Интернет бидний бусдын төлөө санаа зовних, өрөвдөх сэтгэлийг үгүй хийж байгааг Ким Кардашьянд тохиолдсон явдал дээр жишээ авч тайлбарлъя
Ким Кардашьяныг Парис хотод дээрэмдсэн явдал энэ долоо хоногийн гол мэдээ боллоо. Түүний зочид буудлын өрөөнд хоёр дээрэмчин дайрч орсон бөгөөд Кимийн биед гэмтэл учруулаагүй ч 11 сая доллараар үнэлэгдэх үнэт эдлэлүүдийг дээрэмдэн оджээ. Энэ явдлын дараа цахим ертөнцөд олон төрлийн сэтгэгдлүүд тархсан ба тэдний ихэнх нь Ким рүү дайрсан, түрэмгийлсэн өнгө аястай байв.
"Энэ бол зүгээр л анхаарал татах гэсэн үйлдэл", "Түүний ганц бөгж л Африкийн нэг орныг хооллох боломжтой байсан", "Хохь чинь, хэн үнэт эдлэлээ гайхуул гэсэн юм" гэх зэрэг сэтгэгдлүүд хаа сайгүй тарж, Ким Кардашьян цахим орчим дахь дарамтын хохирогч болоод байна. Энэ дундаас "Надад хамаагүй. Ким Кардашьян биднээс хол. Тэр эмэгтэй хүн биш, харин алдартан" гэх сэтгэгдэл хамгийн их анхаарал татсан юм. Учир нь энэхүү сэтгэгдлээс харахад, Ким олон нийтийн хувьд хүн биш, харин амьд бус биет болж таарлаа.
Ийм их үзэн ядалтын давалгаа, харгис зурвасууд Майкл Жексон ба Эми Уайнхаус нарын үхлээс хойш гараагүй юм. Тухайн үед тэднийг таалал төгсөхөд амьдралынх нь хамгийн муу агшнуудыг хүмүүс эргэн сөхөж байсан. Нөгөө талаар Лупита Нионгогийн 150 мянган долларын үнэтэй даашинз хулгайлагдахад хүмүүс үүнийг жигшмээр гэмт хэрэг, Линдси Лохан ба Пэрис Хилтон нарын гэрт хулгай ороход, байж боломгүй халдлага гэцгээж байв. Ким Кардашьяныг дээрэмдсэн явдал тэгвэл нэр алдрын төлөөс, реалити шоуны хэсэг, эсвэл бүр зүгээр л меме болж хувирлаа.
Хүн бүрт, тэр дундаа одуудад ч таагүй явдал тохиолддог. Гэсэн ч одуудын эсрэг үйлдсэн гэмт хэргийг хувь хүний эсрэг биш харин ямар нэг зохиомол дүрийн эсрэг үйлдсэн хэрэг гэж нийгэм хүлээж авч байна. Алдартнууд бодит амьдралаас маш хол, нухацтай хүлээн авах боломжгүй субьектууд мэт санагддаг бололтой.
Ким Кардашьян зөвхөн уруул, хөх, өгзөг юм гэж үү? Кимийн бие дээр маш их анхаарал төвлөрч байгаа нь түүнийг бүр ч их обьект болгоход нөлөөлнө. Ким бол орчин үеийн соёлын нэг хэсэг болсон. Тэрээр интернетэд сайхан амьдралаа гайхуулж, өөрөө биеийнхээ хэсгийг эможи болгож байгаа ч Кардашьян бол ямар нэг бэлгэ тэмдэг биш, хүн шүү дээ.
Хэрэв таныг гудамжинд явж байхад нүүр эсвэл өгзөгнөөс тань танихгүй хүн базаад авбал та цочролд орно. Магадгүй та цахим ертөнцөд болсон явдлыг бичиж хариуд нь маш олон сэтгэл зовсон, харамссан сэтгэгдлүүдийг хүлээж авах байх. Бүр гудамжны хүчирхийллийн эсрэг маш том хэлэлцүүлэг ч өрнөж магадгүй. Тэгвэл Виталий Седюк гэгч Жижи Хадид ба Ким Кардашьян нарын бие рүү халдсан явдал хүмүүсийн бахыг хангаж, инээдийг нь хүргэж байна. Үүнээс харахад "Орчин үед алдартай эмэгтэй хүн байх аюулгүй юу?" гэдэг ганц асуулт л өөрийн эрхгүй төрж байна. Нийгэм нэр алдар ба мөнгөтэй болсных нь төлөө алдартнуудад золиос хүлээлгэдэг болжээ. Үнэн хэрэгтээ бид энд шийтгэл биш харин эмэгтэй хүнд тохиолддог ахуйн дарамтын талаар ярилцаж байна.
Харамсалтай нь Ким Кардашьяныг дээрэмдсэн явдалд нийгэм "Өөрөө буруутай" гэсэн сонгодог хариу үйлдлээ үзүүллээ. Нийгэм хохирогчдод дургүй. Энэ нь хүмүүсийг өрөвдөхөөс илүү шүүмжлэл рүү төөрөгдүүлдэг. Интернет дэх троллууд хохирогчдын өөрийгөө үнэлэх үнэлэмж ба байр сууринд нөлөөлөхийг хүсдэг байна. Тэд бидэнтэй адил хүмүүс. Мөн энэхүү цахим ертөнц дэх сөрөг сэтгэгдлүүдийн ихэнх нь атаархалтай шууд холбоотой юм.
Хэн нэгний төлөө санаа тавих нь тухайн хүний байр суурь ба нөхцөл байдлаас шалтгаалах ёсгүй. Таны өмнө саяхан Forbes-ын нүүрэнд гарсан Канье Уэстын эхнэр байсан ч тэр бол хоёр этгээдэд дээрэмдүүлсэн эмэгтэй хүн гэдгийг мартах хэрэггүй.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт