Детройт хотод зохион байгуулагдсан Alibaba's Gateway хэлэлцүүлгийн үеэр
Alibaba корпорацын тэргүүн, тэрбумтан Жек Ма ирэх 30 жилийн хугацаанд ажлын өдөр долоо хоногийн дөрвөн өдөр мөн ажлын цаг өдрийн дөрвөн цаг хүртэл багасна хэмээн мэдэгдлээ. Энэ талаар тэрээр Alibaba's Gateway хэлэлцүүлгийн үеэр ярьсан байна.
"Хүмүүс өдөрт дөрөвхөн цаг, долоо хоногт дөрвөн өдөр л ажилладаг болно. Миний өвөө хөдөө аж ахуйн салбарт ажиллахдаа өдөрт 16 цаг хөдөлмөрлөж, өөрийгөө тун завгүй байна гэж боддог байсан. Бид өнөөдөр өдөрт найман цаг, долоо хоногт таван өдөр ажиллаж, мөн л адил өөрсдийгөө тун завгүй байна гэж боддог" гэж бизнес эрхлэгч хэлжээ.
Жек Магийн дурдсан эдгээр тоонууд алдарт эдийн засагч Жон Мейнард Кейнсийн 1930 онд хийж байсан зөгнөлтэй тун дөхсөн сонсогдлоо. Эдийн засагч тухайн үед ирэх 100 жилийн хугацаанд хүмүүс долоо хоногт ойролцоогоор 15 цаг ажилладаг болно хэмээн урьдчилан таамаглаж, үүнийг автомат ажиллагаатай машинууд ихсэхтэй холбож байсан юм.
Детройт хотод зохиогдсон хэлэлцүүлгийн үеэр Жек Ма түүнчлэн ойрын ирээдүйд хүмүүс илүү их аялдаг болохыг зөгнөн хэллээ. "Хэрвээ орчин үед хүн өөрийн амьдралын хугацаанд дунджаар 30 газраар аялдаг бол, ирэх 30 жилд аялсан газруудын тоо 300 хүртэл өсөх болно" гэж тэрээр онцолсон юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт