Бохо-шик интерьер бүтээх 9 алхам

Хайрцгаас гадуур сэтгэдэг, эрх чөлөөтэй хүмүүст зориулав

Ө.Тодгэрэл

Та нийгмийн уламжлалт дүрмээр хязгаарлагдах дургүй, нээлттэй сэтгэлгээтэй, эрх чөлөөтэй хүн мөн үү? Та өөртөө үнэнч, өөрийн мэдрэмж ба үнэмшлийн дагуу амьдардаг уу? Мөн урлагийн бүтээл ширтэж, дуу хөгжим сонсохдоо юу юунаас ч илүү таашаал авдаг уу? Хэрвээ тийм гэж хариулсан бол танд магадгүй богемын стильтэй интерьер дизайн таалагдана байх. Товчилбол бохо-шик хэмээн хэлдэг богемын стиль нь юуны түрүүнд хайрцгаас гадуур сэтгэдэг хүмүүст зориулагдсан юм. Энэ стилийг замбараагүй, завгүй гэх үгсээр тодорхойлж болох ч эд зүйл бүр нь тантай холбоотой түүхийг өгүүлж, дахин давтагдашгүй дизайныг бий болгодог. Өөрөөр хэлбэл та хувь хүнийхээ онцлогийг амьдарч буй гэрийнхээ дизайнаар дамжуулан харуулахыг хүсвэл энэ стилийг сонгох хэрэгтэй юм. Харин бохо-шик интерьерийг бүтээхэд төвөгтэй санагдаж, хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа бол бидний бэлдсэн дараах зааварчилгааг анхааралдаа аван уг стилийн үндсэн зарчмуудтай танилцаарай.

Нэгдүгээр алхам: Энгийн суурь тавь

Бохо-шик интерьер бүтээхийн тулд эхлээд гэрийнхээ дотоод заслыг цэлгэр харагдуулах цайвар, газрын дулаан өнгөнүүдээр шийдэж аль болох энгийн суурь тавьж өгөхийг зөвлөж байна. Ингэснээр та гэрээ тод бөгөөд анхаарал татахуйц эд зүйлсээр дүүргэсэн ч интерьер тань хэтэрхий "галзуу" харагдахгүй.

Мэдээж бохо-шик стильд ямар нэгэн дүрэм байхгүй тул та хүсвэл ханаа өнгө өнгөөр будаж хамгийн зоригтой санаануудаа хэрэгжүүлэх боломжтой. Гэхдээ саармаг өнгийн обой ба шал нь ямар ч эд хогшил, тавилгатай зохицдог тул энэ нь хамгийн аюулгүй сонголт болно.

Хоёрдугаар алхам: Ургамал байршуул

Ургамал ба цэцэгс нь бохо-шик хэв маягийн салшгүй нэг хэсэг юм. Ургамлын ачаар орон зайг илүү тайван уур амьсгалтай болгож, нүдэнд зөөлөн байгалийн өнгө нэмэхийн зэрэгцээ гэрийн агаараа цэвэршүүлэх том давуу талтай. Ургамлаа зөвхөн газар байршуулна гэлтгүй ханан дээр өлгөх, таазнаас унжуулах зэрэг бүтээлч хувилбаруудыг туршаад үзээрэй.

Гуравдугаар алхам: Төрөл бүрийн хээ угалзаар тоглолт хий

Төрөл бүрийн хээ, хэлбэр дүрсээр баялаг хивс, бүтээлэг, дэрний уут, нөмрөг зэргийг хооронд нь хослуулж, олон стилийг нэг дор байршуулах нь бохо-шик дизайн сонирхож буй хүмүүсийн заавал суралцах хэрэгтэй урлаг юм. Гэхдээ таны хослуулах хээ угалзнууд хоорондоо уялдан холбоотой харагдах учиртай тул эд зүйлсээ нэг өнгийн палетын дагуу сонгохыг хичээгээрэй. Улаан хүрэн, маргад эрдэнийн ногоон, гүн хөх ягаан, улбар шар гэх өнгөнүүд нь ихэвчлэн богемын стилийн илэрхийлэл болдог.

Дөрөвдүгээр алхам: Гар урлалын хийцтэй өвөрмөц тавилга цуглуул

Гэрийнхээ тавилгыг бүрдүүлэхдээ дэлгүүрээс бэлэн сет худалдаж авалгүй дор бүрдээ өөрийн гэсэн түүх агуулах, өвөрмөц эдлэлүүдийг цуглуулаарай. Тавилгууд тань заавал хоорондоо төгс зохицож, үйлдвэрээс дөнгөж ачигдсан мэт өөгүй гөлгөр гадаргуутай байх албагүй. Харин ч бага зэрэг хуучирсан мэт жижиг өө сэвтэй, орон орноос цуглуулсан мэт өвөрмөц гар урлалын хийцтэй эд хогшлууд байвал бүр ч үзэсгэлэнтэй харагдана. Ингэснээр таны гэрийн дизайн хаана ч давтагдахгүй гэдэгт итгэлтэй байж болно.

Тавдугаар алхам: Минимализмаас зугт

Богемын стильтэй интерьерийг сонирхож байгаа бол "их байх тусмаа сайн" гэх зарчмыг санаарай. Өөрөөр хэлбэл энэ нь галерей мэт хоосон, цайвар орон зайгаар тодорхойлогддог минимал стилийн эсрэг зүйл юм. Хувь хүнийхээ онцлог, сонирхлыг өрөө бүртээ шингээж, дуртай бүхнээ үзмэр болгон ил тавих эрх чөлөө танд бий. Гэхдээ мэдээж тунг нь тааруулж, утгагүй бөгөөд шаардлагагүй зүйлс овоолохоос сэргийлэх хэрэгтэй.

Зургаадугаар алхам: Өрөөгөө тод өнгөнүүдээр солонгоруул

Бохо-шик гэх үгийг хэлэх үед толгойд хамгийн түрүүнд тод өнгөнүүд орж ирдэг. Ягаан, хөх ягаан, ногоон, улбар шар, гүн цэнхэр гээд зоригтой өнгөнүүдээр гэрээ тохижуулснаар өдөр бүр баяр баясгалантай орчноор өөрийгөө хүрээлүүлнэ гэсэн үг. Тэр дундаа эрдэнийн чулуудын өнгөнүүд богемын стильтэй сайхан зохицдог. Мароккогоос авчирсан мэт гүн өнгөнүүдтэй орны даавуу, олон өнгөөр солонгорох буйдан гээд төсөөлөхөд л нүд гэрэлтэж байгаа биз?

Долоодугаар алхам: Гэрээ толь ба металлик гадаргуутай эд зүйлсээр чимэглэ

Ер нь л зөвхөн богемын гэлтгүй ямар ч дизайнтай гэрт толь байршуулснаар орон зайг илүү цэлгэр, том харагдуулах боломжтой байдаг. Харин металлик гадаргуутай чимэглэл, эд зүйлс нь бохо-шик интерьерт загварлаг, дэгжин аяс нэмж өгдөг. Алтлаг өнгийн гэрлийн бүрхүүл, номын тавиур дээрх металлик баримал, гоёмсог хүрээтэй толь гээд жижиг деталиуд их чухал шүү.

Наймдугаар алхам: Олон давхарлах аргачлалд суралц

Нэг, хоёр, бүр гурван өөр өөр дизайнтай хивс давхарлаж, олон янзын зөөлөн бүтээлгүүдийг буйдан дээрээ зэрэгцүүлэн тавьснаар таны гэр тав тухтай, дулаан энерги цацруулах болно.

Есдүгээр буюу хамгийн чухал алхам: Урлагийн бүтээл цуглуул

Ханануудаа уран зургаар дүүргэн орон орны өөр соёлыг харуулсан үзэсгэлэн бий болгож дуусашгүй их ярианы сэдвийг зочдодоо өгөөрэй. Мөн эртний эдлэлийн дэлгүүрээс олсон сонирхолтой урлагийн бүтээлүүдээр гэрээ баяжуулах нь богемын стилийн хамгийн чухал бүрэлдэхүүн юм.

Бохо-шик интерьер дизайны санаанууд

Ө.Тодгэрэл

2019-09-19, 19:00