Белла Хадид өөрийн сэтгэлзүйн хямралын талаар дэлгэрэнгүй ярилаа

Өдгөө 25 настай загвар өмсөгч Белла Хадид өнгөрөгч оны арваннэгдүгээр сард Instagram хуудаснаа өөрийн сэтгэлийн түгшүүр болон гутралын талаар илэн далангүй бичсэн пост нийтэлсэн билээ. Тэрээр жүжигчин, дуучин Уиллоу Смитын сэтгэцийн эрүүл мэндийнхээ тухай ярьсан ярилцлагыг үзэн сэтгэл нь хөдөлж улмаар өөрийн уйлж буй цуврал зургуудыг нийтэлсэн бөгөөд сэтгэлзүйн хямрал, сэтгэл түгших эмгэгийнхээ талаар илэн далангүй хуваалцахаар шийдсэн юм. Тэгвэл Белла саяхан WSJ сэтгүүлд өгсөн ярилцлагадаа ахин өөрийн сэтгэлзүйн эрүүл мэндийн сэдвийг хөнджээ.

Тэрээр сүүлийн хоёр жилийн турш папарацци зурагчидтай таарах бүрдээ түгшүүр мэдэрч байгаа талаар ярьсан байна. Мөн түүний амьдралд бүх зүйл сайхан байгаа мэт жүжиглэхийг ахин хүсэхгүй буйгаа онцолсон юм.

“Би мэргэжлийн стилистийн үйлчилгээ аваагүй хоёр жил орчим болж байна. Сэтгэлзүйн хувьд хэвийн бус байдалтай байсан тул гоёмсог төрх бүрдүүлэн гэрээсээ гарах үйлдэл нь надад маш төвөгтэй санагддаг байлаа. Ялангуяа тэд (папарацци) үргэлж намайг гадаа отож байгаа гэх мэт түгшүүртэй бодлууд улам хямралд оруулж байсан юм. Тухайн үед хүмүүс миний стилийг сайшаах эсвэл шүүмжлэх нь надад огт хамаагүй гэдгийг ойлгох нь миний хувьд эн тэргүүний асуудал байсан. Энэ чинь миний өөрийн стиль шүү дээ. Би өглөө бүр гэрээсээ гарахдаа хувцаслалт маань надад өөрт таалагдаж байгаа эсэх, мөн тав тух мэдэрч байгаа эсэхийг өөрөөсөө тогтмол асуудаг болсон”.

Ярилцлагын үеэр Белла сүүлийн гурван жилийн турш өөрийн уйлж буй зургуудыг утсан дээрээ дарсан талаар хуваалцсан байна. "Надад үнэхээр сэтгэл гутралд орсон олон үе байсан бөгөөд ээж болон эмч маань их санаа зовдог байсан. Тэд намайг зүгээр эсэхийг асуухад би үгээр хариулахын оронд яг тухайн үеийн зургаа дарж явуулдаг байлаа. Ингэх нь тэр үед хамгийн амар шийдвэр байсан. Учир нь би өөрийнхөө яг юу мэдэрч байгаагаа огт зөв тайлбарлаж чадахгүй байсан юм. Би сэтгэл санааны болон бие махбодын тэвчихийн аргагүй өвдөлт мэдэрч байсан бөгөөд яг ямар шалтгааны улмаас энэ нь үүссэнийг ойлгоогүй. Надтай яг ижил зүйл мэдэрч, хэцүү үетэй нүүр тулж буй хүмүүст энэ нь зүгээр юм шүү гэдгийг ойлгуулахын тулд би өөрийн уйлж буй зургуудаа нийтэлсэн хэрэг л дээ” хэмээн Белла онцолсон юм. Тэрээр асуудлаа олон нийттэй хуваалцсандаа огт харамсдаггүй гэж хэлсэн байна. "Маш олон хүн надтай ижил байдалд орсон, эсвэл өмнө нь орж байсан гэсэн хариу өгсөн учраас тэрхүү постын ачаар би ганцаардал мэдрэх нь багассан. Гадуур явахдаа надтай ижил асуудлуудтай нүүр тулж буй олон хүмүүс бий гэдгийг ухаарах бүрт миний дотоод байдал эрс дээрддэг болсон". 


“Instagram сүлжээнд бүх зүйл сайхан, төгс харагддаг хэдий ч эцсийн үр дүнд бид бүгд л адил хүн шүү дээ. Өөрийн сэтгэлзүйн байдлынхаа талаар үнэнийг хэлсэн нь дээр гэж бодсон юм. Нэг мэдэхэд л гоо үзэмжтэй, сайхан зургууд нийтлэх хүсэлгүй болсон байсан” хэмээн Белла хэлжээ.

Мөн Белла түүний сэтгэлзүйн байдал одоогоор ч тогтворжоогүй хэвээр байгаа гэж хэлсэн бөгөөд түүний өдрүүд сайн болон муу гэж хоёр хуваагддаг гэнэ. "Өнөөдөр миний хувьд сайхан өдөр байна. Учир нь би сэтгэлээр унахгүй байгаа бөгөөд ердийнх шигээ түгшүүр мэдрэхгүй байна. Гэхдээ маргааш бүх зүйл эсрэгээрээ эргэж магадгүй”.

Buro.Mongolia

2022-01-19, 15:14