2003 оноос хойш их биеийн загвартаа дорвитой өөрчлөлт хийгээгүй Range Rover автомашины шинэ загварыг үнэнч хэрэглэгчид нь маш удаан хүлээсэн. Шинэчлэгдсэн загвар 2023 онд гарах сургаар миний эргэн тойрны хүмүүс эхнээсээ захиалгаа өгч эхлээд хэдэн сар өнгөрч байна. Jaguar Land Rover брэндийн Монгол дахь албан ёсны борлуулагч "Старчейз Автомотив Лимитд" ХХК шинэ Range Rover-ыг олон нийтэд танилцуулах ажлыг Бюротой хамтран зохион байгуулахаар бэлтгэж байгаа тул манай уншигчид тун удахгүй цоо шинэ загварыг ойроос харах боломжтой болно.
Харин олон улс дахь танилцуулгыг Jaguar Land Rover брэндийн Англи дахь толгой компани АНУ-ын Калифорни муж дахь Сан-Франциско хотод саяхан зохион байгуулсан бөгөөд миний бие Бюрог төлөөлөн орон орны хэвлэл мэдээллийн сэтгүүлчдийн хамтаар гурав хоногийн турш 2023 оны Range Rover-той танилцах төрөл бүрийн арга хэмжээнүүдэд оролцон маш үзэсгэлэнтэй газруудаар шинэ машиныг өөрийн биеэр жолоодон туршиж үзэх боломж гарсан юм.
Мэдээж англичууд, яг л өөрсдийн бүтээдэг Range Rover автомашиныхаа адил, бүх юмыг тансаг бөгөөд тав тухтай байхаар хийдэг ба бидний энэ удаагийн аяллыг ч мөн гайхалтай зохион байгуулсан байлаа. Монголоос АНУ хүртэл бизнес ангиллаар нисгэж, онгоцны буудал дээр буухад Autobiography загварын шинэ Range Rover-оор тосож, арын суудал нь хэвтдэг энэхүү тухтай автомашинаар таван одтой зочид буудалд хүргэж, цаашлаад Америкийн виноны нутаг болох Напа болон Сономагийн хѳндий рүү хувийн онгоцоор нисгэж танилцуулгын үндсэн үйл ажиллагаа дээр биднийг авчирсан билээ.
Напагийн хѳндийд газардахад 20 гаруй "Sunset Gold" (жаргах наран шаргал) ѳнгийн 2023 оны Range Rover машин эгнэн хүлээж байсан нь үнэхээр сүртэй. Тэр мөчид шинэ Range Rover-ыг харахад юун түрүүнд гаднах дизайны хувьд үнэхээр амжилтад хүрчээ гэх бодол орж ирж байв. Хэрэглэгчид нь уг машины хэлбэрт үнэхээр хайртай байдгийг брэндийн дизайнерууд маш сайн мэддэг тул хэлбэр дүрсээ хадгалан, харин улам цэмцгэр, орчин үеийн болгож ил харагддаг байсан олон деталиудыг нуух маягаар шинэчилжээ. Арын тормозны гэрэл асаагүй үедээ хар ѳнгѳтэй хүрээ мэт харагдан машины гоёлын нэг хэсэг болох бол, ассан үедээ харин урьд ѳмнѳ нь ямар ч машинд хэрэглэгдэж байгаагүй тод LED гэрлээр гайхшируулах талаар дизайны багт ажилласан мэргэжилтэн танилцуулж байлаа. Машины хаалганы бариулуудыг мѳн нуусан ба машин онгойлгох команд өгөх үед ил гарч ирдэг тохиргоотойгоор хийгджээ.
Тэнд цугласан бүх сэтгүүлчдийг "Өѳрсдѳѳ шууд машинаа барин навигацид оруулсан хаяг дээр ирээрэй. Бид та бүхнийг тэнд хүлээж байх болно" хэмээн Англиас ирсэн тѳв оффисын менежерүүд зааварчилж байлаа. Ингээд машинд орж суугаад асаатал гурван цаг аялж байж заасан байршилд очихоор байв.
Шинэ Range Rover дотор суусан даруйд "Ашгүй дөрвөн уух юмны тасалгаатай болж. Урд суух зорчигчдын уух зүйлс, утас, түлхүүр гээд бүгд багтах нь" гэх бодол төрсөн бөгөөд дэлгэц рүү хартал дэлгэц нь ч урьдынхаасаа илүү том буюу 13.1 инчийн голын дэлгэц, 13.7 инчийн дижитал жолоочийн хянах дэлгэцтэй болжээ. Харин машин асаах товчлуурыг олохгүй хэсэг хайтал байдаг газраасаа нүүж голын хэсэгт aрааны хажууд ирснийг олж харсан юм. Ийнхүү машинаа асаагаад жолоодоод явахад өмнөх загваруудаасаа илүү зөөлөн, тав тухтай мэдрэмжийг өгч байв. Илүү тухтай болсон атлаа их бие нь өмнөх загвараасаа 50% илүү бат бөх болсон нь аюулгүй байдлын хувьд маш том давуу тал билээ.
Хурдны зам руу ороход, А цэгээс Б цэг хүрэхэд хол замд хамгийн тухтай машины нэг яах аргагүй мѳн гэдгийг батлах бас нэгэн давуу тал нь дуу чимээг ѳмнѳх загвараасаа 24% багассан, дуу дарах систем (noise-canceling system) маш сайн ажиллаж байлаа. Шинэ Range Rover мѳн Meridian Signature Sound System-ийн 35 ширхэг спикертэйгээс гадна дөрвөн зорчигчийн дэрэнд 2.4 инчийн спикер шинээр байрлуулж ѳгсѳн нь машинд яваа хүмүүсийн тав тухыг улам хангаж, дуу явж байх үед ч хоорондоо чанга ярих шаардлагагүй болж, дор бүрнээ хувийн таатай орчныг бүрдүүлэн нам дуугаар ярилцах боломжийг бий болгожээ.
"Энэхүү аяллын маршрутыг гаргахдаа Калифорни мужийн зүүн хойд эргийн Range Rover машины хэрэглэгчид ямар замаар зорчдогийг бидэнд мэдрүүлэхийг хүссэн" хэмээн тус брэндийн олон улсын харилцааны тѳлѳѳлѳгч Ричард Агнью ярьж байсан юм. Мэдээж үнэхээр үзэсгэлэнтэй далайн эргийн дагуу, уулын мушгиа замаар, ой мод дундуур гээд байгалийн гоо үзэсгэлэнг харан аялахад Range Rover машины хурд, хүчийг бүрэн мэдрэх боломжтой байлаа. Тэр дундаа ой дундуур, дѳнгѳж бороо ороод дууссан шавхайтай замаар явахад, Range Rover бол хот дотор унах тухтай машин гэдгээс гадна ямар ч замыг хөнгөн туулах бартаат замын машин болох нь илт мэдрэгдсэн бөгөөд 23 инчийн обудтай машинаа ѳндѳрлѳж, бартаат замын тохиргоо дээр тавьснаар хүрэх газартаа амжилттай хүрлээ. Монголдоо бол хэзээ ч Range Rover машинтай явна гэж бодохооргүй замуудаар явуулсан нь их сонирхолтой байлаа. Англичуудын зүгээс харин энэ машинтай ямар ч замаар явна гэдгийг ойлгуулах гэж ийм маршрутыг сонгосон нь тодорхой юм.
Ингээд хүрэх газраа иртэл маш үзэсгэлэнтэй байгальд, сонирхолтой архитектурын шийдэл бүхий хувийн эзэмшлийн хаус дотор ѳдрийн цай бэлтгэсэн байлаа. Тэнд олон улсын сэтгүүлчид хоорондоо танилцан олон сэдвээр ярилцаж байсан юм. Сонирхуулахад, тэр дунд ихэвчлэн сонин, сэтгүүл, вебсайтад зѳвхѳн машины талаар нийтлэл болон шүүмж бичдэг эрчүүд цугласан байлаа.
Үүний дараа бид дахин таван цагийн турш машин барин Сономад байрлах Montage Healdsburg резортод гурван ѳѳр тѳрлийн Range Rover (P400 6-cylinder, D350 6-cylinder, P530 4.4-litre V8 Twin Turbo) туршиж үзэн ирцгээв. Аялж явахад машины арын багаж хэсэгт пикник маягаар суухад зориулагдсан нуруугаа налах түшлэг, уух юмаа байршуулах тусгай сав ч хүртэл шинэ загварт орсон байсныг бид туршиж үзэн, хэрэглээг нь гаргахад маш таатай санагдаж байв. Мѳн тус машины түүхэнд анх удаа гурван эгнээ бүхий долоон хүний суудалтай сонголт гарсныг сонирхож, товчлуур дарах төдийд сандал хураагдаж гуравдугаар эгнээний зорчигч төвөггүй машинаас буух боломжтой байсан нь ихэд таалагдлаа.
Range Rover машины хамгийн гүн сэтгэгдэл тѳрүүлдэг загвар нь мэдээж SV урт загвар нь билээ. Тансаг зэрэглэлийн машинууд дотроос хамгийн шилдэг нь гэж тодорхойлж болно. Арын эгнээний зѳѳлѳн хэвтдэг сандал, автоматаар гарч ирэх ширээ болон ундааны сав, автоматаар онгойж хаагдах хѳргѳгч, керамик тоноглол, гайхалтай оёдол хийцтэй савхин салон гээд үнэхээр гайхалтай. Үүнээс гадна шинэ Range Rover улам орчин үеийн болсон гэдгээ бататган 2024 онд бүрэн цахилгаан загварын машинаа танилцуулах юм байна.
Манай Монголын анхны захиалагчид 2023 оны шинэ Range Rover-ыг энэ оны гуравдугаар улирлаас эхлэн хүлээн авах ба харин шинээр хийх захиалгууд 1.5 - 2 жил хүлээгдэх тѳлѳвтэй байна.
Jaguar Land Rover албан ёсны диллер
Хаяг: Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Наадамчдын зам 65/1, Улаанбаатар хот
Утас: 99118301, 99118375, 75753911
Facebook хуудсууд: Jaguar & Land Rover
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт