Жефф Безос хэсэгхэн хугацаанд дэлхийн хамгийн баян хүн байж үзлээ

Билл Гейтсийг даван гарч

Forbes сэтгүүлийн мэдээллэснээр Пүрэв гарагт хөрөнгийн бирж нээгдэх үед Amazon компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Жефф Безосын хөрөнгө 90,6 тэрбум долларт хүрснээр тэр дэлхийн хамгийн баян хүн болсон байна. Тодруулбал, Amazon компанийн хувьцаа нэг шөнийн дотор 1,3 хувиар өсч Жефф Безосын нийт хөрөнгө 1,4 тэрбум доллараар нэмэгдсэн аж. Ингэснээр Жефф Безосын хөрөнгө Microsoft компанийн үүсгэн байгуулагч Билл Гейтсийнхээс 500 сая доллараар илүү гарчээ.

Харамсалтай нь түүний энэхүү ноёрхол ердөө хэдхэн цаг л үргэлжилсэн юм. Хөрөнгийн бирж хаагдахад 1,083.31 долларт хүрээд байсан Amazon компанийн хувьцааны үнэ 1,046 доллар болон буурсан байна. Мөн Жефф Безосын хөрөнгө 88,7 тэрбум болж буурснаар Билл Гейтс дэлхийн хамгийн баян хүний байр сууриа эргүүлэн авчээ. Одоогийн байдлаар Билл Гейтс 90,7 тэрбум долларын хөрөнгөөрөө дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг тэргүүлж байна.

Г.Тэмүүлэн

2017-07-28, 11:00

  • Зураг: