Монголд зохион байгуулагдаж байгаагүй хамгийн шилдэг Хэллоуины баяр өчигдөр орой Шангри-Ла Улаанбаатар зочид буудалд болж өнгөрлөө. Энэхүү үдэшлэгийг хамгийн их чимж, аймшигтай хэрнээ үзэсгэлэнтэй дүр төрх бүрдүүлсэн зочдын зургийг хүргэж байна
Хэллоуины баяр монголчуудад харь хѳндий баяр биш харин ч хамгийн их хүсэн хүлээдэг, өөрийгөө өвөрмөц өөр дүр төрхөөр нээн харуулдаг онцгой үйл явдал болон хувираад байна. BRB event-ийн хамт олон Shangri-La Ulaanbaatar зочид буудал, Mongol Mix Project, Marshal studio-той хамтран зохион байгуулсан "Halloween Pary 2016: Star wars" үдэшлэг үүний хамгийн том жишээ болж чадлаа.
"Оддын дайны ертөнц өөр гараг дээр хүрэлцэн ирлээ" хэмээн хөтлөгч Г.Анхбаяр шоуг нээхэд танхимд маш олон төрлийн аймшигтай, инээдтэй, зэвүүн, хэрцгий зочид цугларчээ. Тэдний ихэнхи нь энэ дижитал танхимд орж ирэхийн өмнө айдас, хүйдэс төрүүлсэн төөрдөг байшингаар дамжин гарцгаасан юм. Замд нь отож байсан зомбинуудын дайралт хүмүүст хөнгөн айдастай инээд, хөөр өгч байлаа. Зочдыг угтах ариутгалын хэсэгт лабораторийн галзуу эмч нар хийгээд шуламнууд хүмүүсийг "цус", хортой тариур зоосон мөстэй шингэнээр дайлж оддын дайны ертөнц рүү нэвтрүүлсэн юм.
Зочдын дунд самурай, кэндогийн хувцастай япончууд, ховербоардтай нинжа, Мортал комбатын Скорпион, Шоронгийн хоригдол, Тим Буртоны ертөнцөөс ирсэн маньякууд, хайчин гарт Эдуард, Клеопатра ба Фараон, төрөл бүрийн Зомбинууд, гавал нь ил гарсан араг яснууд, Ганц эвэрт, Араб охид, Францын иргэний нисэхийн стюардес, Супермэн, Мууран хүүхэн, Лара Крофт, Гейша гээд хэллоуины баярын бүх л гол дүр төрхүүд үзэгдсэн юм. Эдгээр зочдоос үдшийн хамгийн шилдэг хувцаслалтай хүнийг тодруулахад Maleficent, Араб охид, Цасан гоо, Клеопатра, хайчин гарт Эдуард нар хоорондоо өрсөлдсөн бөгөөд үзэгчдийн таашаалыг Maleficent хамгийн их татаж, шилдэгээр шалгарлаа.
Энэ жилийн Хэллоуины үдэшлэг бүхэлдээ маш өвөрмөц тохижилттой, зохион байгуулагч, оролцогчидын шинэлэг санаагаар дүүрэн байж чадсан. Тэгэхдээ хараахан хэллоуины баяр дуусаагүй байна. Маргааш болох жинхэнэ хэллоуины шөнө бидний өмнө бий. Тиймээс та баяраа сайхан өнгөрүүлээрэй.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт