Спортод зориулсан шинэ дугаар
Карин Ройтфельдийн үүсгэн байгуулсан CR Fashion Book сэтгүүлийн эрчүүдэд зориулсан CR Men's Book хувилбарын гуравдугаар сарын шинэ дугаарын нүүр зураг цахим ертөнцөд нийтлэгдсэн байна. Энэ удаад шинэ дугаарын сэдвээр спорт тодорсон бөгөөд сэтгүүл "just doing it" гэх уриатайгаар хэвлэгдэн гарч байгаа аж. Карин Ройтфельд сэтгүүлийнхээ шинэ дугаарын гол баатруудаар паралимпийн тамирчдыг сонгожээ. Тодруулбал Австрали улсаас гаралтай, 21 настай хөнгөн атлетикийн тамирчин Рид Маккракен (зүүн) ба одоо 24 настай Шинэ Зеландын богино зайн гүйлтийн тамирчин Лиам Малон (баруун) нар CR Men's Book сэтгүүлийн нүүрийг чимсэн байна.
"Хэнээс ч илүү энэ сэтгүүлийн нүүрэнд гарах эрхтэй хүмүүс бол яах аргагүй энэ хоёр тамирчин мөн. Бие махбодын хувьд ч тэр, сэтгэл зүйн талаасаа ч тэр тэд бол жинхэнэ аваргууд. Мөн тэдний түүх жинхэнэ утгаараа урам зориг өгнө. Би өөрийн сэтгүүлээр дамжуулан маш онцгой хүмүүсийн түүхийг бусадтай хуваалцдаг. Бид CR Men's Book сэтгүүлийн шинэ дугаарыг спортын сэдэвтэй гаргахаар шийдсэн юм. Гэхдээ би спортын ертөнцийг арай өөр өнцгөөс, янз бүрийн боломж бололцоотой хүмүүсийн нүдээр харуулахыг хүссэн. Тэдний хүч тэнхээ, зориг тэвчээр намайг үнэхээр гайхшруулсан. Тиймээс паралимпийн тамирчдыг оролцуулснаар энэ удаагийн дугаар бусдад урам зориг өгч, улам бүр өөдрөг болгоно гэж би бодсон" гэж тус сэтгүүлийн үүсгэн байгуулагч, Vogue сэтгүүлийн домогт редактор, Канье Уэстийн стилист Карин Ройтфельд ярилаа.
CR Men's Book сэтгүүлийн гуравдугаар сарын шинэ дугаарын зураг авалтыг Balenciaga, Alexander Wang, Louis Vuitton, Roberto Cavalli зэрэг брэндүүдийн шуугиан тарьсан сурталчилгаануудыг хийж байсан туршлагатай гэрэл зурагчин Стивен Кляйн гүйцэтгэсэн байна.
Спортын сэдэвтэй энэхүү шинэ дугаар гуравдугаар сарын 6-нд худалдаанд гарах болно.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт