Шинэ жил: Гэрээ чимэглэхдээ ямар зүйлсээс татгалзах вэ?

Аль хэдийнэ хоцрогдсон

Хэдийгээр арванхоёрдугаар сар эхлээгүй байгаа ч Улаанбаатар хотын томоохон худалдааны төвүүд болон зарим айл өрхүүд ч гацуур модоо засан шинэ жилдээ бэлдээд эхэлжээ. Хэрэв та энэхүү сэтгэл догдлуулсан мөчид гэрээ чимэглэхээр тэсэн ядан хүлээж байгаа бол эхлээд доорх зүйлсийг анхааралдаа аваарай.

Гацуур модны саа

1990-ээд онд бид зөвхөн гацуур мод төдийгүй хана, тааз тэр ч бүү хэл даашинзын хормойгоо өнгө, өнгийн саагаар чимэглэдэг байсныг санаж байна уу? Харин одоо энэхүү чимэглэл нь хэт хоцрогдсон тул гацуур модоо саагаар ороохоос татгалзах хэрэгтэй. Үүнээс гадна энэхүү материалыг нэг удаа ашиглаад л хаядаг тул байгаль орчинд маш их хор хөнөөлтэй. Та энэхүү чимэглэлийн оронд гэрлэн чимэглэл, тууз зэрэгт анхаарлаа хандуулаарай.

Хэт их чимэглэл

Та олон жилийн туршид цугларсан чимэглэл тоглоомоо хайрцгаас нь гаргаж заавал бүгдийг нь дэлгэн үзүүлэх албагүй шүү дээ. Учир нь шинэ жилийн чимэглэл ихэдсэн тохиолдолд гэрт тань баярын уур амьсгал орохоосоо илүү эмх замбараагүй дүр төрх бүрдэх болно. Мөн цонхон дээрээ асар том Санта Клаус ба гацуур модны стикер зэргийг наах хэрэггүй. Үүний оронд цонхны тавцан дээрээ хэдэн ширхэг лаа тавихад л хангалттай.

Хиймэл цэцэг, цас ба лаа

Амьд цэцэг, лаа нь таны гэрт байгалийн үнэр оруулаад зогсохгүй ер бусын баярын уур амьсгалыг мэдрүүлнэ. Мөн баярын өдрүүдэд цас орвол бүр ч гайхалтай. Гэхдээ хэрэв цас ороогүй бол шүршдэг хиймэл цас ашиглаж, хүчээр үлгэрийн уур амьсгал бүрдүүлэх гэсний хэрэггүй. Учир нь зарим нэг хиймэл цас нь танд ямар нэгэн гайхамшигтай мэдрэмжийг өгөхөөсөө илүү эрүүл мэндэд хортой (ацетон, метилин зэрэг химийн бодисуудыг агуулдаг) байх магадлалтай. Үүнээс гадна зайгаар ажилладаг лаа, хиймэл цэцэг зэргээс татгалзахыг хичээгээрэй. Эдгээр зүйлс нь танд ямар ч баярын мэдрэмж өгөхгүйгээс гадна зүгээр л үнэ цэнэгүй харагддаг шүү дээ. Харин үүний оронд байгалийн зөөлөн үнэртэй лаа, шинэхэн цэцэгсийг сонгож, гэртээ тав тухтай уур амьсгалыг бүрдүүлээрэй.

Бэлэгний баглаа боодол

Гацуур модны доор дотны хүмүүстээ зориулан бэлэг өрөн тавих гэж байна уу? Мэдээж хэрэг шинэ жилийн бэлгээ задалж үзэх тэр мөч юутай ч зүйрлэшгүй ч энэ бүх баглаа боодол дараа нь ямар их хог хаягдал үүсгэхийг та бодоод үз дээ! Дэлхий нийт байгаль орчноо хайрлан хамгаалж, ухамсартай хэрэглээнд шилжихийг эрмэлзэж байгаа энэ үед та гялгар уут ба цааснаас татгалзаж, олон дахин ашиглаж болох даавуун уут, хайрцаг зэргийг сонгоорой.

Buro.Mongolia

2018-11-23, 16:00