Хэрэв Брэд Питтэй харилцаагаа сайжруулахгүй бол
Цахим ертөнцөд Анжелина Жоли ба Брэд Питт нарын салалтын үйл явцын талаар шинэ мэдээллүүд цацагдаж эхэллээ. Тодруулбал тэдний гэрлэлт цуцлалттай холбоотой шүүхийн бичиг баримтууд задарсан нь дэлхийн хэвлэл мэдээллийнхний анхаарлын төвд ороод байна.
Шүүхийн бичиг баримтын дагуу Анжелина Жоли зургаан хүүхдээ тэдний эцэг Брэд Питтэй илүү олон цагаар уулзуулах үүргийг хүлээсэн гэдгийг CNN агентлаг мэдэгджээ. Тэдний гэрлэлтийг цуцлах хэрэг дээр ажиллаж байгаа шүүгч "Хүүхдүүд эцэгтэйгээ ямар ч харилцаа холбоогүй байх нь тэдэнд муугаар нөлөөлнө. Хүүхэд бүр эцэг эхтэйгээ эрүүл, бат бөх харилцаатай байх нь нэн чухал" хэмээн эдгээр бичиг баримтанд дурдсан байна.
Мөн шүүх Анжелина Жолигоос зургаан хүүхдийн гар утасны дугаарыг Брэд Питтэд өгч, хүссэн цагтаа хоорондоо саадгүй харилцах боломжийг нь бүрдүүлж өгөхийг шаарджээ. Ингээд ч зогсохгүй тэдний хоорондоо бичсэн зурвасыг Жоли унших эрхгүй бөгөөд яриаг нь ямар нэгэн байдлаар хянаж болохгүй аж.
Шүүхийн шийдвэрт таван хүүхэд Брэд Питтэй хамтдаа өнгөрүүлэх цагийн хуваарийг маш хатуу зааж өгчээ. Харин Анжелина Жоли ба Брэд Питт нарын ууган хүү, 16 настай Мэддокс хэзээ, ямар хугацаанд аавтайгаа уулзаж, харилцахаа өөрөө шийдэхэд хангалттай том болсон гэж шүүгч үзсэн байна.
Хэрэв Анжелина Жоли дээрх шаардлагуудыг биелүүлээгүй тохиолдолд хүүхдүүдийнхээ гол асран хамгаалагчийн эрхийг алдаж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Тодруулбал "Хэрэв бага насны хүүхдүүд эцэгтэйгээ холбоогүй хэвээр байвал нөхцөл байдлыг харгалзан үзэж, тэдний Жолитой хамт байх хугацааг багасгаж, шүүхийн шийдвэрийн дагуу гол асран хамгаалагчийн үүрэг Питтэд шилжих болно" гэжээ.
Эргэн сануулахад Анжелина Жоли ба Брэд Питт нар 2005 оноос эхлэн хамтран амьдарч, 2014 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулж зургаан хүүхдийн эцэг эх болсон ч 2016 онд салах өргөдлөө өгсөн юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт