#BuroCrush: Оросын рок хөгжмийн ертөнцийн интроверт Рома Зверь

Роман Билык

Таганрог хотоос халаасандаа 700 рубль, хоёр утасны дугаартай л анх Москвад ирж байсан залуу Оросын шилдэг рок хамтлагийг үүсгэн байгуулсан юм. Энэ удаа #BuroCrush буландаа Звери хамтлагийн үүсгэн байгуулагч Рома Зверь буюу Роман Билыкийг онцолж байна

Жижиг хотоос Москвад од болохоор ирсэн уран бүтээлчид маш олон саад бэрхшээл болон үгүйсгэлийг давах хэрэг гардаг. Ихэнх нь үүнийг давж чадалгүй буцаад л төрөлх хот руугаа харьдаг. Тэгэхдээ тууштай, тэвчээртэй цөөн хэсэг нь "зөрүүдэлсээр" байгаад амжилтанд хүрдэг билээ. Тэдний нэг бол Таганрог хотын барилгын коллеж төгссөн Роман Билык байсан юм. Рома анх сургуулиа төгссөн даруйдаа л Москваг зорьсон бөгөөд халаасандаа цуглуулсан 700 рубль, холын хамаатан ба танилынхаа утасны дугаар болон хайртай гитартайгаа л алтан Москвад буужээ. Тухайн үедээ Рома 700 рублиэрээ нэг сар амьдрахад хангалттай гэж бодож байсан гэдэг. Гэвч Таганрогийн ханшаар бодсон төлөвлөгөө нь нурж, мөнгө нь гурав хоногийн дотор л дууссан байна. Мөн хамаатныдаа, эсвэл танилынхаа гэрт түр байрлана гэж бодсон ч эгч нь утсаа аваагүй бөгөөд танил нь завгүй гэж хэлжээ. Ингээд эхний өдрийг галт тэрэгний буудал дээр өнгөрүүллээ. Тэгэхдээ энэ байдал нэг их удсангүй. Рома төд удалгүй Зураб Церетелийн орчин үеийн урлагийн музейн барилгын ажилд засварчнаар орж, хамаатны эгчийндээ амьдрах болсон байна.

Рома Зверь, эхнэр Марина Королева ба Александр Войтинский

Рома энэ ажилдаа тийм ч удаагүй. Нэгэн танил нь Ромаг 2000 оны намар найруулагч Александр Войтинскийтой танилцуулснаар амьдрал нь огт өөрөөр эргэсэн юм. Войтинский өмнө нь Тату хамтлагийг үүсгэн байгуулсан туршлагатай. Бас яг тэр үед клипний зураг авалт хийх хүсэлтэй явсан ба Роматай танилцсан нь жинхэнэ хувьсгалын тохиргоо бүрдсэн хэрэг байв. Ингээд 2001 онд "Звери" хамтлагийг үүсгэн байгуулжээ. Харин 2002 оны эхээр "Для тебя" гэдэг хамтлагийн анхны видео клип MTV ба бусад хөгжмийн сувгуудаар цацагдаж эхэллээ. "Для тебя" дуу телевизээр гарсан өдрийн маргааш нь л Рома Зверь алдартай болов. Гэхдээ "Звери" хамтлагийг жинхэнэ нэр алдрын оргилд хүргэсэн хит дуу нь "Просто такая сильная любовь" юм. Ер нь тус хамтлаг романтик уур амьсгалтай олон дуугаараа бидний сэтгэлд хоногшсон билээ. Тун удалгүй 2003 онд хамтлагийн анхны бие даасан цомог болох "Голод" гарсан бөгөөд үүний дараа тус цомгийн аль нэг дуу сонсогддоггүй газар гэж бараг байхгүй болсон.

Звери хамтлаг

Өнгөрсөн бүх хугацаанд "Звери" нийт найман цомог гаргаж, MTV Music Awards Russia шагнал гардуулах ёслолоос шилдэг хамтлаг, Оросын шилдэг рок хамтлаг гэх цолыг Муз-ТВ-ээс есөн удаа хүртсэн. Мөн MTV Europe Music Awards-аас Оросын шилдэг уран бүтээлч шагналыг авсан юм.

Рома тайзан дээр биш жирийн амьдрал дээр интроверт буюу тун дотогшоо хүн бөгөөд ярилцлага өгч, телевизийн нэвтрүүлэгт орох дургүй. Үдэшлэг, арга хэмжээнд оролцохын оронд гэртээ байж, музей үзэхийг илүүд үздэг. Түүний Instagram-ыг харахад, рок хамтлагийн дуучин гэхээсээ илүү урлаг судлаачийн хувийн хуудсыг харж байгаа мэт санагдана. Тэрээр Hello! сэтгүүлд өгсөн ярилцлагадаа, "Дэлхийн шилдэг үзэсгэлэнгүүдийг үзэж, зураг авах дуртай" гэдгээ дурдаж байсан юм. Мөн тун удахгүй өөрийн авсан зургуудаараа үзэсгэлэн гаргах төлөвлөгөөтэй байгаа гэдгээ хэлсэн байна. Тиймээс түүний гэрэл зургийн үзэсгэлэн гарвал маш сонирхолтой байх болов уу. Рома Зверийг цэнэглэж, урам өгдөг дуучид гэвэл Дэвид Боуи, Эдит Пиаф, Florence and the Machine, Foo Fighters нарыг нэрлэж болно. Харин бид түүний уран бүтээлийг тун удахгүй Улаанбаатар хотдоо сонсох гэж байна. Тэрхүү гайхалтай үдэш Звери хамтлагт дуртай хүн бүрийг баярлуулна биз ээ. 

 

Г.Тэмүүлэн

2016-08-23, 17:00