АНУ маш ховор, долоон өөр үлэг гүрвэлийн олдворыг Монголд буцаан өгөхөөр боллоо

80 сая жилийн өмнөх

АНУ-д хууль бусаар нэвтрүүлсэн, 80 сая жилийн настай үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг Монгол Улсад буцааж өгөхөөр боллоо

Монгол Улсаас АНУ руу хууль бусаар борлуулахаар хил давуулсан 80 сая жилийн настай, үнэлж баршгүй үнэ цэнэтэй үлэг гүрвэлийн чулуужсан долоон олдворыг буцааж өгөхөөр болжээ. Forbes сэтгүүлийн мэдээллэснээр АНУ-ын Засгийн газар олон жил сурвалжилсаны эцэст Вайоминг болон Нью-Йорк хотноо хийсэн мөрдөн байцаалтын явцад эдгээр ховор олдворыг илрүүлсэн байна. Чулуужсан олдвор дунд Алиорам (Alioramus) тиранозаврын гавлын яс, Протосератопс (Protoceratops) үлэг гүрвэлийн бүрэн яс болон өндөгний үүр зэрэг маш ховор олдворууд байжээ. Forbes мөн "Монгол улсын хуулинд эртний үлэг гүрвэлийн ясны худалдаа болон экспортыг хатуу хориглодог" хэмээн онцолжээ.  

Алиорам үлэг гүрвэлийн яс нь зөвхөн Монголын говиос олддог нэн ховор, гайхалтай тиранозаврын олдвор юм. АНУ-ын мэргэжилтнүүдийн хэлж буйгаар энэ төрлийн динозаврын гавлын яс урд өмнө ийм бүтэн байдлаараа олдож байгаагүй байна. Энэхүү Алиорамын гавлын яс нь Францаас АНУ руу үлэг гүрвэлийн дууриамал яс гэх хуурамч бичигтэйгээр орж ирсэн болохыг тогтоожээ.

Өмнө нь АНУ-аас үлэг гүрвэлийн 23 олдворыг Монгол Улсад буцаан олгож байснаас хамгийн тод жишээ нь 2014 онд буцаан авч байсан Тарбозавр Батаарын олдвор юм. Мөн 2015 оны арванхоёрдугаар сард жүжигчин Николас Кэйж 276 мянган доллараар худалдаж авсан маш ховор үлэг гүрвэлийн ясыг сайн дураараа хүлээлгэж өгөх болсон билээ.

 

Б.Амина

2016-04-08, 15:00

  • Зураг: