Хоногийн 23 ам.доллараар
Домогт “Sex and the City” цувралын шүтэн бишрэгчдэд дуулгах таатай мэдээ байна. Энэ сарын 8-ны өдрөөс эхлэн Кэрри Брэдшоугийн орон сууцаас сэдэвлэн бүтээсэн байрыг Airbnb компаниас нэг хоногоор түрээслэх боломжтой болох юм. Түүний алдарт байрыг Warner Bros. кино компани Нью-Йоркийн сонгодог тоосгон байшин дотор дуурайн бүтээжээ. Гэхдээ уг орон сууц нь цувралд гардаг шиг Манхэттены Дээд Ист-Сайдад биш харин Челси дүүрэгт байрлаж байна. Энэ талаар Vanity Fair сэтгүүл мэдээллэсэн юм.
Уг орон сууцын дотоод заслыг гаргахдаа Кэрри Брэдшоуг санагдуулах олон төрлийн нарийн деталийг нэмж өгсөн байна. Жишээ нь орны дэргэдэх хуучны утас, Кэрригийн өмсөж байсан гоёмсог хувцаснууд, “Carrie” хэмээх бичигтэй хүзүүний зүүлт, арьсан материалтай буйдан, хуучин MacBook, стикер, тэмдэглэлийн дэвтэр зэрэг эд зүйлс зочдыг хүлээж байх болно.
Кэрригийн дүрийг бүтээсэн жүжигчин Сара Жессика Паркер энэхүү байраар зочилж, сэтгэгдлээсээ хуваалцсан байна. Тэрээр “Хэмжээ, ханын будгийн давхарга, хананд наалттай утасны шугам, халаалтын радиатор гээд бүх зүйл нь Нью-Йоркийг санагдуулж байна. Иймэрхүү орон сууцууд маш сэтгэл татам байдаг. Кэрри үүнтэй санал нийлж иймэрхүү байранд амьдарч байсан нь маш ухаалаг юм" хэмээжээ. Мөн Сара уг орон сууц нь цувралд гардаг байртай тун төстэй болсныг онцолжээ.
Кэрригийн байрыг зөвхөн ганц хоногоор түрээслэх боломжтой бөгөөд хоногийн 23 ам.доллар болох юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт