Амстердам хотын эрх баригчид амжилттай суралцсан залуусын зээлийг төлнө

Дээд боловсрол эзэмшиж, ажилд орж, амьдралаа шинээр эхлүүлэхэд нь туслах зорилгоор

Амстердам хотын удирдлагууд дээд боловсрол эзэмшиж, сургалтын төлбөрөө төлж, ажилд орж чадахгүй байгаа залуусыг дэмжих зорилгоор тэдний өрийг төлөх шинэ хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсныг The Guardian сонин мэдэгдлээ.

Төслийн хүрээнд Амстердам хотын захиргааны зээлийн банк зээлдүүлэгч нартай тохиролцон хөтөлбөрт хамрагдсан залуусын өрийг худалдаж авах юм байна. Ингээд ч зогсохгүй тэд залуусын өрийг шилжүүлж авахын тулд зээлдүүлэгч бүрт нэмэлт 750 евро төлөх аж. Харин залуусын хувьд хотын захиргааны банкнаас шинээр зээл авч, өөрийн орлогын хэмжээний дагуу өрөө төлөн явна. Хэрэв амжилттай суралцаж, сургалтын хөтөлбөрт хамрагдаж чадвал тэдний өрийн дийлэнх хувийг тэглэх юм. Мөн залуус бүрт өөрт нь тохирсон төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэхэд туслах тусгай зааварлагч ажиллах болно.

Европ залуусын дунд зээл авах хандлага огцом өсөж байгaa бөгөөд энэ нь эргээд тэдэнд хөдөлмөрийн зах зээлд нэвтэрч эсвэл дээд боловсрол эзэмшихэд нь хүндрэл учруулдаг байна. Жишээ дурдахад Амстердам хотод амьдардаг 18-34 насны залуусын гуравны нэг нь буюу 34% зээлтэй гэнэ. Тэгвэл Нидерланд улс даяар оюутны зээлийн дундаж хэмжээ 2015 онд 12,400 евро байсан бол 2019 онд 13,700 евро болтлоо өсжээ.

"Өр, зээл маш их дарамт учруулдаг. Залуу хүмүүсийн хувьд өр зээл нь бүр тэдний ирээдүйг шийдэж байдаг. Тиймээс одоо бид тэдэнд бүхнийг шинээр эхлэхэд нь туслах гэж байна" гэж хотын даргын орлогч Маржолайн Мурман хэллээ.

Уг төсөл нь 2020 оны хоёрдугаар сараас эхлэн хэрэгжиж эхлэх юм байна.

Buro.Mongolia

2020-01-22, 11:00