Гэртээ засвар хийж, тавилгуудаа шинэчлэх үед ихэнх хүмүүс ванны өрөөндөө төдийлөн анхаарал хандуулдаггүй. Гэвч орчин үед ванны өрөө нь бидний алжаалаа тайлж, хэсэгхэн хугацаанд бодит амьдралаас холдох боломжийг олгодог онцгой нэгэн орон зай болон хувирсан билээ. Жишээ нь ванны өрөөндөө намуухан ая эгшиглүүлэх, лааны бүүдгэр гэрэл асаах, зөөлөн усны чимээ сонсох гээд тархиа амрааж, сэтгэл санаагаа дээшлүүлэх боломжтой байдаг. Тиймээс ванны өрөөний жижиг деталь бүрт нухацтай хандаж, зөв уур амьсгал бүрдүүлэх шаардлагатай талаар орон орны интерьер дизайнерууд онцолсоор байгаа юм.
Ихэнх тохиолдолд ванны өрөөнд гадагш харсан цонх байдаггүй бөгөөд байгалийн гэрэл орж ирдэггүй учир тухайн өрөөний гэрэлтүүлэгт чухал ач холбогдол өгөх хэрэгтэй. Хүрээгээрээ гэрэлтдэг эсвэл өнгө өнгийн гэрэл цацруулах LЕD толь, нэмэлт таазны гэрлүүд гээд хэд хэдэн төрлийн гэрэлтүүлэг ашиглахыг зөвлөж байна. Гэрэл их байх тусмаа сайн! Сайн гэрэлтүүлэгтэй орчин илүү цэлгэр, гэгээлэг харагддаг тул энэхүү зөвлөмжийг анхааралдаа аваарай.
Ихэнхдээ жижиг хэмжээтэй байдаг ванны өрөөг эмх цэгцтэй, тав тухтай байлгах нь их чухал билээ. Учир нь эмх замбараагүй хөглөрөх эд зүйлс орчны уур амьсгалыг эвддэг юм. Тиймээс хэрэгтэй эд зүйлсээ хадгалах шкаф, гоо сайхны бүтээгдэхүүнүүдээ өрөх тавиур зэрэг нь эмх цэгцтэй байдлыг бүрдүүлэхэд тусална. Хэрэв таны ванны өрөө том зайтай бол жижиг хэмжээтэй намхан ширээ байрлуулж, дээр нь гоёмсог савалгаатай бүтээгдэхүүн, аксесуар, ургамал ногоо зэргийг өрж тавиарай. Харин жижигхэн зайтай бол зориулалтын шат байрлуулж, дээр нь хувцас, алчуур, халат гээд ванны өрөөнд тохиромжтой эд зүйлсээ өлгөж болно.
Ванны өрөөнд урлагийн бүтээлүүд сайхан зохицно гэдэгт эргэлзэж байна уу? Уран зураг, гоёмсог ваар, шаазан эдлэлүүд тохилог орчин бүрдүүлж, онцгой уур амьсгал оруулдаг тул ванны өрөөгөө өөрийн дуртай, таатай мэдрэмж төрүүлдэг урлагийн бүтээлүүдээр чимэглэхийг зөвлөж байна. Гэхдээ уран зураг чийг болон уснаас үүдэн гэмтэх эрсдэлтэй байдаг тул үүнийг шилэн жаазанд хийх аль эсвэл зургийг усны хамгаалалттай материал дээр хэвлэж гаргах нь зүйтэй.
Сонирхол татам дизайнтай декор, нүд баясгам савалгаатай гоо сайхны бүтээгдэхүүн, анхилуун сайхан үнэртэй лаанууд зэрэг өөрийн дуртай бөгөөд тогтмол хэрэглэдэг зүйлсээ ил тавиурууд дээр байрлуулж, ванны өрөөндөө илүү онцгой, таатай уур амьсгал оруулаарай.
Гэрээ бүхэлд нь төрөл бүрийн цэцэгс болон ургамлуудаар чимэглэх нь интерьер дизайны сүүлийн үеийн чиг хандлагаар тодроод байна. Ногоон өнгө орчин тойронд байгалийн төдийгүй хээнцэр өнгө төрхийг нэмдэг онцлогтой бөгөөд хамгийн “уйтгартай” дотоод засалтай орчинд хүртэл өнгө нэмдэг юм. Тиймээс ванны өрөөндөө зоригтой амьд цэцэгс болон ургамлууд байрлуулаарай. Харин чийгтэй уур амьсгалд тогтвортой ургамлуудаас сонголтоо хийх нь чухал гэдгийг санах хэрэгтэй.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт