Уран бүтээлчийн гэр ямар байдаг вэ: Интерьер дизайнер Дани Нагелийн Лос-Анжелес дахь гэр

Винтэж ба ар-деко хэв маяг холилдсон Дани Нагелийн гэр

Зураач, уран барималч, хөгжимчин зэрэг урлагийн бүтээл туурвигчийн гэр хэрхэн харагддаг бол? Тэд зургийн урлан, хөгжмийн студи мэт байшинд, аль эсвэл энгийн нэг сууцанд амьдардаг болов уу? Энэхүү асуултын хариултыг олохоор бид "Уран бүтээлчийн гэр ямар байдаг вэ" хэмээх булангаа толилуулж байгаа бөгөөд энэ удаад Лос-Анжелес хотод амьдардаг интерьер дизайнер, уран бүтээлч, Dazey LA брэндийн үүсгэн байгуулагч Дани Нагелийн гэрээр зочлохоор шийдлээ.

Дани Нагел болон түүний найз залуу Филипп Батлер нар Лос-Анжелес хотын Бичвуд Каньон дахь гэртээ нүүж ирээд зургаан сарын хугацааг өнгөрүүлжээ. Винтэж болон ар-деко хэв маяг холилдон мэдрэгдэх интерьер заслыг хосууд өөрсдөө гаргасан ба ингэхдээ зураг төсөл гаргах эхний шатнаас эхлээд л дуусах хүртлээ Pinterest тавцанг ашигласан байна. Бичвуд Каньон дахь шинэ гэр нь тэдний анхны орон сууц биш бөгөөд үүний хажуугаар тэд мөн Калифорнийн Палм-Спрингст өөр нэгэн эдлэн газар эзэмшдэг ажээ. Хэрэв тэдний Палм-Спрингс дахь байшингаар зочилбол улбар шар, шар, улаан зэрэг тод өнгөнүүд болон бохо-шик хэв маяг зонхилох бол Бичвуд Каньон дахь байшингаас тэс өөр уур амьсгал мэдрэгдэнэ. "Миний уран бүтээлүүд өмнө нь 1970-аад оны Калифорнийг санагдуулам байсан бол одоо 1990-ээд оны уур амьсгал болон ар-деко хэв маягийн нэгдэл мэт мэдрэгддэг болсон. Тиймээс интерьердээ ч бас уг хэв маягийг шингээсэн байгаа" хэмээн Дани Нагел ярьсан юм.

Усан ягаан өнгийн хамба хилэн буйдан, ногоон ургамал, гар мэт харагдах сандал, ар-деко загвартай чийдэн зэргээр чимэглэсэн зочны өрөөнөөс тайван, намуун уур амьсгал мэдрэгдэх бол гүн хөх буйдан, хананд өлгөсөн уран зургууд ба сүлжмэл декор зэрэг завсрын өнгө давамгайлах Данигийн ажлын өрөө эрч хүч бэлэглэх мэт тохижилттой болжээ. Харин хоолны өрөө нь цэлгэр орчинтой төдийгүй тагт рүү шууд гардаг хаалгатай тул хосууд ихэнх цагаа энд өнгөрүүлэх дуртай гэнэ.

Buro.Mongolia

2019-11-29, 15:40