Адриана Лима Victoria’s Secret-ийг орхихоор шийдсэн үү?

“Шалтгаангүйгээр дахин хувцсаа тайлахгүй”

Супермодель Адриана Лима өөрийн карьертай холбоотой маш чухал шийдвэрийг гаргаад байна. Тодруулбал Victoria's Secret брэндийн хамгийн алдартай сахиусан тэнгэр хэдхэн цагийн өмнө Instagram хуудсаараа дамжуулан "шалтгаангүйгээр дахин хувцсаа тайлахгүй" хэмээн зарлалаа. Адриана Лима тус брэндийн тайзнаас буух болоогүй гэдгээ саяхан мэдэгдэж байсан хэдий ч ийнхүү зөрчилдөөнтэй шийдвэр гаргах болсон нь олны анхаарлыг ихэд татаж байна.  

"Надад тачаангуй видео хийж, олон нийтийн сүлжээнд нийтлэх санал ирсэн. Хэдийгээр би өмнө нь маш олон удаа ийм зүйлд оролцож байсан ч, миний дотор ямар нэг зүйл өөрчлөгдсөн. Миний найз өөрийн биеийн галбиртаа сэтгэл хангалуун бус байдаг тухайгаа надад хэлэхэд, би өглөө бүр ‘Би ямар харагдаж байна вэ?', ‘Би ажилдаа тэнцэж чадах болов уу?' гэх бодолтой сэрдгээ ойлгосон. Яг энэ мөчид би ихэнх эмэгтэйчүүд өглөө бүр сэрэхдээ нийгэм, олон нийтийн сүлжээ, загварын ертөнцийн тогтоосон хэвшмэл ойлголтод нийцэх гэж хичээдэг болохыг ухаарсан. Энэ нь бие махбодийн хувьд ч тэр, сэтгэл санааны хувьд ч тэр эрүүл бус зүйл юм. Тиймээс би өөрчлөлтийг хийхээр шийдсэн. Би дахин шалтгаангүйгээр хувцсаа тайлахгүй" хэмээн бичжээ.

Мөн загвар өмсөгч бүсгүй Victoria's Secret болон тус брэндийн зарим сахиусан тэнгэрүүдийг Instagram олон нийтийн сүлжээнд дагахаа больсон байна. Харин Адриана Лима үнэхээр Victoria's Secret-ээс гарч байгаа эсэхийг бидэнд цаг хугацаа л харуулах болно.

Buro.Mongolia

2017-12-11, 10:00

  • Зураг: