Асторологийг гараг, эрхсийн байрлалын Дэлхийд үзүүлэх нөлөө, уялдаа холбоог судалдаг псевдо шинжлэх ухаан хэмээн тайлбарладаг бөгөөд астрологичид хүний төрөх үеийн нар, сар болон бусад гарагуудын байрлал тухайн хүний зан чанарт нөлөөлдөг гэж үздэг билээ. Тухайлбал, нарны орд буюу бидний хамгийн сайн мэдэх сар, өдрөөр нь тодорхойлдог зурхайн орд нь хүний амьдралын зорилго, тавилан, энергийг бүхэлд нь илэрхийлж байдаг бол сар нь зөн совин, зуршил, сэтгэл хөдлөлийг хариуцдаг юм. Харин гарагуудын хувьд Ангараг уур хилэн, түрэмгий байдал болон хүсэл тэмүүллийг, Бархасбадь элбэг дэлбэг байдал, суралцах чадварыг, Сугар хайр, дурлалыг, Санчир гараг гутрангуй үзлийг, Уран этгээд занг, Далай Ван төсөөлөн бодох чанарыг, Плутон гараг хүсэл тэмүүлэл, хүч чадлыг илэрхийлдэг билээ. Тэгвэл энэ удаагийнхаа мэдээгээр бид Буд гарагийн нөлөөний талаар хүргэж байна. Буд гараг нь харилцаа, холбоо, шийдвэр гаргах онцлог болон хэрхэн мэдээллийг хүлээн авч, боловсруулж, улмаар цааш түгээдэг зэрэг чанаруудыг тодорхойлдог билээ.
Дээр дурдсанчлан хүний төрсөн он, сар, өдөр, цаг, байршлаас шалтгаалан хүн бүрийн Нар, Сар, Ангараг, Буд зэргийн ордууд нь өөр өөр байдаг. Жишээ нь та гуравдугаар сарын 15-ны өдөр төрсөн загасны орд байлаа гэж бодоход (Нарны орд) төрсөн цаг, газраасаа шалтгаалан Сарны орд нь хумх, Ангараг гарагийнх нь хилэнц, Буд гарагийнх нь хонь гэх жишээний янз бүр байх боломжтой юм. Тиймээс хэрэв та natal chart буюу зурхайн ордныхоо дэлгэрэнгүй тайллыг мэдэхгүй бол энд дарж танилцаарай. Ингэхдээ өөрийн мэдээллээ оруулан, Буд гарагийнхаа (Mercury) ордыг мэдэх боломжтой юм.
Буд гараг нь хонины ордод байршсан эрчүүд, эмэгтэйчүүд өөрийн хүргэхийг хүссэн гол санаагаа их хурдан, цэгцтэй илэрхийлдэг. Тэд шулуун, шударга бөгөөд бодсон, санаснаа давс, хачиргүйгээр ярьдаг. Ингэхдээ харилцан ярилцагч нь тэрхүү чанарыг бүдүүлэг гэж дүгнэх нь ч бий. Мөн Буд нь хонинууд өөрсдийнх нь санаа бусдынхтай зөрөлдөх үед түрэмгий авир гаргах нь элбэг. Учир нь тэд өөрсдийнх нь үзэл бодлыг харилцан ярилцагч нь төвөггүй хүлээж авах ёстой гэсэн хүлээлтийг өөртөө тавьдаг байна.
Буд нь хонины ордны хүмүүс бодохоос илүү үйлдэл хийдэг. Тиймдээ ч тэд бодож тунгаахаасаа урьтаж шууд л үзэл бодлоо илэрхийлдэг билээ. Ялангуяа хонинууд ууртай байх үедээ хэзээ ч хэлэх гэснээ буцааж залгидаггүй байна. Зарим хүмүүс тус хандлагыг нь шударга хэмээн үнэлдэг бол заримд нь хэт бүдүүлэг санагддаг билээ.
Тэд том ч бай, жижиг ч бай шийдвэрээ төвөггүй гаргадаг. Учир нь тэд аливаа асуудлын давуу ба сул талыг тодорхойлохдоо гарамгай. Мөн шийдвэрийнхээ хариуцлагыг үүрэхэд 100% бэлэн байдаг нь үр дүн нь сайн эсвэл муу байсан ч цаг алдалгүй урагшлах хэрэгтэй гэсэн зарчмыг баримталдгаас нь үүдэлтэй юм.
Буд нь хонины ордны хүмүүс дэс дараалалтай, оновчтой арга барилаар суралцдаг. Тухайлбал, тэд деталь бүр дээр анхааралгүйгээр, хамааралгүй гэж бодсоноо үлдээж цааш үргэлжлүүлэх чадвартай билээ. Түүнчлэн тэд шинэ зүйл эхлүүлэхдээ урам зоригоор дүүрэн байдаг. Нөгөөтээгүүр, Буд нь хонины ордныхон эхэлсэн санаагаа дуусгалгүй бусад илүү сэтгэл хөдөлгөм зүйл рүү хөрвөн орох хандлагатай юм. Учир нь амьдрал сонирхолтой санаагаар дуусашгүй шүү дээ.
Тэд шүүмжлэлийг хэт өөртөө тусгаж авдаг. Гэсэн ч мэдлэг, оюун санаагаараа мэтгэлцэхэд хэзээд бэлэн байдаг ба алсын хараа, идеалистик үзэл баримтлал нь тэдний оюун ухааныг тодорхойлох шинж чанарууд юм. Тэд өөрсдийнхөө дуртай, урам зориг авдаг зүйлээ хошин байдлаар илэрхийлдэг бөгөөд энэ нь эргэн тойрныхонд нь эерэгээр нөлөөлдөг. Тэд бол нэг үгээр лидерүүд бөгөөд цоо шинэ, инновацлаг арга барилыг өөрт суулгахдаа гарамгай билээ.
Ямар ордтой тохирдог вэ?
Буд нь хонины ордны хүмүүс өөртэйгөө адил гал махбодтой Буд гарагийн ордуудтай тохирдог. Гал махбодтой ордуудын урам зориг өгдөг байдал нь хонины анхаарлыг ихэд татдаг билээ. Мөн тэд ихрүүдтэй нийцдэг бөгөөд ихрүүдийн сонирхолтой, урьдчилан тааварлашгүй зан чанар нь таалагддаг байна.
Буд нь үхрийн ордны хүмүүс шийдвэр гаргахдаа яардаггүй, бүр маш удаан гэмээр байдаг. Үүнээс шалтгаалан хүмүүс тэднийг зөрүүд, залхуу, цаг хожих оролдлого хийж байна хэмээн боддог. Үнэн хэрэгтээ тэд өөрийн итгэл үнэмшил, үзэл бодолдоо маш үнэнч ба ямар нэг шийдвэрийг гаргахдаа няхуур хандаж, ихэд тунгаан боддог байна. Буд нь үхрийн ордод байршсан хүмүүс уг зангаасаа болон нөхцөл байдлыг олон талаас харах нь хязгаарлагддаг бөгөөд өөрийнхөө үзэл бодлоос эсрэг байр суурийг хүлээж авахдаа тааруу билээ.
Тэд мэдээллийг боловсруулахдаа мэдрэмждээ тулгуурладаг. Тэдний хүмүүстэй харилцах хэлбэр нь ялимгүй удаан бөгөөд бодлоо цэгцтэй, логиктой, өөртөө итгэлтэй илэрхийлдэг билээ. Тиймээс Буд нь үхрийн ордод байршсан хүмүүсийн яриаг эргэн тойрных нь анхааралтайгаар, шимтэн сонсдог байна. Мөн тэдний газартаа буусан сэтгэлгээ нь бусдад итгэл үнэмшил төрүүлдэг юм.
Сурч, боловсрох тал дээр тэд шат дараалалтайгаар, яарахгүй хийх зарчмыг баримталдаг бөгөөд нүдэнд харагдаж, гарт баригдах үр дүнг чухалчилдаг. Мөн Буд нь үхрийн ордныхон тайван орчинд сайн ажилладаг ба яг одоо хийж буй ажилдаа 100% сэтгэл ханамжтай болж байж дараагийн алхмаа хийдэг билээ. Тиймдээ ч нэг эхлүүлсэн ажил нь тогтвортой, бат бөх шинж чанартай болох нь элбэг юм.
Сонирхолтой, Буд нь үхрийн ордныхны дийлэнх нь төрөлхийн зөөлөн, сонсголонтой хоолойтой байдаг. Иймд тус ордныхон дуучин, жүжигчин, илтгэгч болох нь элбэг тохиодог.
Ямар ордтой тохирдог вэ?
Буд нь үхрийн ордны хүмүүс Буд нь матрын ордтой маш сайн тохирдог. Учир нь тэд хоёул прагматик үзэл баримтлалтай бөгөөд ялангуяа ажил хэргийн харилцаа нь амжилт, бүтээлээр дүүрэн, тогтвортой байна. Мөн тус орд нь харьцангуй тайван ордод тооцогддог учир гал махбодтой ордуудтай хэл амаа төвөггүй олдог билээ.
Буд нь ихрийн ордны хүмүүс амьдралыг хэзээ ч уйтгартай байна гэж гомдоллодоггүй. Учир нь тэдний хувьд амьдрал хэтэрхий сонирхолтой санагддаг. Тиймдээ ч Буд нь ихрийн ордод байршсан хүмүүс өргөн мэдлэгтэй байдаг. Гэвч ихэнх тохиолдолд тухайн мэдлэг нь өнгөц байдаг нь тэдний төрөлхийн нэг газраа удаан саатаж чаддаггүй зантай нь холбоотой юм. Мөн Буд нь ихрийн ордныхон сэтгэн бодох чадвартай, нөхцөл байдлыг олон талаас хардаг бөгөөд өөрийгөө чөлөөтэй илэрхийлж, их ярьдаг.
Тэд шинэ хүмүүстэй танилцаж, шинэ мэдээлэл авч, шинэ соёлын тухай судалж, шинэ газарт очихыг цаг ямагт зорьдог. Тэр хэрээрээ танин мэдэхүйн мэдлэг нь өргөн байдаг юм.
Агаар махбодтой ордныхон хүмүүстэй харилцаж, мэдлэгээ солилцох дуртай ч энэ нь заримдаа тэднийг залхаадаг байна. Ялангуяа, техник, технологитой нягт холбоотой болсон энэ цаг үед ихрүүд сониуч зангаасаа болж маш их стресстдэг юм. Тиймээс тэдэнд уудам талбайтай орчинд бодлоо цэгцэлж цагийг өнгөрөөх нь чухал байдаг.
Хүмүүстэй харилцах тал дээр Буд нь ихрийн ордныхон маш гарамгай. Яагаад гэвэл тэдний сонирхлыг уулзсан хүн бүр нь татдаг билээ. Шинэ хүмүүстэй танилцах үед өөрийгөө нээлттэй илэрхийлж, их инээдэг бөгөөд нүд нь гал цогоор дүрэлздэг байна.
Ямар ордтой тохирдог вэ?
Тус ордныхон яриа өрнүүлэх байдлаар мэдлэгийнхээ хүрээг тэлэх сонирхолтой байдаг учраас Буд нь жинлүүр эсвэл хумхын ордтой тохирно.
Буд нь мэлхийн ордны хүмүүсийн EQ (emotional intelligence) буюу сэтгэл хөдлөлөө илэрхийлэх, ойлгох чадамж нь өндөр байдаг. Тиймдээ ч тэд өөрийгөө бусдын оронд тавих чадвартай дээр хүнийг сэтгэл санаагаар дэмжихдээ гаргууд билээ. Мөн тэд зөвхөн өөрсдийнхөө гэлгүй бусад хүмүүсийн сэтгэл хөдлөлийг ч бас сайн ойлгодог. Гэсэн ч өөрийнхөө мэдрэмжийг мэддэг байлаа гээд түүнийгээ удирдаж чаддаг гэсэн үг биш юм. Буд нь мэлхийн ордныхон тархи болон мэдрэмжээ салгаж чадахгүйгээс асуудал үүсч сэтгэл хөдлөл нь огцом дээш доош савлах тохиолдлууд гардаг байна.
Энэ төрлийн хүмүүс жижиг сажиг яриа өрнүүлэх тийм ч дуртай биш. Оронд нь хүмүүстээ үүсгэх харилцааг илүү бат бөх болгох утга учиртай зүйлийн талаар хэлэлцэж оюуны болон сэтгэл хөдлөлийн чадамжаа дээшлүүлэхийг илүүд үздэг. Хүмүүстэй харилцахдаа бодлогошронгуй, дотогшоогоо бөгөөд мэдрэмтгий байдаг. Түүнчлэн таны natal chart хэчнээн эрх чөлөөтэй сэтгэдэг ордуудаар дүүрэн байсан ч Будын орд тань мэлхий бол аливаа зүйлийг субъектив талаас нь хүлээж авах хандлагатай юм. Мөн Буд нь мэлхийн ордныхон бодлогошронгуй чанараасаа үүдэн удаан хариу үйлдэл үзүүлдэг атлаа бусдыг нэг ч үгийг гээхгүй анхааралтай сонсдог чанарынхаа ачаар хурдан шийдвэр гаргадаг онцлогтой билээ.
Эдгээр хүмүүс харилцан ярилцагчдаа халуун дулаан, хамгаалагдсан мэт мэдрэмжийг төрүүлж чаддаг. Зарим үед бодлоо тулгадаг нь яриа, шүүмжийг хэт өөр дээрээ тусгаж авдагтай нь холбоотой.
Буд нь мэлхийн ордод байршсан хүмүүсийн ой санамж онцгой сайн. Учир нь тэд хүнийг ар, өвөргүй нэвт мэдэрч чаддаг бөгөөд хоёр сарын өмнө хэнтэй уулзаж, юу ярьснаа санах нь тэдний хувьд ярвигтай асуудал биш юм. Гэвч хүчтэй сэтгэл хөдлөлөөсөө шалтгаалан бодит амьдралд болсон зүйлийг үнэнээс гуйвуулах талтай байдаг.
Ямар ордтой тохирдог вэ?
Буд нь мэлхийн ордныхон Буд нь хилэнцийн ордод байршсан хүмүүсийн сэтгэл хөдлөл ихтэй, нууцлагдмал байдалд татагддаг ба Буд нь хумхын ордныхонтой утга учиртай, гүн харилцааг үүсгэж чаддаг.
Буд нь арслангийн ордныхны өөртөө итгэлтэй, урам зоригоор дүүрэн ярьдаг чанартай тул муугүй илтгэгчид байдаг. Бодож байгаа зүйлсээ бусадтай хуваалцах дуртай бөгөөд ямар ч түүхийг сонирхолтой байдлаар хүүрнэж чаддаг. Дийлэнх нь зарим үед бүхнийг мэдэгч шиг аашилдаг ч илүү их оймс элээсэн хүмүүс нь хаана хэрхэн биеэ авч явахаа сайн мэднэ. Тэд ой тойнд буусан бүхнээ ярьдаг нээлттэй хүмүүс бөгөөд, оюуны өндөр чадамжтай, өөрийгөө илэрхийлэх онцгой хүсэл эрмэлзэлтэй билээ.
Асуудлыг детальчилж бус ерөнхий зургаар хардаг. Анхаарлаа удаан төвлөрүүлж чаддаггүйгээсээ үүдэж харилцан ярилцагч нь хамраа сөхсөн гэж дүгнэх магадлалтай. Гэсэн ч тэд сонирхолтой, бага зэрэг драматик ярианы хэв маягаараа хүмүүсийг өөртөө татахдаа гаргууд билээ. Буд нь арслангууд хошигнох дуртай. Түүндээ ч сайн. Хаана, хэнтэй байгаагаа сайн мэдэрч, яг голыг нь олж хошигнодгоороо онцлог юм. Гэсэн ч хэт өөрийнхөө талаар сайрхсаар бусдын яриаг чихнийхээ хажуугаар өнгөрүүлдэг байна.
Тэд өөрсдийн мэдлэгийг зөв гэдэгт бат итгэдэг. Тиймдээ ч эргэн тойрных нь тэдний үйлдэл, үзэл бодолд эргэлзэх үед Буд нь арслангийн ордныхон эгогоо дарж чадалгүй үл ойлголцол үүсдэг байна. Буд нь арслангууд хурдан төгс үр дүнд хүрэхийн тулд биш алхам алхмаар урагшлах зарчмыг баримталдаг билээ. Мөн тэд гаргасан шийдвэрийнхээ дагуу хөдөлж, үүнээсээ ямар нэг байдлаар зөрөх дургүй. Энэ нь лидерийн зүгээс дүгнэхэд авууштай ч шийдвэр нь буруу байх тохиолдолд сөрөг үр дагавартай юм.
Эдгээр хүмүүс өөртөө ч бусдад ч үнэнчээр ханддаг. Учир нь тэд үнэн хэчнээн гашуун байсан ч бусдыг болон өөрийгөө хуурахгүй гэсэн зарчмыг гол чигээ болгодог билээ. Тэд хүссэн зүйлдээ хүрэхийн тулд хүмүүст сайн хандаж, ятгалгын аргуудыг хэрэгжүүлдэг ч худал хуурмагаас холуур байдаг.
Ямар ордтой тохирдог вэ?
Буд нь арслангийн ордод байршсан хүмүүс хайр дурлалын харилцаагаа сорилтоор дүүрэн байлгахыг хүсдэг. Тэгвэл энэхүү хүслийг Буд нь хонь болон нумын ордууд хангаж чадна. Тэдний дунд маргаан их гарах ч шийдэл нь тодорхой, эрүүл байдлаар мэтгэлцдэг. Түүнчлэн тэд Буд нь ихэр, жинлүүрийн ордуудтай хошин шогийн мэдрэмжээрээ таардаг билээ.
Буд нь охины ордныхон оюуны чадамж өндөртэй байдаг. Суралцаж, сэтгэн бодохдоо хурдан бөгөөд аливаа зүйлийг үндэс, сууриас нь эхэлж судалдаг ба өөрсдөө ч энэхүү чадвараа мэддэг. Тэдний эргэн тойронд болж буй жирийн нэг яриа сонирхлыг нь татдаггүй. Харин ямарваа нэг оюуны чадвар сорьсон зүйл рүү л татагддаг юм.
Буд нь охины ордныхон өөрсдийнхөө потенциалыг сайн мэддэг учраас өөртөө маш өндөр стандарт, босгыг тавьдаг. Аливаа зүйлийг төгс хийх боломжгүй ч тэд ажлаа төгс хийгээгүйдээ ихэд бухимддаг. Иймд жижигхэн алдаа гаргасан ч өөрийгөө буруутган, үргэлж идэвхтэй амьдрах ёстой гэсэн бодлоосоо үүдэн амсхийх бүрт нь гэмших сэтгэгдэл төрдөг байна.
Тэд бодлоо бусадтай хуваалцахдаа тааруухан. Ямар нэг шинэ санаа төрсөн эсвэл бэрх асуудалтай тулгарсан үедээ хүнтэй ярилцахаас урьтаж дотроо тунгаан боддог. Ийнхүү Буд нь охины ордныхон бусад хүний туслалцаагүйгээр өөрсдийгөө урагшлах урам зоригоор цэнэглэж чаддаг учраас ямар нэг ажлыг бууж өгөлгүй дуусгаж чаддаг билээ.
Тус ордныхон хэл, бичгийн эрдэмдээ сайн. Тийм байлаа гээд үргэлж хүмүүстэй яриа өрнүүлээд яваад байдаггүй бөгөөд асууж шалгаахаас нааш түрүүлж ам нээх нь тун ховор. Харин ярьж эхлэхэд нь хүмүүс анхааралтай сонсож, үзэл бодлыг нь хүндэтгэдэг байна. Мөн энэ төрлийн хүмүүс ярьснаас бичихийг илүүд үздэг билээ.
Аливаа зүйлд суралцахдаа эмх цэгцтэй орчинг бүрдүүлж, шат дараалалтай төлөвлөгөөг боловсруулдаг. Маш их тоо, баримт цуглуулж сайн үр дүнд хүрдэг ч олж авсан мэдлэгээ олон талаас нь ашиглахад асуудалтай тулгардаг. Мөн тэд хэдий өргөн мэдлэгтэй ч Буд гарагийн усны ордуудтай (загас, хилэнц, мэлхий) харьцуулахад бүтээлчээр сэтгэхдээ тааруу юм.
Тус ордныхон Буд нь нум эсвэл ихрийн ордуудтай харилцахад бэрхшээл гарах нь элбэг. Учир нь тэд нэг хүсэл сонирхолтой байсан ч түүнийгээ илтгэх хэлбэр нь тэс өөр юм.
Ямар ордтой тохирдог вэ?
Буд нь охины ордныхон урдаа тавьсан зорилгодоо маш нухацтай ханддаг тул өөртэйгөө адил охин эсвэл матрын ордныхонтой санаа нийлэх болно. Мөн Буд нь хумхын ордтой сорилтууд их ч сэтгэл ханамжтай харилцааг бий болгож чаддаг.
Буд нь жинлүүрийн ордныхон өөрийгөө бусдын оронд тавьж үзэх чадвартай бөгөөд бодлоо хүмүүст тулгадаггүй. Учир нь тэд хэзээ ч өөрсдийн бодол нь 100% үнэн гэдэгт итгэдэггүй ба хүмүүсийн үзэл санаа нөхцөл байдлаас шалтгаалан харилцан адилгүй гэдгийг сайн ойлгодог билээ. Тиймээс уг ордныхон бүх төрлийн хүмүүстэй хэл амаа маш сайн олдог. Тэдний энэхүү зан чанар нь олон эерэг ач холбогдлуудтай ч сөрөг талууд ч бас бий. Тухайлбал, нөхцөл байдлыг олон талаас харж, давуу болон сул тал бүрийг анзаарах нь шийдвэр гаргах үйл явцыг маш удаан болгож, зарим үед шийдвэрээс зугтах нөхцөл байдлыг бий болгодог. Тиймээс тэд хариуцлагыг бусдад үүрүүлэх хандлагатай байдаг.
Буд нь жинлүүрийн ордны нээлттэй, чин сэтгэлээсээ, хүндлэлтэй ярьдаг байдал нь хүмүүст итгэл төрүүлдэг байна. Түүнчлэн уг ордныхон харилцан ярилцагчийнхаа сайн мэддэг, чухалчилж үздэг сэдвийнх нь талаар ярихдаа сайн бас үүндээ ч дуртай. Учир нь тэдэнд өөрсдийнх нь яриаг нэг үг алгасалгүй сонсох нь чухал байдаг. Мөн энэхүү ордныхон дипломат зан чанартай тул аливаа маргааныг шийдвэрлэхдээ гаргууд бөгөөд асуудлыг аль болох хэнийг ч эвгүй байдалд оруулж, гомдоолгүйгээр шийдвэрлэхийг зорьдог.
Ямар ордтой тохирдог вэ?
Тус ордныхон Буд нь хумх болон загасны ордныхонтой хамгийн сайн тохирдог. Тодруулбал, Буд нь хумхын нийцтэй, үгэнд оромтгой зан болон Буд нь загасны гүн гүнзгий сэтгэл зүй нь жинлүүртэй таардаг байна. Түүнчлэн Буд нь хумхууд тэдэнд шийдвэр гаргахад нь тусалдаг бол Буд нь загастай зүгээр л хамт байхад таатай байдаг.
Буд нь хилэнцийн ордныхон маш хүчтэй сэтгэл хөдлөлтэй. Тэд баримт, нотолгоог харахаасаа түрүүлж мэдрэмжээ анзаардаг онцлогтой бөгөөд сөрөг сэтгэгдэл үлдээсэн хүнийг уучилдаггүй байна.
Тэд бодол, мэдрэмжээ зөвхөн өөртөө хадгалдаг төрөлхийн зантай. Тиймээс Буд нь хилэнцийн ордныхон маш их амбицтай атлаа алдар нэртэй болж, олонд танигдаж, амьдралаа нийтийн өмнө дэлгэх хүсэлгүй байдаг. Харин зүгээр л жаргалтай мөчөө мэдэрч, бусдын төлөө санаа зовохгүй амьдрахыг эрхэмлэдэг юм.
Эдгээр хүмүүс бусадтай харилцахдаа багагүй зөрчилдөөнтэй тулгардаг. Энэ нь тэдний хүчтэй сэтгэл хөдлөл болон шударга зангаас нь болдог байна. Түүнчлэн Буд нь хилэнцийн ордныхон харилцан ярилцагчтайгаа өдөөн хатгасан өнгө аясаар ярьдаг. Муу санасандаа бус тухайн хүнийг гүн гүнзгий ойлгох үүднээс сул талыг нь дөвийлгөдөг байна. Мөн тэд гал мэт дүрэлзсэн харилцааны өнгө аястай. Маш нууцлаг учир өөртэй нь холбоотой зүйл ярихаас зайлсхийдэг атлаа өөртэй нь холбоогүй зүйлийн тухай ярихдаа муухан илтгэгчээс илүү урам зоригтой болчихдог. Тэдэнтэй маргалдаад дийлнэ гэдэг их хэцүү. Учир нь эдгээр хүмүүс зүгээр нэг мэдлэгээ харуулах гэсэн хүслээс гадна үргэлж тэргүүлэх ёстой гэсэн бодолтой явдаг юм.
Тус ордныхон хэлсэн үг, хийсэн үйлдлээсээ уучлалт гуйх нь маш ховор. Учир нь тэд өөрсдийгөө яг л байгаагаар нь хайрлаж хэний ч өмнө толгой гудайлгах хэрэггүй гэж боддог ба өөрийгөө зөвтгөх шалтгаан нь хэлний үзүүр дээр нь үргэлж байдаг. Гэхдээ тэднийг хэт хүйтэн цэвдэг сэтгэлтэй гэж дүгнэхдээ бүүр яар. Учир нь Буд нь хилэнцийн ордныхон уучлалт гуйдаг ч «Намайг тийм үйлдэл хийсэнд уучлаарай» гэхийн оронд «Чамд тэгж мэдрэгдсэнд харамсалтай байна» гэж хэлэх хандлагатай.
Ямар ордтой тохирдог вэ?
Энэхүү ордныхон хэчнээн чулуу шиг хатуу сэтгэгдэл төрүүлдэг ч зүрх бас мэдрэмжээ дагадаг. Тиймдээ ч сэтгэл хөдлөл ихтэй ордууд болох Буд нь загас, мэлхийн ордныхонтой сайн нийцдэг. Түүнчлэн тус ордны сонирхлыг татдаг бас нэгэн орд бол Буд нь охины ордод хамаардаг хүмүүс юм. Учир нь тэд өндөр оюуны чадамжтай, шударга бөгөөд нууцлагдмал байдаг. Эдгээр хоёр ордны харилцаанд асуудлууд эхэн үедээ гарах ч, хугацаа өнгөрөх тусам ойлголцол эзэгнэж эхэлдэг.
Буд нь нумын ордныхон нөхцөл байдлыг ерөнхий зургаар харахдаа маш сайн ч деталь дээр төвлөрч чаддаггүй сул талтай. Тэд философийн ухаанд сонирхолтой тул юмсын оршихуй, эс оршихуй зэрэг гүн утга санааг нь харахыг хичээдэг. Түүнчлэн тэдний сэтгэн бодох нь маш хурдан учраас аливаа юмсаас амархан уйддаг. Тиймдээ ч Буд нь нумууд нэг асуудлын талаар давтаж ярьдаггүй бөгөөд нэг байрандаа удаан зогсдоггүй билээ. Уг чанар нь Буд нь нумын ордныхныг сониуч зан, урам зоригоор цэнэглэж үргэлж шинийг сэдэх өдөөгч нь болдог юм.
Буд нь нумын ордод байршсан хүмүүс маш шударга. Таалагдахгүй байгаа зүйлээ ямар ч нэмэлтгүйгээр, нөгөө хүнийхээ сэтгэл шархална гэсэн бодолгүйгээр үзэл бодлоо илэрхийлж чаддаг билээ. Энэ нь тэдний давуу тал ч нууц байлгахад тохиромжтой зүйлээ ярьчихдаг нь асуудал дагуулдаг.
Тус ордныхон нь аливаа түүхийг сонирхолтой байдлаар ярьдаг байгалиасаа заяагдсан авьяастай. Мөн Буд нь нумын ордныхон өөрсдийгөө бүх сэдвийн дагуу нээлттэй сэтгэдэг гэж үздэг ч үнэн хэрэгтээ ёс суртахууныг юу юунаас илүү эрхэмлэдэг юм. Түүнчлэн тэд детальд анхаарах чадалгүйгээсээ үүдэн муу сонсогчид гэж тодорхойлогддог.
Ямар ордтой тохирдог вэ?
Тус ордныхон үргэлж «Яагаад?» гэх асуултад хариулахыг оролддог. Тиймээс сониуч хэмээн тодорхойлогддог Буд нь хумхын ордтой нийцдэг бөгөөд хумх нь тэдний хувьд тус асуултын хариултыг эрэлхийлэх сайн хамтрагч нь болдог. Түүнчлэн уг ордныхон ямагт урам зориг, зугаа цэнгэлийн хойноос явдаг тул шинэ санаагаар дүүрэн байдаг Буд нь хонины ордныхонтой тохирдог билээ.
Буд нь матрын ордныхон алхам бүртээ зорилгоо тодорхойлдог бөгөөд түүндээ хүрэхийн тулд тууштай хөдөлмөрлөж чаддаг. Өөрийгөө хөгжүүлэх тал дээр маш их амбицтай ба бусад газар махбодтой ордныхонтойгоо харьцуулахад өөртөө хэт шүүмжлэлтэй ханддаггүй давуу талтай. Түүнчлэн тэд маш газартаа буусан сэтгэлгээтэй тул хурдан явахын оронд өдөр бүр нэг алхмаар урагшлахыг илүүд үздэг. Илүү хэцүү байх тусам илүү их үнэ цэнийг дагуулдагт тэд итгэдэг.
Тэд хэлэхээсээ өмнө үргэлж бодож, төлөвлөдөг. Учир нь тэд бусад хүмүүст мэдлэг дутуу харагдахаас эмээдэг байна. Түүнчлэн энэхүү чанараасаа үүдэж баяр хөөр, уур хилэн зэрэг сэтгэл хөдлөлөө дотроосоо гаргаж чадалгүй удсаар сэтгэл нь бугладаг сөрөг талтай билээ.
Тус ордныхон тайван бас дэс дараалалтайгаар ярьж эсвэл бичдэг. Учир нь матруудад эмх цэгц, ойлгомжтой бүтэц хамгаас чухал билээ. Тиймдээ ч тэд ямарваа нэг зүйлийг шийдвэрлэхдээ асуудлыг бүлэгт хувааж дүн шинжилгээ хийсний эцэст эцсийн шийдвэрээ гаргадаг онцлогтой. Мөн Буд нь матрын ордод байршсан хүмүүс хэдий авхаалж самбаатай ч нэг дор олон мэдээлэл хүлээж авахдаа тааруу билээ.
Буд нь матрын ордныхон хэлсэндээ хүрдэггүй хүмүүстэй харилцах хамгийн дургүй. Энэ нь даамжрах юм бол хоорондын холбоогоо бүр мөсөн тасалж ч чадна. Түүнчлэн тэдэнтэй харилцахад бага зэрэг хатуу, ширүүн санагдах бөгөөд маш энгийн зүйлийг (Буд нь матруудын хувьд) ойлгохгүй байх нь тэдний дургүйг хүргэдэг.
Ямар ордтой тохирдог вэ?
Уг ордныхон газар махбодтой ордуудтай (Буд нь үхэр, охин, матар) бүгдтэй нь тохирдог. Тэд бие биедээ маш хүндэтгэлтэй ханддаг бөгөөд хүчирхэг, бие даасан байдал нь харилцахад хялбар болгодог гэж үздэг. Түүнчлэн тэд гадагш чиглэсэн сэтгэл хөдлөлтэй Буд нь хилэнцийн ордтой нийцдэг билээ.
Буд гараг нь хумхын ордны хүмүүс төрөлхийн хайрцгаас гадуур сэтгэдгээрээ онцлог. Эдгээр хүмүүс хайрцагт хязгаарлагдахгүйгээр чөлөөтэй сэтгэж чаддаг бөгөөд хэвшсэн итгэл үнэмшил, урьдчилсан таамгийг эвдэх сонирхолтой билээ. Нөгөөтээгүүр, тэд бусад хүмүүсийн бодлыг үл ойшоож, нэлээд тэрсүүд хандлага гаргадаг байна. Үүнээс үүдэн маргаан гарах юм бол байр сууриа хамгаалж, мэтгэлцэхэд бэлэн бөгөөд ялахдаа итгэлтэй байдаг.
Тэд амьдралын утга учир, хайр, гэр бүл, амжилт ололт зэрэг гүн сэдвийн талаар яриа өрнүүлэхийг илүүд үздэг байна. Түүнчлэн Буд нь хумхын ордныхон байгалиасаа бүтээлч сэтгэлгээтэй бөгөөд дүрслэх урлаг, дуу, хөгжим, уран зохиолд яг л хуучин тавилгуудын байрыг сольж байгаа мэт шинэ уур амьсгал оруулах сонирхолтой байдаг. Ингэснээр тэд тайвширсан, тав тухтай мэдрэмжийг авдаг байна. Мөн Буд нь хумхууд сэтгэлгээ болон сэтгэл хөдлөлөө ялгаж салгаж чаддаг бөгөөд шийдвэр гаргахдаа хөндлөнгийн зүйлсэд сатаарахгүйгээр нотлох баримтан дээр суурилдаг. Энэ зан чанар нь тэдний хариу үйлдлийг тааварлашгүй болгодог ач холбогдолтой бол сэтгэл хөдлөлөө дор бүрд нь гаргаж чадаагүйгээсээ үүдэн биеэр хохирдог сөрөг үр дагавартай билээ.
Буд нь хумхын ордныхон үзэл бодлоо маш шударгаар илэрхийлдэг бөгөөд харилцан ярилцагч нь хатуу, өрөвдөх сэтгэлгүй гэж дүгнэх нь олонтаа. Түүнчлэн энэхүү ордныхны ярианаас тэдний оюуны чадамж өндөртэй нь мэдрэгддэг билээ. Тиймээс дийлэнх тохиолдолд өөрсдөд нь амархан санагдсан зүйлийг нөгөө хүн нь ойлгохгүй байх явдал тэдний унтууцлыг хүргэдэг байна.
Ямар ордтой тохирдог вэ?
Тэд аливаа зүйлд дүн шинжилгээ хийж, логик сэтгэлгээгээр ханддаг учраас хүчтэй сэтгэгдэл төрүүлэхдээ гарамгай Буд нь хонь, нумын ордуудад татагддаг юм. Түүнчлэн уг ордныхны дийлэнх нь sapiosexual буюу оюуны чадамж, мэдлэгт татагддаг тул Буд нь охин, хумх зэрэг ордуудтай тохирдог байна.
Буд нь загасны ордныхон хамгийн сайн зөн совинтой байдаг. Тэд хүмүүсийн юу сэдэж, мэдэрч байгааг тайлж уншихад нэг удаа ярилцахад л хангалттай юм. Түүнчлэн Буд нь загаснууд юмс хоорондоо хэрхэн холбогдож, хаана огтлолцдогийг мэдэрдэг төрөлхийн чадвартай билээ.
Тэд өөрсдийгөө үгээр болон биеийн хэлэмжээр илэрхийлэхдээ онцгой сайн ба яриагаараа хүмүүсийг өөрийгөө нээхэд нь тусалдаг билээ. Учир нь тэд ярилцагчийнхаа асуудлын гол цөмийг нь олж хардаг ба гоочлохгүйгээр зөвлөхийг эрмэлздэг сайн сонсогчид юм. Тус ордныхон намуухан, дулаан мэдрэмж төрүүлэм, тэр ч бүү хэл уран яруу ярианы өнгө аястай. Зан байдлын хувьд Буд н загаснууд маш хувирамтгай. Юуны учраас сайхан зантай байгаа нь болон яагаад амандаа ус балгасан мэт байгааг нь хөндлөнгөөс хараад ойлгоход тун бэрх. Тэд өөрсдөө ч зарим сэтгэл хөдлөлөө ойлгодоггүй. Мөн уг ордныхон дуугарахаасаа өмнө заавал тунгаан боддог. Учир нь тэд хэзээ ч хэнийг ч гомдоохыг хүсдэггүй билээ. Тиймдээ ч өөрийн бодлоо хэлэхийн оронд өөдөөс хараад сууж буй хүнд таалагдахаар зүйлийг сонгон ярих хандлагатай юм. Хэрэгтэй гэж үзэх юм бол худал ч хэлэх үе гардаг.
Тус ордныхонд шийдвэр гаргана гэдэг хүндхэн даваа юм. Учир нь тэдэнд баримталдаг тодорхой зарчим гэж байдаггүй бөгөөд өдөр тутамдаа маш их мэдээлэл хүлээн авч, бүх юмсад нээлттэй, бүтээлч сэтгэлгээгээр ханддаг. Иймд нотолгоонд бус мэдрэмждээ суурилж шийдвэр гаргах нь олон гардаг билээ.
Буд нь загасны ордныхны бас нэгэн нийтлэг шинж чанар нь тодорхой бус байдал юм. Тэд үзэл бодлоо тодорхой илэрхийлж сурсан цагт үл ойлголцол, маргаан гарахгүй байх гол хөшүүрэг нь болно хэмээн астрологичид үздэг билээ.
Ямар ордтой тохирдог вэ?
Тэд өөртэйгөө адил сэтгэл хөдлөлөөр баялаг хүмүүст татагддаг ч тэдгээр хүмүүстэй удаан хугацааг өнгөрүүлэхэд өдөр бүр галзуу хулганад суусан мэт толгой эргэж, дотор нь муухай оргиулдаг. Тиймээс тэд хүчтэй сэтгэл хөдлөлтэйн сацуу шулуун шударга зантай Буд нь арслангийн ордныхонтой маш сайн нийцдэг. Түүнчлэн бусдын сэтгэлийг засаж, дэмжлэгээр тэтгэх хүсэлтэй тул ярвигтай зан чанартай Буд нь хилэнцүүдэд татагддаг билээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт