Ким Кардашьяныг дээрэмдсэн хэргээр 17 хүнийг баривчилжээ

Тэдний дунд Кимийн жолооч байгаа

Ким Кардашьяныг 2016 оны аравдугаар сарын 3-нд Парис хотод дээрэмдсэн хэргээр 17 сэжигтнийг баривчлаад байна. Тэдний дунд Кардашьяны жолооч дүүгийнхээ хамтаар оржээ. Тус залуу Кимийг Парис хотод байх бүхий л хугацаанд жолоочоор нь ажиллаж байсан юм.

Мөрдөгчдийн үзэж буйгаар бол жолооч дээрэмчдийн мэдээллэгчээр ажиллаж байсан бөгөөд яг хэдийд Ким бие хамгаалагчгүй, ганцаараа үлдэхийг тэдэнд хэлж өгсөн гэнэ. Дээрэм болсон орой түүний бие хамгаалагч Клоуи ба Кортни нартай цэнгээний газар луу явсан байжээ.

Эдгээр баривчлагдсан 17 сэжигтний дунд зөвхөн дээрэм хийсэн этгээдүүд төдийгүй дээрэмдсэн эд зүйлсийг борлуулахад оролцсон хүмүүс ч байгаа юм. Сүүлийн үеийн мэдээгээр Алжир гаралтай хүмүүс ба орон нутгийн цыгануудын бүлэглэл энэхүү дээрмийг зохион байгуулсан байна. Цагдаа нар хэргийн газар үлдээсэн хурууны хээ ба ДНХ, тэр дундаа Кимийн гарыг хүлэхэд ашигласан хуванцар туузнаас авсан ул мөрөөр гэмт хэрэгтнүүдийн араас мөшгижээ.

Эргэн сануулахад, Ким Кардашьяныг дээрэмдсэн хэрэг Парисын загварын долоо хоногийн үеэр болсон юм. Тэр орой Кимийн байрлаж байсан зочид буудлын өрөөнд баг зүүж, цагдаагийн дүрэмт хувцас өмсөж, зэвсэглэсэн таван дээрэмчин дайран орж ирсэн бөгөөд Кардашьяныг хүлж, ариун цэврийн өрөөнд түгжээд, хэдэн сая доллараар үнэлэгдэх үнэт эдлэлийг нь дээрэмдэн зугтсан байна.

Buro.Mongolia

2017-01-11, 08:00

  • Зураг: