Заха Хадидын төслүүд үргэлжилсээр байна

Уран барилгачдын ачаар

Заха Хадидын багийнхан түүний үйл хэргийг үргэлжлүүлсээр байна. Энэ оны төгсгөл гэхэд Zaha Hadid Аrchitects компаний дөрвөн шинэ барилга ашиглалтанд орох болно

Zaha Hadid Architects компани одоогийн байдлаар 36 төсөл дээр ажиллаж байгаа бөгөөд эдгээр барилгууд дотор энэ сарын сүүлээр Италийн Салерно хотод нээлтээ хийх далайн терминал багтаж байна. Түүнчлэн Заха Хадидын оролцсон өөр гурван төсөл энэ онд дуусч, ашиглалтанд орох аж. Тухайлбал, Антверпен хот дахь боомтын захиргааны барилгыг есдүгээр сард дуусгахаар ажиллаж байгаа бол Саудын Арабын нийслэл Рияд хот дахь Абдулла хааны газрын тосны судалгааны төвийг арван сард хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ. Мөн ирэх арванхоёрдугаар сард Лондонгийн Шинжлэх ухааны музей дахь Математикийн үзэсгэлэнгийн танхимын төсөл дуусч, нээлтээ хийх болно. 

"Заха Хадид бол манай компаний гол ДНХ. Тэр өдөр бүр бидэнд урам зориг өгч, урагш тэмүүлэхэд тусалж байгаа. Мөн бид түүний зааснаар, хүсэл тэмүүлэл, сониуч зан, шийдэмгий байдлаар аливаад хандаж ажиллаж байна" хэмээн  Zahai Hadid Architects-ийн нэгэн гишүүн ярьсан байна. 

Заха Хадидын удирддаг байсан уран барилгын хэлтсийнхэн түүний үйл хэргийг үргэлжлүүлэхээр хүсэл тэмүүлэлээр дүүрэн ажиллаж байгаа. Үүний нэг жишээ нь саяхан Сингапурт нээгдсэн D'Leedon гэх нэртэй футуристик загварын цогцолборууд юм. Энэхүү цогцолбор нь үелзсэн хэлбэртэй, 150 м өндөртэй долоон цамхагаас бүрдэж байгаа. Хэрэв барилгуудыг дээрээс нь харах юм бол тэд цэцгийн дэлбээний хэлбэр үүсгэх гэнэ.

Энэхүү орон сууцны цогцолбор нь одоогоор Сингапур дахь хамгийн том барилгын төсөлд тооцогдож байгаа юм. Нийт 1715 амины орон сууцнаас бүрдэх энэ цогцолборт нэг өрөө байрнуудаас эхлээд хоёр давхар бүхий дуплекс загварууд ч багтжээ. Түүнчлэн цогцолборын бүсэд цэцэрлэгт хүрээлэн, усан сан гээд халуун орны онцлогийг тусгасан бүхий л зүйлс байгаа юм. Мөн D'Leedon цогцолбор нь Заха Хадидын ажиллаж байсан хамгийн сүүлийн төслүүдийн нэг билээ.

Buro.Mongolia

2016-04-25, 16:02

  • Зураг: