Өөрийн хүчээр амжилтанд хүрсэн
Дэлхийд хөрөнгөөрөө тэргүүлдэг эрхмүүд янз бүрийн замаар өөрсдийн түүхээ бүтээдэг. Зарим нэг нь гэр бүлийнхээ өв залгамжлагч болж, тэргүүн хөрөнгөтнүүдийн дунд шууд л багтдаг бол нөгөө талд бүх зүйлийг тэгээс эхэлж, өөрөө амжилтанд хүрсэн хүмүүс байдаг. Хэдхэн цагийн өмнө Forbes сэтгүүл Америкт өөрийн хүчээр амжилтанд хүрсэн 60 эмэгтэйн нэрсийн жагсаалтыг гаргалаа
Өнгөрсөн жилээс эхлэн Forbes сэтгүүл Америкт өөрийн хүчээр амжилтанд хүрсэн, хамгийн их хөрөнгөтэй эмэгтэйчүүдийн нэрсийн жагсаалтыг гаргаж байгаа. Тэгвэл тэд хэдэн цагийн өмнө хоёр дах удаагаа энэхүү жагсаалтыг дэлгэсэн юм. Энэ жилийн жагсаалтыг Диана Хендрикс тэрүүлсэн байна. Тэрээр ABC Supply нэртэй дээвэр үйлдвэрлэгч компаний үүсгэн байгуулагч юм. Жагсаалтын эхний аравт телевизийн шоу, хувцасны брэнд, ачаа тээвэр, хөдөө аж ахуй, онлайн худалдаа, програм хангамж, ресторан зэрэг олон салбарт амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа эмэгтэйчүүд оржээ. Тухайлбал, Опра Винфри уг жагсаалтанд 3,1 тэрбум долларын хөрөнгөтэйгөөр хоёрт бичигдэж, Gap брэндийн үүсгэн байгуулагч Дорис Фишер 2,4 тэрбум долларын хөрөнгөтэйгөөр түүний ард жагсчээ. Харин ebay компанийн ерөнхий захирал байсан Мег Уитмен 2,1 тэрбум долларын хөрөнгөөрөө жагсаалтын зургаад орсон байна.
Тус жагсаалтанд мэдээллийн технологийн салбарт асар их амжилтанд хүрсэн хэд, хэдэн эмэгтэй багтсан байна. Жишээлбэл, SHI International компаний үүсгэн байгуулагч болон ерөнхий захирал Тай Ли /$1,2 тэрбум/, Syntel компанийн үүсгэн байгуулагч Ниржа Сетхи /$1,1 тэрбум/нар жагсаалтанд оржээ.
Мөн энэхүү жагсаалтанд хятад түргэн хоолны Panda Express сүлжээг үүсгэн байгуулагч Пегги Чернг /$1,5 тэрбум/, Utah Jazz сагсан бөмбөгийн багийн эзэн, автомашины худалдаачин Гейл Миллер/$1,6 тэрбум/, Facebook компаний үйл ажиллагаа хариуцсан захирал Шерил Сэндберг /$1,4 тэрбум/ болон бусад бизнес эрхлэгчид багтжээ. Түүнчлэн загварын ертөнцөөс америкийн дизайнер Тори Берч 750 сая долларын хөрөнгөтэйгөөр жагсаалтын 19-т, Донна Каран 450 сая долларын хөрөнгөөрөө 31-т, Вера Ванг 420 сая долларын хөрөнгөөр жагсаалтын 34-т тус, тус жагсчээ.
Харин урлагийн салбарт хамгийн их хөрөнгө цуглуулж чадсан амжилттай одуудыг дурдвал, дуучин Мадонна (560 сая доллар), Селин Дион (380 сая доллар), Барбра Стрейзанд (370 сая доллар), Бейонсе Ноулз (265 сая доллар) нар багтсан байна. Түүнчлэн тус жагсаалтанд орсон бас нэгэн залуу эмэгтэй бол жүжигчин Жессика Альба юм. Түүний үүсгэн байгуулсан The Honest Company-ы үйл ажиллагаа 340 сая ам.долларын ашиг түүнд авчирснаар жагсаалтын 42-т багтсан байна. Харин энэхүү жагсаалтанд багтсан хамгийн залуу эмэгтэйгээр дуучин Тейлор Свифт тодорлоо. Тэрээр 250 сая долларын хөрөнгөтэйгөөр Forbes сэтгүүлийн энэхүү жагсаалтыг хаасан байна.
Та хэрэв жагсаалтыг бүрэн эхтэй нь танилцахыг хүсвэл эндээс үзээрэй.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт