Леонардо ДиКаприо шүүхийн өмнө мэдүүлэг өгнө

“The Wolf of Wall Street” –ийн цуурай

Нью-Йорк хотын шүүгч Стивен Лок жүжигчин Леонардо ДиКаприог хуучин Stratton Oakmont компаний менежерийн нэр төрийг гутаасан хэргээр мэдүүлэг өгөхийг тушаажээ

Өөрийгөө хохирогч болсон гэж үзэж буй Эндрю Грин энэ хэргээр бүр 2014 онд анх шүүхэд хандаж байсан юм. Тэрээр хэлэхдээ жүжигчин Пи Жей Байрны бүтээсэн Ники Коскоффын дүр нь Гринийг дүрсэлсэн бөгөөд энэ нь түүний ажил хэргийн нэр хүндэд муугаар нөлөөлж байгаа гэж мэдэгджээ. Хар тамхи хэрэглэж, зайвхайрч, ёс суртахуунгүй үйлдэл хийдэг Никигийн дүрийг "Stratton Oakmont" компаний хуучин ажилтан Эндрю Грин өөрөөс нь сэдэвлэн бүтээсэн хэмээн мэдэгдэж, сэтгэл санааны хохирол гэж 15 сая долларыг Paramount Pictures болон бусад кино компаниудаас нэхэмжилсэн юм. Гэсэн ч киноны найруулагч Мартин Скорсезе болон бусад уран бүтээлчид үүнийг эрс эсэргүйцэж байгаа. Тэдний хэлж буйгаар бол энэхүү дүр нь зохиомол ба хэн нэгнээс сэдэвлэж бүтээгээгүй гэнэ.

Леонардо ДиКаприогийн өмгөөлөгчдийн хэлснээр бол тэр заавал шүүхийн өмнө гарч ирэх албагүй гэсэн боловч мөрдөн байцаагчид өөр бодолтой байгаа бололтой. Учир нь Оскарын шагналт жүжигчин тус кинонд зөвхөн дүр бүтээгээд зогсохгүй продюсероор нь ажилласан тул найруулагч Мартин Скорсезе болон кино зохиолчидтой нэг бус удаа кино зохиолын талаар ярилцаж, өөрөөр хэлбэл оролцоотой байжээ. Ямартаа ч "The Wolf of Wall Street" киноны бүтээлчид асар өндөр нөхөн төлбөрөөс зайлсхийж чадах эсэхийг харах л үлдлээ. 

Пи Жей Бирн, Мартин Скорсезийн «Wolf of Wallstreet» киноны Ники Коскоффын дүрд

Buro.Mongolia

2016-06-21, 11:00

  • Зураг: