Дотроос нь харцгаая: Нью-Йорк дахь Харри Поттерын ертөнцөөс сэдэвлэсэн их дэлгүүр

15 сэдэвчилсэн хэсгээс бүрдэх гурван давхар их дэлгүүр

Бид өмнө нь Нью-Йорк хотноо Харри Поттер кино цувралаас сэдэвлэсэн их дэлгүүр нээгдэх болсон тухай мэдээллэсэн билээ. Тэгвэл уг их дэлгүүр нээлтээ хийхэд бэлэн болж дотоод заслынх нь анхны зургууд цацагдлаа.

Нью-Йоркийн Тавдугаар Өргөн Чөлөөнд байрлах алдарт Флэтайрон цамхагт нээгдэж буй гурван давхар, 1800 м.кв бүхий уг их дэлгүүр нь нийт 15 сэдэвчилсэн хэсгээс бүрдэх юм.

Дэлгүүрээс Хогвартсын өмсгөл, шидэт саваа, Bertie Bott's-ийн олон төрлийн амттай үрэл гээд шидтэний ертөнцтэй холбоотой бүхий л зүйлсийг авах боломжтойгоос гадна цөцгийтэй шар айраг, зайрмаг зэргийг худалдаална. Түүнчлэн Харри Поттерын ертөнцийг бодитоор мэдрүүлэх VR тоглоомын хэсэг, зураг даруулах зориулалттай хэсгүүд ч багтсан байна. Дэлгүүрийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа зургаадугаар сарын 3-ны өдөр хийгдэхээр товлогджээ.

Дашрамд сануулахад, Warner Bros. болон HBO кино компаниуд хамтран Харри Поттерын ертөнцөөс сэдэвлэсэн цувралыг бүтээхээр болсон билээ.

Buro.Mongolia

2021-05-24, 13:29