатай үе. Харин 25-ны өдөр Буд гараг урагшлах хөдөлгөөн хийж эхлэхэд шийдвэр гаргаж чадахгүй байсан олон зүйлийн хариултыг олж, амьдралдаа томоохон шийдвэр гаргах болно. Сарын сүүлээр өөртөө итгэх итгэл тань нэмэгдэж, хосын харилцаа сайжирч, бэлгийн амьдралд эерэг өөрчлөлт гарна. Мөн гэмтэл бэртэл авахаас болгоомжилж бусдын хов жив, атаа жөтөөнөөс холуур байхыг хичээгээрэй.

Жинлүүр

Энэ сарын эхээр тохиох нар хиртэлт танд харилцаа холбоонд үүсэж буй саад, тотгоруудыг мэдрүүлнэ. Үүнээс улбаалан үр шимийг нь хүртэж чадаагүй ажлуудаасаа эргэн шинэ боломжуудыг олж харж, санхүүгийн байдал тань дээшилнэ. Шинэ зүйл эхлүүлэхээсээ илүүтэйгээр хуучин хийж байсан ажлууддаа анхаарлаа хандуул. Хичээгээд ч болохгүй зүйл гэж байдаг шиг удаан хугацааны турш сэтгэлд тань хорогдоод буй ажил үйлс, хүн, асуудлуудыг бодитоор харж, өөрөөсөө тавьж явуул. Ингэснээр сэтгэл зүйн хувьд илүү тайвширч, ухаалаг алхмууд хийж чадна.

Гэр бүл, эр эмийн харилцаанд үүсэж байсан саад, бэрхшээлүүдийг даван туулна. Харин ганц бие хүмүүс шинэ хүнтэй учирч, болзож эхэлнэ. Буд гараг ухрах хөдөлгөөн хийх үеэр хуучны танил буюу хамт ажиллаж байсан хүмүүс, найз нөхөд, үерхэж байсан хүмүүстэйгээ эргэн уулзана. Гэвч та тэднийг маш анхааралтай ажиж, амьдралд тань ямар нөлөө үзүүлэх эсэхийг сайтар нягтлаарай. Учир нь энэ сард та харилцаа холбоо дээрээ маш болгоомжтой, тэнцвэртэй хандаж, ажил мэргэжилдээ илүү анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатай байна. 19-ний өдөр нар байршлаа сольж үхрийн орд руу шилжих хөдөлгөөн хийх үед сэтгэл санаа тань өргөгдөж эхэлнэ. Сарын сүүлээр санхүүгээ маш болгоомжтой хянаж, үрлэг зарлагаа танах хэрэгтэй. Мөн удаан хугацааны турш хадгалж байгаа хэрэглэдэггүй эд зүйлсээ хаявал зохистой.

Хилэнц

Энэ сарын 8-ны өдөр тохиох нар хиртэлтийн үеэр амьдралд тань тохиолдож буй бүхий л саад, бэрхшээлүүдийг шийдэх боломж олдож байна. Ажил төрөл, эрүүл мэндийн асуудалдаа илүү анхаарлаа хандуулж, хоол хүнсэндээ өөрчлөлт хийж, өдөр тутмын дадал зуршлаа шинэчлээрэй. Өр ширтэй холбоотой асуудлууд хялбархан шийдэгдэнэ. Энэ үеэр танд маш олон асуудлыг зэрэг шийдэх хэрэгтэй мэт санагдаж, хүнд мэдрэмжийг туулж магадгүй ч бүх саадууд тань эергээр шийдэгдэх болохоор санаа бүү зов. Дөрөвдүгээр сарын 5-ны өдөр Сугар гараг хонины ордод ирэх үед мөнгө санхүү дээрээ тооцоотой хандах хэрэгтэйг анхаарна уу. 10-ны өдрөөс ганц бие хүмүүс шинэ хүнтэй учирч, хостой хүмүүсийн хувьд хоорондын харилцаа нь сайжирч эхэлнэ.

Сарын дунд үеэс эхэлж бүтээлч байдал нэмэгдэж, шинэ төсөл, ажил эхлүүлэх санаа төрнө. Мөн маш гэнэтийн байдлаар хэн нэгэнтэй учрах, сайхан мэдээ сонсох зэрэг эерэг үйл явдлууд тохиолдоно. Дөрөвдүгээр сарын 15-нд бүтээлч байдал тань нэмэгдэх учир ямар нэгэн ажлыг эхлүүлэхэд тохиромжтой. Нөгөөтээгүүр хосууд жижиг асуудлаас болж салах шийдвэрт хүрч, аль эсвэл харилцаагаа улам гүнзгийрүүлэх магадлалтай. 23-ны өдөр бүтэн сар гарах үеэр та маш эмзэг, мэдрэмтгий байх учир сэтгэл санаагаа тайван байлгаж, дуртай зүйлээ хийж, өөрийгөө баярлуулаарай. Харин бусадтай үл ойлголцохоос зайлсхийж, асуудлыг хүндрүүлэх хэрэггүй. Сарын сүүлээр цаашдын төлөвлөгөөгөө дэлгэрэнгүй гаргаж, өөрт хэрэггүй эд зүйлсээ хаях хэрэгтэй. Учир нь Сугар гараг байршлаа солих үед танд эерэг боломжууд нээгдэж, ажил үйлс тань маш хурдацтай өрнөж эхлэх болно.

Нум

Дөрөвдүгээр сарын 1-ний өдөр Буд гараг хонины ордод ухрах хөдөлгөөн хийх үеэр та харилцаа холбоондоо сайтар анхаарах хэрэгтэй. Тэр дундаа үр хүүхэдтэй бол хүүхдэдээ анхаарал хандуулж, тэдний нийгэмшил, сэтгэл санаатай холбоотой асуудлаар ярилцах үе иржээ. Харин ганц бие хүмүүсийн хувьд хуучин болзож, нөхөрлөж байсан хүн тань эргэн гарч ирнэ. Гэхдээ аливаа гараг эрхэс ухрах хөдөлгөөн хийх үеэр хуучны танил, экс зэрэг өнгөрсөнд үлдсэн хүмүүс эргэн гарч ирэх нь сайны дохио биш юм. Уг харилцаа цаашид төдийлөн сайнаар үргэлжлэхгүй гэдгийг анхаараарай.

Карьерын хувьд аз туршсан сорилтуудыг давах бололтой. Зарим нь энэ үеэр албан тушаал дэвших боломжтой ч худал хуурмаг, хов жив үүнд тань нөлөөлж болзошгүй гэдгийг анхаарна уу. Энэ сарын 10-ны өдрөөс эхэлж таныг эрхшээдэг Бархасбадь гараг ажил үйлсэд тань эергээр нөлөөлж эхэлнэ. Энэ үеэр ухаалаг шийдвэр гаргаж чадвал бүх асуудлууд хялбархан шийдэгдэх болно. Сарын дунд үеэр эрүүл мэндээ анхаарч, өөртөө цаг гаргах шаардлагатай үе ирнэ. 19-ний өдөр нар байршлаа сольж үхрийн ордод ирэх үед асуудлуудыг илүү бодитойгоор харж, юун дээр алдсанаа мэдэх болно. Өр зээлтэй холбоотой асуудлуудаа нэг тийш цэгцлэх боломжийг ч мөн адил гараг эрхэс олгож байна. Цаашлаад энэ сарын 23-ны өдөр бүтэн сар хилэнцийн ордод гарах үеэр ажилд тань саад болж байсан зүйлс, бэрхшээлүүд, эрүүл мэндтэй холбоотой асуудлууд багасаж эхэлнэ. Сарын сүүлээр ажлын байртай холбоотой чухал үе ирэх тул санхүүгээ сайтар тооцоолж, орлого зарлагаа нягталж, хянаарай.

Матар

Гэр бүл, орон байртай холбоотой асуудлууд анхаарлын төвд ирж байна. Амьдарч буй орон байраа солих, өөрчлөх, нүүх боломжууд гарна. Нөгөөтээгүүр та дотоод ертөнцтэйгөө илүү ойлголцож, өөрийгөө сонсох боломжийг дөрөвдүгээр сарын 8-ны өдөр тохиох нар хиртэлт танд өгч байна. Өөрийгөө яг юун дээр алдаж байна, юуг засвал амжилтад хүрэх вэ гэдгээ бодож олоход тун тааламжтай үе. Ажил хэрэг тань эерэг тал руугаа цэгцэрч эхлэх ч гэр орон, үр хүүхэдтэй холбоотой асуудлууддаа анхаарах хэрэгтэй. Энэ сарын 10-наас эхэлж Бархасбадь гараг эерэг холбоосуудыг таны ордод үүсгэснээр гэр бүл, сургууль соёл, ажил төрөлтэй холбоотой асуудлууд шийдэгдэж эхэлнэ.

Энэ сарын 19-ний өдөр нар үхрийн орд руу шилжих үеэр та илүү зоригтой шийдвэрүүдийг гаргаж, бүтээлч байдал тань нэмэгдэж, албан тушаал дэвших боломжтой. Түүнчлэн найз нөхдийн харилцаа илүү дотносож, төлөвлөж байсан зүйлсээ хийхэд тохиромжтой үе тохиож байна. Мөн гэнэтийн аз тохиож, олон эерэг боломжуудын үүд хаалга нээгдэж эхэлнэ. 23-ны өдөр бүтэн сар хилэнцийн ордод гарах үеэр таны зорилго, тэмүүлэл нэмэгдэж, хийж байсан ажлууд тань үр дүнгээ өгч буйг мэдрэх болно. Энэ сарын сүүлээр ганц бие хүмүүс шинэ хүнтэй танилцаж, болзох өндөр боломжтой. Романтик харилцаа нэлээд идэвхтэй байна. 30-ны өдөр Ангараг гараг хонины ордод ирснээр гэртээ гал алдах, хэрүүл тэмцэл хийх, атаа жөтөөнд өртөх, ойр дотнын хүмүүстэйгээ үл ойлголцохоос зайлсхийгээрэй.

Хумх

Дөрөвдүгээр сарын эхээр Буд гаргийн нөлөөллийн улмаас сэтгэх, ойлгох, сурч боловсрох мэдрэмжүүд тань нэмэгдэж сэтгэлдээ тээж явсан асуудлуудаа эергээр давах боломжийг олгоно. Хувийн бизнес, ажил төрөл, сургууль соёлтой холбоотой өдөр тутмын асуудлуудаа илүү хурдан шийдэж эхэлнэ. Маш олон ухаалаг санаанууд төрж эхлэх учир ажил төрөл, бизнес дээр тань эерэг өөрчлөлтүүдийг энэ сар татаж байна. Харин аваар осол, үл ойлголцол, зөрчилдөөн, осол гэмтлээс болгоомжлоорой.

Сугар гараг энэ сарын 5-ны өдөр хонины ордод шилжих хөдөлгөөн хийх үеэр унаа тэрэг худалдан авах, зарахад маш тохиромжтой ба мөн шинэ зүйл сурч мэдэх, сургалтад хамрагдах талаар бодож байвал маш таатай үе. 10-ны өдрөөс амьдарч байгаа газар, орон байртай холбоотой асуудлууд дээр өөрчлөлт гарч эхлэхийн зэрэгцээ байр зарж борлуулах, худалдан авахад таатай. Сарын дунд үеэс ажил үйлс, амьдрал, эрүүл мэндтэй холбоотой асуудлууд тань нэмэгдэж магадгүй учир хэтрүүлж ажиллах хэрэггүй. Үүний оронд гэр бүл, хувийн амьдралдаа цаг хугацаагаа зарцуул. 19-ний өдрөөс эхэлж Бархасбадь гараг эерэг холбоосыг үүсгэж санхүүгийн байдалдаа өөрчлөлт хийх боломжийг танд олгох болно. Энэ сарын 23-ны өдөр бүтэн сар хилэнцийн ордод гарах үеэр ажил төрөл, карьерт тань эерэг боломжуудыг татаж, удаан хугацааны турш ажиллаж байсан төслийнхөө үр шимийг хүртэж эхэлнэ. Буд гараг урагшлах хөдөлгөөн хийх үеэр танд тээг болж байсан хүнд ачаануудаасаа салах үе ирнэ. Сарын сүүлээр өөр улс руу аялах, ажлынхаа хүрээнд томилолтод явах зэрэг ойр, ойрхон шийдэх ажлууд идэвхтэй болж байна.

Загас

Энэ сарын 8-ны өдөр болох нар хиртэлтийн үеэр санхүү, ажил төрөлтэй холбоотой асуудлууд дээр эерэг өөрчлөлт гарч эхэлнэ. Ажил хайж байгаа хүмүүс ажилтай болж, харин ажилтай хүмүүсийн хувьд санхүүгийн байдал дээшилж, орлого нэмэгдэнэ. Сугар гараг хонины ордод энэ сарын 5-ны өдөр ирэх үеэр санхүүгээ маш тэнцвэртэй байлгаж, орлого зарлагаа нягтлаарай. Өөрөө өөртөө анхаарч, нэн ялангуяа шүдтэй холбоотой эрүүл мэндийн асуудалд анхаарах хэрэгтэй.

Сарын дунд үеэс та өөртөө илүү итгэлтэй болж, бодол санааны хувьд өөдрөг болж эхэлнэ. Өөрийгөө илүү нээлттэй илэрхийлж, сэтгэл санаагаа тогтвортой байлгаж, эрүүл мэндээ сайтар анхаараарай. Нар үхрийн орд руу шилжих үеэр хувийн бизнес, ажил төрөлтэй холбоотойгоор ойрын аялалд гарч магадгүй ба ажил үйлсийн хувьд танд санаанд оромгүй эерэг боломжууд нээгдэх болно. Энэ сарын 23-ны өдөр бүтэн сар хилэнцийн ордод гарах үеэр итгэл үнэмшил тань нэмэгдэж, зорилго тэмүүллээрээ өөрийгөө сайхан зүйл рүү хөтөлж чадна. 25-ны өдөр Буд гараг урагшлах хөдөлгөөн хийх үеэр санхүүгийн байдал жигдэрч, аливаа өр, зээлээсээ салж чадна. Энэ үеэс өмнө санхүүгээ маш сайн тооцоолж, олон дахин нягтлах шаардлагатай. Сарын сүүлээр ажил мэргэжил, харилцаа холбоо, хамтарч ажилладаг хүмүүстэйгээ илүү нягт холбоотой болж, эерэг боломжууд гарч ирнэ.


Энэ сарын онцлох өдрүүд

Дөрөвдүгээр сарын 1 - Буд гараг ухрах хөдөлгөөн хийнэ.

Дөрөвдүгээр сарын 8 - Нар хиртэлт хонины ордод болно.

Дөрөвдүгээр сарын 19 - Нар үхрийн орд руу байршлаа солино.

Дөрөвдүгээр сарын 23 - Сар хилэнцийн ордод битүүрнэ.

Дөрөвдүгээр сарын 25 - Буд гараг урагшлах хөдөлгөөн хийнэ.

Buro.Mongolia

2024-04-02, 10:32

  • Зураг: Velin Magazine