Бодит амьдрал дээрх үлгэр: Английн ойд байрлах Винни-Пухын байшин

“Bearbnb”

Disney компани Английн Эшдаун ой дунд Винни-Пух баатрын гэрийг барьсан байна. Энэхүү төслийг дэлхийн сая сая хүүхдийн хамгаас их хайртай баатар Винни-Пухын 95 насны ойд зориулан хэрэгжүүлжээ.

Баавгайн амьдардаг модон байшингийн амьд хувилбарыг 30 гаруй жилийн турш тус баатрыг зурсан аниматор Ким Рэймонд зохион бүтээсэн байна. Тэрээр энэхүү “өхөөрдөм” байшингийн дотоод заслыг Винни-Пух хүүхэлдэйн анхны зураачдын нэг болох Эрнест Шепардигийн ажлуудаас сэдэвлэн бүтээжээ.

Нэг дор дөрөв хүртэлх зочин байх боломжтой энэхүү байшинг Airbnb компанийн вебсайт дээрээс есдүгээр сарын 24-25 өдрүүдэд түрээслэх боломжтой юм. Захиалгыг өнөөдөр буюу есдүгээр сарын 20-нд авч эхлэх байна.

"Bearbnb байшин бол өхөөрдөм хөөрхөн баавгайн үлгэрийн ертөнцийг шүтэн бишрэгчдэдээ зориулан амилуулж, 95 жилийн турш олон хүний уншсан адал явдлыг эргэн дурссан өвөрмөц төсөл юм" хэмээн аниматор Ким Рэймонд онцоллоо.

Зураач өөрөө байшингийн ханыг тусгайлан чимэглэж, зөгийн балтай савнуудаар гал тогооны тавиурыг дүүргэжээ. Мөн байшинд зочдод зориулагдсан дулаан хөнжил, сэтгүүл, йогийн дэвсгэр зэрэг хэрэгцээтэй зүйлс олон бий.

Винни-Пухын шүтэн бишрэгчид Английн гайхамшигт ой дунд, баавгайн тав тухтай байшинд сайтар амарч, алжаалаа тайлж чадах байх хэмээн төслийн зохион бүтээгчид найдацгааж байна. Тэд байшинг тохилог амралтын булан болон цэвэр агаарт хоол идэх зориулалттай хэсгээр тоноглосон юм.

Airbnb компанийн төлөөлөгч Кэтрин Пауэлл Винни-Пухын байшинг "юу ч хийхгүй байж, цагийг сайхан өнгөрөөхөд хамгийн тохиромжтой газар" хэмээжээ.

Баавгайн байшинд ганцхан хоногийг өнгөрөөх боломжтой бөгөөд дараах хэдэн дүрмийг мөрдөх шаардлагатай юм.

  • заан болон бусад амьтдыг авчирч болохгүй
  • зөгийн балны сав руу гараа дүрж болохгүй
  • өдрийн турш хэдэн ч удаа унтахыг зөвшөөрнө
  • тамхи татахыг хориглоно.

Buro.Mongolia

2021-09-20, 12:31