Нийт 15 удаагийн Грэммигийн шагналт дуучин Алиша Киз e.l.f. Cosmetics гоо сайхны брэндтэй хамтран "Keys Soulcare" нэртэй шинэ арьс арчилгаа болон амьдралын хэв маягийн брэнд нээх гэж байгаагаа мэдэгдлээ. Тэрээр хэлэхдээ "Би байнга л их асуудалтай арьстай байсан учраас арьс арчилгаа надад их ярвигтай санагддаг байв. Одоо бол арьсандаа яг юу хэрэгтэйг мэддэг учраас арьс арчилгааны брэнд үүсгэн байгуулахыг хүссэн. Энэ нь зөвхөн арьс арчилгаа болоод зогсохгүй эмэгтэй хүн өөртөө зориулан цаг гарган хэрэгжүүлж буй амьдралын зөв дадал юм" гэжээ. Сүүлийн үед улаан хивсний ёслолд ирэхдээ ч нүүрээ будахаа больсон, байгалийн гоо үзэсгэлэнг дэмжигч алдартан маань өөрийн гоо сайхны нууц, арьс арчилгаагаа хуваалцсан бичлэгүүдийг Youtube сувагтаа оруулсан нь олон үзэгчдэд хүрсэн юм.
Алиша Киз "Яг үнэнийг хэлэхэд бид маш завгүй амьдралтай, жижигхэн дадлыг ч өөрсдөдөө зориулж хэрэгжүүлж чаддаггүй. Өөртөө зориулаад ердөө тавхан минут гаргаад нүүрээ угаахад л би илүү үзэсгэлэнтэй, хүчирхэг, өөдрөг болсон мэт санагддаг. Энэ бол брэндийн маань нэрийн утга учир юм" хэмээн хэлсэн байна.
Тэр брэндээ аль болох бүх хүнд хүртээлтэй, боломжийн үнэтэй, чанартай байлгахыг хүсэж байгаа ба өөрөө маш эмзэг арьстай тул бүтээгдэхүүнүүдээ салбартаа тэргүүлэгч арьсны эмч Рене Снайдертай хамтран бүтээж байгаа юм. Мөн бүтээгдэхүүнүүдээ амьтан дээр туршдаггүй, байгальд ээлтэй байлгах бөгөөд ашгийнхаа тодорхой хувийг сайн үйлсийн аянд зориулахаар төлөвлөжээ. Үүнээс гадна тэд гэрийн үнэртүүлэгч, лаа зэрэг амьдралын хэв маягийн бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэхээр болсон байна.
Дуучин бүсгүй шинэ брэндээ 2021 оны эхээр худалдаанд гаргахаар төлөвлөжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт