Дэвүүрээс сэдэвлэсэн архитектур
Футурист уран барилгуудаараа алдартай Snøhetta компани ээлжит төсөл буюу Шанхайн Дуурийн Театрын барилгын зураг төслийг танилцууллаа. Шанхай хотын Хуанпу мөрний эрэг дагуу орших дуурийн театрын онцлох зүйл нь задгай дээвэр, түүнтэй холбогдох мушгиралдсан шат бөгөөд тэрхүү шатыг эгц дээрээс харвал дэлгэж тавьсан дэвүүр мэт харагдах ажээ. Энэхүү архитектурын шийдлээрээ хэн бүхэнд, хэзээд нээлттэй гэсэн санааг илэрхийлэхийг зорьсон байна. Дэлгэгдсэн дэвүүрийн силуэтийг архитектур төдийгүй дотоод засалд ч бас ашиглажээ.
Дуурийн театр нийт гурван тоглолтын танхимаас бүрдэх ба театрын дуугаралтыг илүү чанартай байлгах үүднээс дотоод заслыг гүйцэтгэхдээ царс мод ашиглана гэдгийг компанийн зүгээс онцоллоо. Хятадын орчин үеийн урлаг соёлыг дэлхий дахинаа таниулах Шанхайн Дуурийн Театр 2023 онд ашиглалтад орохоор төлөвлөгдөөд байна.
Дашрамд дурдахад Норвегийн Snøhetta архитектурын компани усан доорх Under ресторан, Ослогийн Дуурийн Театр, Норвеги дахь футуристик хэв маягтай зочид буудал, Нью-Йоркийн Таймс Скверийн зураг төслийг гаргасан гэдгээрээ алдартай билээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт