Францад ажлын цагийн дараах цахим шууданг хориглолоо

Шинэ хууль

Франц улс ард иргэдээ ажлын бус цагаар бүрэн чөлөөлөгдөх эрх олгож байна. Тус улсын засгийн газар иргэн бүрийн хувийн амьдралыг хамгаалах үүднээс ажлын цагийн дараа албан хэргээр цахим шуудан илгээхийг хориглосон хууль баталсан байна. Хоёр хоногийн өмнөөс хэрэгжиж эхэлсэн энэхүү хуульд 50 ба түүнээс дээш ажилтантай байгууллагууд хамрагджээ. Энэхүү хууль хэрэгжсэнээр ажилтнууд гүйцэтгэсэн ажлынхаа хэрээр шударга цалинжих юм.

Францын хууль тогтоогч Бенуа Амон BBC телевизэд өгсөн ярилцлагадаа энэхүү хууль нь оффисоосоо гарсан ч ажлаа бүрэн орхиж чаддаггүй хүмүүст туслах учиртайг онцолж, "Тэд ажлын цаг дууссан ч ажилтайгаа холбоотой үлддэг. Яг л цахим гинжээр уягдсан нохой шиг" хэмээн хэлжээ.

Цахим шуудангийн хориг тавих нь зөвхөн ажилтнууд гэлтгүй мөн компаниудад эерэгээр нөлөөлнө. Учир нь ийм хууль хэрэгжсэнээр ажилтнууд илүү тайван болж, шаардлагатай амралтаа авч, ажил дээрээ илүү үр дүнтэй ажиллах юм. NPR байгууллагын мэдэгдэж буйгаар судалгааны үр дүнд ажлын цахим шуудан стресс үүсэхэд чухал нөлөө үзүүлдэг нь тогтоогдсон байна.

Ө.Тодгэрэл

2017-01-06, 15:00

  • Зураг: