“Миний аавыг хөнөөсөн гэдэгт би итгэдэг”: Майкл Жексоны охин илэн далангүй ярилцлага өгчээ

Бас тэр өөрийгөө хар арьстан гэж боддог

Rolling Stone сэтгүүлийн хоёрдугаар сарын нүүрэнд Майкл Жексоны охин Пэрис гарчээ

Пэрис Жэксон хэвлэлд өгсөн анхны томоохон хэмжээний ярилцлагадаа өөрийгөө үнэлэх үнэлэмжийн тухай өгүүлж, амиа хорлох оролдлого хэд, хэдэн удаа хийж, үл таних этгээдэд хүчиндүүлж байсан гэдгээ ярьжээ. Мөн Пэрис эцгийнхээ үхлийн талаарх өөрийн бодлоо дэлгэсэн байна.

Одоо 18 настай Пэрис Жексон түүний аавыг хөнөөсөн гэж үздэг аж. Энэ хэргийг Жексоны межежер ба эмч нар нь үйлдсэн гэдэгт эргэлздэггүй гэж тэр хэлжээ. Бас Пэрисийг 14 настай байхад нь үл таних этгээд хүчиндсэн гэж Rolling Stone сэтгүүлд ярьжээ. Майкл Жексоныг бага насны хүүхдийг бэлгийн харилцаанд уруу татдаг ба Пэрисийг түүний төрсөн охин биш гэсэн цуурхлыг тэрээр эрс эсэргүүцсэн юм. Мөн Пэрис Жексон энэхүү ярилцлагадаа хар тамхинд донтож байсан ба үеийнхэнтэйгээ харилцахад хүндрэлтэй байдаг тухайгаа ч дэлгэжээ.

Аавыгаа алдсан тухай ярихдаа тэрээр, "Цаг хугацаа бүхнийг эдгээдэг гэж хүмүүс ярьдаг. Үнэн хэрэгтээ энэ тийм биш. Чи зүгээр л энэ зовлонтойгоо амьдарч сурдаг. Миний хувьд цорын ганц чухал байсан зүйлээ алдсан гэдэгтэй би эвлэрсэн. Би ирээдүйд ямар ч муу зүйл тохиолдсон үүнтэй харьцуулашгүй гэж боддог. Тиймээс би одоо ямар ч зүйлийг даваад гарч чадна" гэжээ.

Эргэн сануулахад, Майкл Жексон 2009 онд 50 насандаа таалал төгссөн билээ. Пэрис тухайн үед дөнгөж 11 настай байсан юм.

Buro.Mongolia

2017-01-26, 10:00

  • Зураг: