Парис-2024: Зуны олимпын наадам албан ёсоор өндөрлөлөө

Франц улсын Парис хотын Stade de France цэнгэлдэх хүрээлэнд 33 дахь удаагийн Зуны олимпын наадмын хаалтын үйл ажиллагаа өчигдөр буюу наймдугаар сарын 11-ний өдөр амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. 

Нийт 19 өдрийн турш дэлхийн нийтийн зүрх сэтгэлийг догдлуулж, бахдам, гайхамшигтай мөчүүдийг бэлэглэсэн энэ удаагийн олимпын наадмаас манай улсын тамирчин Бавуудоржийн Баасанхүү нь -48 кг жүдогийн төрөлд мөнгөн медаль хүртэж “Парис-2024” олимпын анхны медалийг эх орондоо авчирсан билээ. Мөн Бат-Очир овогтой Сэр-Од хамгийн олон буюу зургаан олимпод дараалан оролцсон марафон гүйгч болж дэлхийн рекорд тогтоож чадсан байна. Харин олимпын медалийн хүснэгтийг АНУ-ын тамирчид 126 медальтайгаар тэргүүлж, Хятад улс 91, Япон улс 45 медальтайгаар тус, тус удаах байрыг эзэлжээ.

Энэ удаагийн хаалтын үйл ажиллагаа 2021 оны буюу цар тахлын үеэр зохион байгуулагдсан Токиогийн зуны олимптой харьцуулахад 71,000 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ онцлог бөгөөд сүрлэг болж өнгөрчээ. Орон, орны баг тамирчид өөрсдийн далбаагаа мандуулан танхимд цугласны дараа Франц дуучин Захо де Сагазан найрал дуучдын хамтаар Sous le ciel de Paris дууг дуулан үйл ажиллагааг ёслол төгөлдөр эхлүүлсэн байна. Мөн баярын арга хэмжээнд эмэгтэйчүүдийн марафон гүйлтийн шилдэг тамирчдад медаль гардуулах ёслол багтсан байсан нь олимпын наадмыг анх удаа эмэгтэйчүүдийн уралдаан хаасан түүхэн үйл явдлын нэг болж үлджээ. Цаашлаад "Парис-2024" Зуны олимпыг зохион байгуулахад оролцсон сайн дурын ажилчдыг шагнан, магтан урамшуулсан нь олон нийтийн сэтгэлийг багагүй хөдөлгөж чадсан юм.

Үүний дараа нэгэн сонирхолтой үйл явдал тохиосон нь жүжигчин Том Круз цэнгэлдэхийн дээврээс гэнэтхэн бууж ирэн, танхимд цугласан үзэгчдийг гайхшируулаад амжжээ. Тэрээр дээврээс бууж ирсэн даруйдаа Америкийн гимнастикийн тамирчин Симон Байлсаас олимпын тугийг гардан авч, мотоциклтэй цэнгэлдэх хүрээлэнг тойрон гарсан юм. Том Круз Mission: Impossible буюу бидний дунд Биелэгдэшгүй даалгавар нэрээр сэтгэлд хоногшсон киноныхоо өнгө аясыг үзүүлбэртээ шингээн өгч, Парис хотоос дараагийн олимпын наадмыг зохион байгуулах Лос-Анжелес хот хүртэл олон бартаат замыг туулан, Лос-Анжелес хотын даргад олимпын тугийг хүлээлгэн өгч буйгаар үзүүлбэрээ төгсгөжээ. Тугаа гардан авсан тус хотын иргэд Билли Айлиш, Dr.Dre, Snoop Dogg, Red Hot Chili Peppers тэргүүтэй уран бүтээлчидтэй хөгжилдөн, баяраа тэмдэглэсэн байна.

Ингээд хаалтын төгсгөлд Францын усан сэлэлтийн тамирчин Леон Маршан олимпын бамбарыг тайзан дээр хүндэтгэлтэйгээр залж, Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бах болон бусад тамирчдын хамтаар бамбарын дөлийг унтрааснаар "Парис-2024" Зуны олимпын наадам албан ёсоор өндөрлөлөө. 

Э.Цовоо

2024-08-12, 18:12