Икэбана гэдэг нь ургамлын навч, цэцгийг өнгө алаглуулан үзэмжтэйгээр хослуулж тусгай саванд байршуулах урлаг юм. Икэбана нь Японд анх буддын шашин дэлгэрч, түүнтэй холбоотой зан үйлээс улбаалан үүссэн ба XIV-XV зууны үед хурдацтай хөгжсөн гэж урлаг судлаачид үздэг. Икэбанаг хийх явцад ургамал, цэцэгст хүндэтгэлтэй хандахыг зөвлөдөг ба энэ нь эргээд байгаль дэлхийдээ ч мөн хэмжээний хайр, хүндлэл үзүүлж буйг илэрхийлдэг ажээ. Түүнчлэн анир чимээгүй орчинд анхаарлаа төвлөрүүлэн, заагдсан дэг жаягийн хүрээнд хийгддэг учир нэг хэлбэрийн бясалгал болдог байна. Гэрийн нөхцөлд икэбанаг кэнзан хэмээх ургамал тогтоогч тусгай төмөр, суйбан гэх өргөн, намхан ваар болон ургамлын хайч, бахь зэрэг гар доорх материалуудын тусламжтайгаар урлаж болдог.
Бийр, бэх ашиглан уран яруугаар бичих шодо буюу уран бичлэгийн урлаг нь тэртээ V зуунд үүсэж байжээ. Бэхээ зохистой хэмжээнд найруулах, бийрийн нарийн таталт гээд уран бичихэд олон төрлийн техник шаарддаг тул хичээл зүтгэл, тэсвэр тэвчээр нэн чухал. Уран бичлэгээр хичээллэснээр цаашлаад орчин тойрноо эмх цэгцтэй байлгах, нуруу цэх суух, тэр ч бүү хэл амьсгалаа жигд хуваарилах зэрэг сэтгэлзүйн эрүүл мэндэд эергээр нөлөөлөх чадварууд эзэмшдэг.
Орчин үед бэхэн үзэг, нарийн бийр, маркер зэргийг ашиглан гэрийн нөхцөлд уран бичлэгийн урлагаар хичээллэх боломжтой.
Анх IX зуунд зэн буддизмын лам нар дундаас үүсэж байсан цайны зан үйл нь өдгөө Японы соёлын томоохон хэсгийн нэгээр нэрлэгддэг. Бид өдөр тутамдаа энгийн байдлаар цай барьдаг бол энэхүү цайны зан үйлийг хийхдээ эв найрамдал, хүндэтгэл, цэвэр ариун байдал, сэтгэл санааны амгалан байдал гэсэн дөрвөн зарчмыг эрхэмлэдэг байна. Цайны ёслолыг гүйцэтгэхэд тусгай хийцийн гүц, аяга, хулсан хутгуур, ногоон цайны ханд хэрэг болох ба харин техникийн хувьд нарийн нямбай, эмх цэгцтэй байдлыг шаарддаг.
Чадог ном журмын дагуу хийж сурснаар энгийн зүйлсээс таашаал мэдрэх, одоодоо анхаарал хандуулан өнгөрсөн болон ирээдүйн талаарх санаа зовнилоо арилгах зэрэг олон давуу талтай.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт