"Save Mongolia`s Dinosaurs" нэртэй хөрөнгө босгох төсөл зарлагджээ

Бүгдээрээ дэмжье!

Монголын үлэг гүрвэл судлалын Институтийн зүгээс indiegogo цахим хуудсанд эртний үнэт олдворуудыг хар зах зээл дээр худалдаалж буйн эсрэг тэмцэх зорилготой төсөлд хөрөнгө босгож эхэлсэн байна. Нийт 45 мянган доллар цуглуулах зорилготой энэхүү хөрөнгө босгох төсөлд одоогоор 150 хүн хамрагдаж, 6637 доллар хандивлажээ

Палентологич М.Болорцэцэгийн баг болон Америк хамтрагч нар нь Монголын үлэг гүрвэлийн судалгааг өргөжүүлэх үүднээс indiegogo цахим хуудсанд "Save Mongolia`s Dinosaurs" нэртэй хөрөнгө босгох ажил өрнүүлсэн байна. Далан сая жилийн өмнө, Цэрдийн галавын үед Велицираптор, Овираптор, Пинацосаурус зэрэг гайхамшигт амьтад оршин байсныг нотлох олдворуудыг хамгаалахад энэ төслийн зорилго оршиж байгаа юм.

Велицираптор

Хүмүүс Велицираптор динозаврыг анх "Юрий галавын цэцэрлэгт хүрээлэн" киноноос сайн мэддэг болсон. Велицираптор бол шувуу шиг өдөрхөг биетэй, маш хурдан шаламгай хөдөлгөөнтэй, шөнийн цагаар багаар ангуучилдаг амьтад байсан бөгөөд өнөөгийн Монгол орны өмнөд, говирхог нутагт 71-75 сая жилийн өмнө амьдарч байжээ. Тэгэхдээ Юрий галавын цэцэрлэгт хүрээлэн бүтээлд Велицирапторын биеийн хэмжээг хэт том үзүүлсэн юм. Тэд үнэндээ кинонд гардгаасаа хамаагүй жижигхэн хэмжээтэй байжээ. Үүнийг мэдээж архелеогийн олдвор, палентологичид бидэнд тодорхой болгож өгсөн юм. Гэвч үлэг гүрвэлийн эртний олдвор маш өндөр үнэтэй байдаг тул олон улс дамнасан этгээдүүдийг хууль бус аргаар олж авч, цааш нь дамлан түгээдэг. Энэ оны эхээр гэхэд Николас Кэйж тэргүүтэй Холливүүдын одууд Монголоос гаралтай үлэг гүрвэлүүдийн олдворыг манай улсад буцаан олгох дуулиант хэрэг явдлууд гарсан билээ.

"Монголын үлэг гүрвэлийг судлах Институти" цаашид үл гүрвэлийн олдворыг хууль бусаар наймаалж буйтай тэмцэж, олон нийтийн анхаарлыг энэ асуудалд хандуулах зорилгоор энэхүү төслийг санаачилжээ. Gotscience.org цахим хуудсанд мэдээллэснээр бол МҮГСИ-ийн хамт олон дөрвөн долоо хоногийн экспедици зохион байгуулах гэж байгаа. Тэд чулуужсан олдворуудыг хадгалах, хүүхдүүдийг сургах, судалгааны талбарын эргэн тойронд аялал зохион байгуулах зэрэг ажлууд төлөвлөжээ. Энэхүү арга хэмжээндээ зориулж палентологичид явуулын музей байгуулсан бөгөөд Улаанбаатар болон говийн бүс, баруун аймгуудаар аялна.

Монголын газар нутгийн гурван бүс дамнан өрнөх энэ аянд туслаж, нэгдэхийг хүсэгчид 5, 10, 45 доллараас 10,000 доллар хүртэл хандив өргөж болох юм байна. Мэдээж хөрөнгө босгох ажиллагаа тул таны хандивын хэмжээнд тохирсон бэлгүүд байгаа. Үүнд үлэг гүрвэлийн зурагтай стикер, аяганаас эхлээд экспедицид өөрийн биеэр оролцох эрх хүртэл бий. Та ч мөн адил эх орныхоо нэгэн гол баялаг болсон эртний ертөнцийн ул мөрийг хайрлан хамгаалж, хойч үедээ таниулан түгээх үйлсэд нэгдэхийг хүсвэл энд орж хандиваа өргөөрэй.

 

Ж.Чинбат

2016-07-29, 13:00

  • Зураг: