Доналд Трампын Twitter хаяг эргэн сэргэлээ

Д.Трамп эргэн ирэх болов уу?

Twitter компанийн шинэ эзэн Илон Маск Америкийн экс ерөнхийлөгч Доналд Трампын хаягийг эргэн сэргээлээ. Тодруулбал, Илон Маск арваннэгдүгээр сарын 19-ний өдөр өөрийн 117 сая дагагчтай Twitter хуудсаар дамжуулан Доналд Трампын эрхийг сэргээх эсэх тал дээр санал асуулга явуулсан бөгөөд тус асуулгад нийт 15,085,458 хүн оролцсоноос 51.8% нь "тийм" гэж хариулсан бол, 48.2% нь "үгүй" хэмээн хариулсан байна. Тэрээр Кэти Гриффин, Жордан Петерсон зэрэг хүмүүсийн аккаунтыг ч мөн эргэн сэргээж эхлээд буй бөгөөд энэхүү үйлдэл нь олон нийтээс маш их шүүмжлэл дагуулаад байгаа юм.

Доналд Трампын Twitter хаяг яагаад бүрмөсөн хаагдаж байсан бэ?

Өнгөрөгч 2021 оны нэгдүгээр сард болсон Америкийн ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг буюу Трампын ялагдлыг эсэргүүцсэн түүний мянга мянган дэмжигчид “SAVE AMERICA” жагсаалыг тайван замаар эхлүүлсэн байдаг. Гэвч уг жагсаал аажмаар эмх замбараагүй байдал үүсгэж эхэлсэн ба жагсагчид цагдаа нартай тэрсэлдэж, Капитолын ордон руу нэвтэрч, улмаар таван хүн амь насаа алдсан харамсалтай байдлаар төгсөж байсан билээ. Харин Доналд Трамп жагсаалын эд үеэр өөрийн Twitter хуудсаараа дамжуулан уг жагсаалыг дэмжсэн буюу нийтийг эмх замбараагүй байдалд уриалсан пост бичсэн гэх шалтгаанаар өөрийн хаягийг бүрмөсөн хаалгаж байсан юм. Зөвхөн Twitter-ээр зогсохгүй тухайн үед Facebook, YouTube зэрэг бусад платформууд ч мөн Доналд Трамп болон түүний дэмжигчдийг тодорхой хугацаанд сошиал хаягаа хэрэглэхийг хориглож байсан түүхтэй.

Twitter-д ямар өөрчлөлтүүд гарч байна вэ?

Удтал үргэлжилсэн хэлэлцээр дуусаж Илон Маск 400 сая гаруй хэрэглэгчтэй Twitter платформыг 44 тэрбум ам.доллароор өөрийн болгосон. Тэрээр үргэлж л олны анхаарлын төвд байж шуугиан дэгдээдэг зангаараа Twitter-ийг эзэмшиж эхэлмэгцээ маш их ажилчдыг хамруулсан цомхотгол хийх талаар цухуйлгаж, компанийн гүйцэтгэх захирлаас эхлүүлээд томоохон удирдлагын багийн гишүүдийг халснаас гадна, цэнхэр тэмдэг бүхий баталгаажсан хаягуудыг сарын хураамжтай болгох зэрэг олон шинэчлэлтийг хийсээр байна. Тэгвэл Илон Маскийг Twitter-ийн эзэмшигч болсноос хойш түүний гаргаж буй шийдвэрүүдийг эсэргүүцэн Жижи Хадид, Тони Бракстон тэргүүтэй алдартнуудаас гадна Balenciaga, General Motors зэрэг томоохон компаниуд хаягуудаа устгаж, эсэргүүцлээ илэрхийлж эхэлсэн юм.

 

Buro.Mongolia

2022-11-21, 12:00