Бид таван гаргийн давхцлын үеэр Говийн зүг аялаад ирлээ
Говь Каравансерайд "Сэтгэшгүй оддын чуулган" арга хэмжээ жил бүр зохион байгуулагдана
Дундговь аймгийн засаг даргын тамгын газрын санаачилгаар Говь Каравансерай амралтын газар, Dark Sky Mongolia ХХК хамтран зохион байгуулсан “Сэтгэшгүй оддын чуулган – 2022” соёлын одон орон судлалын аялал амжилттай болж өндөрлөлөө.
Улаанбаатар хотоос өглөө 9 цагт хөдөлсөн автобус 16 цаг орчимд Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт байрлах Говь Каравансерай амралтын газарт хүрэлцэн ирлээ. Засмал бөгөөд шороон зам хослуулан явсаар ирэхэд Говь Каравансерайн хамт олон хүйтэн усаар норгосон алчуур, Дундговь аймгийн нутгийн Онги брэндийн цэвэр ус, гаатай чихэр, дессерт тэргүүтнээр дайлж угтан авлаа. Аялагчид Говийн биржгэр шороон замаар долоон цагийн турш сэгсчүүлсээр аян замдаа алжаасныг зохион байгуулах хамт олон оновчтой тооцоолж, 19 цагт оройн зоог барих хүртэл амрахыг санал болгов.
Говь Каравансерайн үзэл санаа, үйл ажиллагааны үнэт зүйл нь хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалах зорилтод чиглэх бөгөөд бүхий л зүйлд нь энэхүү үзэл санаа нэвт шингэжээ. Тухайлбал, аялагчдын байрлах байрны нэг ханыг бүхэлд нь бүрхсэн цонхноос эсрэг талд байрлах хаалга тийш нэвт салхилуулах зориулалттай бүтээсэн нь Говийн аагим халуунд зайлшгүй байх ёстой air conditioner-ын хэрэгцээг цахилгаан ашиглалгүй шийдсэн ухаалаг шийдэл болжээ. Мөн тус газар ундны усны хэрэгцээгээ ойрын 20 км газарт байрлах цорын ганц худгаас хангадаг гэдгийг мэдсэнээс хойш усны хэрэгцээндээ хэмнэлттэй байхыг өөрийн эрхгүй хүсэмжилж эхэллээ.
Ер нь аливаа баяр наадам, аялал, үйл ажиллагаанд оролцсоныг тань бататгаж, мөнхүү дурсамжийг тань хадгалан үлдэх эд зүйлс (тухайлбал, одон медаль, дурсамжийн бичиг ч юм уу) байдаг шүү дээ. Тэгвэл Каравансерайн өндөр мэдрэмжтэй, бүтээлч хамт олон зочдын амрах байрны ор болгон дээр аялагчдад дурсгал, бэлэг болгон таримал цэцэг байрлуулсан бөгөөд бэлгэдлийн үүднээс ч тэр, бүтээлч хандлагын үүднээсээ ч тэр өмнө хаана ч байгаагүй шилдэг санаа байсан юм.
“Тэнгэрийн хаяа” рестораны тагтанд байрлуулсан чанга яригчаас зогсолтгүй эгшиглэх зөөлөн ambient хөгжим нь Говийн зөөлөн салхитай сүлэлдэн тааламжтай бүлээн хоршил үүсгэж байв. Зочдын амрах байр, рестораныг Говь нутгийн онцлогийг дүрсэлсэн сюрреалист зургуудаар чимсэн бөгөөд цонхны цаана төгсгөлгүй мэт харагдах цөлийн шаргал өнгө, цэлмэг тэнгэрийн хөх өнгө тэгш хэм үүсгэн, цонхны оронд уран зураг тавьчихсан мэт сэтгэгдэл төрүүлэм үзэсгэлэнтэй аж.
19 цаг гэхэд оройн зоог бэлэн болж, “Тэнгэрийн хаяа” ресторанд буфет хоолоор үйлчиллээ. Хоолнуудын соус нь голчлон ингэний сүүн дээр суурилсан ба Говийн цаг агаарын нөхцөлд тохирсон шингэц сайтай эрүүл хоолоор үйлчилж байв. Хоолны дараа харин ямааны сүүн чипс дээр ингэний сүүн крем бүхий амттан санал болголоо. Хоолны амт чанарын талаар тус рестораны хүнсний технологич аялагч бүрээс биечлэн очиж асууж, ярилцаж байсан зэргээс нь гал тогоонд ажиллагсдын бүтээлч хандлага, сэтгэлээ шингээж бидний оройн зоогийг урласан гэдэг нь мэдрэгдэж байлаа.
22 цагт харин нээлтийн үйл ажиллагаа эхлэв. Дундговь аймгийн засаг дарга, Засаг даргын тамгын газрын дарга нар нээж үг хэлж, араас нь UB Drums хамтлаг, Төв халхын дуулалт жүжгийн театрын уран бүтээлчид морин хуур, уртын дуу тэргүүт үзүүлбэрээр үндэсний урлагийн сайхныг ирсэн зочдод мэдрүүлэв. Гол үйл ажиллагаа болох оддын чуулгын талаар Dark Sky Mongolia компанийн үүсгэн байгуулагч, хөтөч Б.Энхтүвшин аялагчдад зориулан мэдээлэл хүргэв. Тэрээр, “Орчин үед бохирдол янз бүрийн байдлаар үүсдэг болж байна. Дэлхийн нийт хүн амын 70% нь Сүүн замыг ч ажиглах боломжгүй шөнийн гэрэлтэй орчинд амьдардаг. Үүнийг гэрлийн бохирдол гэж нэрлэж байгаа юм. Монголын Говийн онцлог нь далайн түвшнээс дээш 1500 метрийн өндөрт, ямар ч гэрлийн бохирдолгүй орчинд тэнгэрийн оддыг хамгийн тодоор харах боломжтой дэлхийд ховорхон байршлуудын нэг билээ” гээд одон орон судлалын үүсэл, түүх хийгээд одон орны аялал жуулчлалын өнөөгийн байдал ба цаашдын ирээдүйн өндөр хөгжих бололцоо зэргийг англи хэл дээрх синхрон орчуулгыг хамтаар хүргэлээ.
Ингээд хангалттай мэдээлэлтэй болсон бид задгай талбайд гарч, олбог дэвсэн сууцгаан шөнийн оддыг ажиглаж эхэллээ. Тус баазын бүх л гэрлийг энэ хугацаанд унтраасан тул үнэхээр л тэнгэр газрын зааг арилчихсан юм шиг түнэр харанхуйд түг түмэн одод гялалзан харагдана. Багавтар үүлтэй байсан учраас, мөн улирлын онцлогоос шалтгаалан тэнгэрийн бүх л од бидэнд харагдах боломжгүй байсан юм. Dark Sky Mongolia компанийн хамт олон тусгай зориулалтын лазер тусгагчаар тэнгэр өөд заан аялагчдад одон орон, соёл, түүх, домгийн арвин мэдлэгээсээ хуваалцаж байв. Тайлбар дуусах үеэр аялагчдад урд нь ирчихсэн мэт оддыг бишрэн таашаахад зориулан hang drum буюу тогоон бөмбөр, салхин хонх хөгжмөөр сансар огторгуйн мэт уянгалаг хөгжмөөр сэтгэл баясгалаа. Үргэлжлүүлэн урлагийн тоглолтууд үргэлжилж шөнийн 2 цагаас эхлэн аялагчид ододтой зургаа авхуулах үйл ажиллагаа өрнөв. Удалгүй үүр хаяарч эхлэхэд Буд, Ангараг, Бархасбадь, Санчир, Сугар гаргуудын давхцал, хавирган сартай хамт үзэгдэхэд ховор тохиох од эрхсийн гоо сайхныг ирсэн зочид шагшин магтаж байлаа.
Өглөөний цай мөн л буфет хэлбэрээр бөгөөд континентал хэр нь монгол маягийн өглөөний цайны сонголттой байв. Өдрийн хоол хүртэл харин хөтөлбөргүй, амралтын байдалтай өнгөрч хоолны дараа баазаас 60 км орчим зайд байрлах Дэл уулны байгалийн цогцолбор газрын зүг тэмээн жингийн цуваа адил аялагчид машинтайгаа цувран явлаа. Тэнд очиход Дундговь аймгийн музейн эрхлэгч тайлбар хийж байв. Дэл уул нь уртаашаа 17 км, өргөөшөө 8 км үргэлжлэх хадархаг уулс агаад нийт 5000 орчим хадны сүг зураг байдаг тул “Хадны зургийн галерей” ч гэж нэрлэх нь элбэг аж. Цаашлаад хэсэг газар цуваагаараа явсны дараа 5000 жилийн тэртээ нүүдэлчид бий биелгээ хийн бүждэг байсны баталгаа болдог Гучин хоёр хүний хадны зураг бүхий дөрвөлжин чулуун булш байрлах хадархаг хөндийн дунд хүрч ирлээ. Зохион байгуулагчид асар барьчихсан, бүгчим халуунд явган аялал хийсэн аялагчдыг сэргээхээр мөстэй мимоса коктейлоор дайлж угтан авлаа. Машинаас буусан газраас нэгэн гүвээний цаана бидний үзэх учиртай хадны зураг, дөрвөлжин булш байрлах бөгөөд гүвээг давахад харин хөтөлбөрт багтаагүй зүйл биднийг хүлээж байсан юм. “Авьяаслаг Монголчууд” шоуны 2016 оны шилдэг хамтлагаар шалгарсан, язгуур урлагийн Алтай хамтлагийн уран бүтээлчид хадан дунд монголын уламжлалт хөгжмийн зэмсгүүд болох морин хуур, икэл хуур, ятга, бөмбөр, хэнгэрэг, Түрэгийн үед хамаарах олдворыг сэргээн бүтээсэн алтай ятга, хонгилуур, товшуур зэрэг хөгжмийн зэмсгээр уртын дуу, хөөмий хослуулсан яруу сайхан тоглолт толилуулж байв. Арга хэмжээний зохион байгуулагчид биднийг гэнэтийн бэлгээр гайхшируулсаар л байна. Ер нь энд болж байгаа бүхий л үйл ажиллагааны жижиг деталь хүртэл маш нарийн тооцоололд суурилж бэлтгэгдсэн нь ажиглагдаж байлаа.
Аяллын болон тоглолтын үеэр үүлэрхэг, зөөлөн салхитай байж таарсан нь аялагчид бидний аз гэлтэй. Учир нь, хэрэв эхний өдрийнх шиг 40 шахам градусын халуун, цэлмэг тэнгэртэй байсан бол аялагчид ч тэр, зохион байгуулагчид ч тэр зутрах байсан нь дамжиггүй юм. Мөн түүнчлэн Дэл уулаас гараад цуваагаараа явж байхад хадан дээр Говийн аргаль зогсчихсон, биднийг ажиглаад байж байхтай таарсан ба үүнийг аяллын хөтөч маань “Нутгийн эзэн, савдаг биднийг хүлээн авч байна” хэмээн бэлгэшээж байсан нь энэхүү аялал маань ямархуу сүнслэг, энерги ихтэй үйл явдал болж байгааг мэдрүүлсэн юм.
Орой харин 19 цагийн алдад бааздаа хүрэлцэн ирж оройн зоог барьцгаав. Хөтөлбөрийн дагуу бол 22 цаг 30 минут хүртэл чөлөөт цаг, дараа нь Гучин хоёр хүний хадны зургийн дурсгалд зориулан, биднийг бүчин буй сайн энергийн урсгалыг сэргээх зорилготой галын наадам, тойрон бүжиг байсан ч гэнэтийн хүчтэй салхи болон бороо ч орж магадгүй нөхцөл байдал үүссэний улмаас “Тэнгэрийн хаяа” ресторанд уран бүтээлчдийн нэгдсэн тоглолт боллоо. Зуны Говийн цаг агаар гэж тааварлахад бэрх зүйл ажээ.
Алтай хамтлаг нь Монгол орны баруун бүсийн соёлын онцлогийг тусгасан тоглолт үзүүлдэг бөгөөд 13 үе дамжсан биелгээч ах дүү нар уг хамтлагт байдаг юм байна. Энэхүү үйл ажиллагааны урлаг, соёлын куратораар цохивор хөгжимчин Б.Ганхөлөг ажиллаж байгаа юм. Тэрээр эхний өдрийн шөнө, оддоос өөр үзэгдэх зүйлгүй харанхуйд тогоон бөмбөр хөгжмөөрөө эгшиглүүлсэн гайхамшигт хөгжмөө энэ удаа “Тэнгэрийн хаяа” ресторанд, гэрэлтэйд дахин толилуулав. Энэхүү хөгжим нь зүүн өмнөд ази болон Карибын тэнгисийн уугуул иргэдийн уламжлалт хөгжмийн зэмсгээс санаа авч Швейцарын дархан гэр бүл 2000 онд үүсгэсэн ажээ. Алтай хамтлагтай хамтран япон гаралтай таико бөмбөрийн тоглолт толилуулдаг UB Drums хамтлаг тайзнаа гаран бөмбөрийн нүргэлсэн эрч хүч, Алтай хамтлагийн монгол ардын дуунуудыг туйлын сонирхолтой байдлаар редакц хийсэнтэй төгс хоршиж, чихэнд биш, шууд зүрхэнд хүрч байсныг онцлон дурдах нь зүйтэй.
Тус үйл ажиллагааны урлагийн тоглолтуудад уран бүтээлчийн тухайн орчиндоо мэдэрсэн мэдрэмжээ шууд илэрхийлэх импровизац зонхилж байсан нь үнэхээр гайхамшигтай байлаа. Мөн цаг агаарын гэнэтийн нөхцөл байдлуудад чадмаг хөрвөж, зочдын урмыг байнгын сэргээж байв.
Үүрээр харин Говийн наран эхний туяагаа Цагаан суварга тийш тусгах торгон агшинд Дундговь аймгийн уугуул, нэрт уртын дуучин Н.Норовбанзадын “Уяхан замбуу тивийн наран” дууг бүтнээр нь, уртын дуучин Х.Эрдэнэцэцэгийн дуулснаар сонсох хөтөлбөртэй байсан боловч өмнө дурдсанчлан үүлэрхэг цаг агаар, улмаар бороо шивэрч эхэлснээр боломжгүй болсон юм. Гэхдээ өглөөдөө аялагчид Цагаан суварга дээр очиж, зөөлөн бороонд байгаль эхийн давтагдашгүй бүтээлүүдийн нэг болсон өвөрмөц тогтцыг үзэж сонирхоод цааш Улаанбаатар хотын зүг замдаа гарцгаасан билээ.
Ерөөс энэхүү үйл ажиллагааны бүх л хөтөлбөр хүн төрөлхтнийг байгаль дэлхийтэй хүйн холбоотой гэдгийг бидэнд дахин сануулж байв. Од эрхэс, Говь нутгийн байгаль гээд нүдээрээ л харж болохоор зүйлсийг чихэнд, тархинд, сэтгэл зүрхний гүнд тултал мэдрүүлж чадсан сүнслэг хийгээд сайн энергиэр бялхсан цогц үйл ажиллагаа боллоо. Говь Каравансерай амралтаас буцах замдаа гарахад тэнгэр хангай хур бороогоо харамгүй хайрлаж эхэлсэн нь дурдан буй сайн энергийн гэрчлэл болох бөгөөд Говийн нутагт тийм ч элбэг биш хүчтэй аадар бороог үзсэн аялагчид бидэнд ч мөн туйлын ерөөлтэй үйл явдал мэт мэдрэгдэж байлаа. Говь Каравансерайн хамт олны сэтгэл, уйгагүй хөдөлмөр шингэж, удаан хугацааны турш бэлтгэсэн, Говийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, таниулахад томоохон хувь нэмэр болсон энэхүү үйл ажиллагаа нь жил бүр уламжлал болон зохиогдох юм байна. Иймд дараа дараагийн жилүүдэд зохион байгуулагдах аялалд алдалгүй оролцоорой гэж уншигч танд уриалан зөвлөе. Тус гайхамшигтай үйл ажиллагааг санаачлан зохион байгуулсан Говь Каравансерай нам гүм байдлыг эрхэмлэгч амралтын газар, Дундговь аймгийн засаг даргын тамгын газар, тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Dark Sky Mongolia ХХК, Хөгжмийн куратор Б.Ганхөлөг, Чүрэ-Музык ХХК-ийн бүтээлч хамт олонд гүнээ талархаж байгаагаа илэрхийлье.
Гэрэл зурагчид
Ц.Наранбат, Г.Балжмаа, Х.Болорсайхан
Санаачлагч
Дундговь аймгийн засаг даргын тамгын газар
Ерөнхий зохион байгуулагч:
Говь Каравансерай
Хамтран зохион байгуулагч
Дарк скай Монголиа ХХК
Music Curator Hulgo
Алтай хамтлаг
Дундговь аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газар
Gobi Caravanserai
Утас: 7709 1232
Facebook: Gobi Caravanserai
Instagram: @gobicaravanserai_lodge
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт