Кейтлин Женнер: Би амьдралд нөхөр, эцэг гээд өөр дүрүүдэд байж үзсэн. Харин эмэгтэй хүн байх нь намайг аз жаргалтай болгож байна

Өөрийнхөөрөө байх

Buro 24/7-гийн Холливүүд дахь сурвалжлагч Нелли Холмс Кейтлин Женнертэй уулзаж түүний амьдралыг өөрчилсөн шийдвэр болон ЛГБТ хүмүүсийн эрх ашгийн тухай ярилцлаа

Кейтлин Женнер жилийн өмнө Дайан Сойертой хийсэн ярилцлагадаа хүйсээ солиулах шийдвэрийнхээ талаар ярьж байсан юм. Үүнээс хойш Кейтлин Vanity Fair сэтгүүлийн нүүр хавтсан дээр гарч, Glamour сэтгүүлийн "Оны эмэгтэй" өргөмжлөл хүртэж, өөрийн гэсэн шоуг зохион, M.A.C Cosmetics-ын шинэ уруулын будгийн цуглуулга болон H&M-ийн спорт шугамын нүүр царайгаар тодроод байна. Buro 24/7-гийн Холливүүд дахь сурвалжлагч Нелли Холмс трансжендер нийгэмлэгийн хамгийн нөлөө бүхий төлөөлөлтэй уулзаж тэдний айдас, өөрийнхөөрөө байх хүсэл, нийгэм дэх сөрөг мэдээлэл болон үүнийг даван туулах хүч зэргийн талаар ярилцлаа.

Та дэлхийн хамгийн алдартай шоунд оролцож байхад таны эмэгтэй хүнд шилжих үйл явц аль хэдийнэ эхлэчихсэн байсан ч үзэгчдэд нууц хэвээр байсан. Харин таныг бэлэн болж, өөрөө олон нийтэд нууцаа дэлгэхээс өмнө хэн нэгэн үүнийг илчлэх вий гэдгээс эмээж байсан уу?

Миний амьдрал тэр үед айдсаар дүүрэн байлаа. Хэн нэгэн намайг зочид буудал эсвэл өөр газар эмэгтэй хүний хувцастай явж байхад харвал яана даа гэж үхтлээ айдагсан. Би айх болгондоо яагаад үүнийг хийж байгаагаа үргэлж боддог байсан. Би үүнийг зүгээр л айдас мэдрэх гэж хийж байна уу? Би цааш хэр хол явж, ямар боломжууд надад гарах бол? Эсвэл би магадгүй тийм л хүн юм болов уу гэх зэргээр зөндөө бодсон. Би тэр үед их айдастай байсан ч одоо надад айдас, нууц байхгүй болсон. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд би Барбара Уолтерсын "Оны хамгийн гайхамшигтай хүн" өргөмжлөлийг хүртсэн. (Инээв) Харин одоо дахиж энэ шагналыг хүртэж чадахгүй шүү дээ. Яагаад гэвэл үүнийг хүртэхийн тулд заавал нэг нууцаа задлах шаардлагатай байдаг бол надад одоо ямар ч нууц байхгүй.

Таны бодлоор эмэгтэй хүн байна гэдэг нь юуг хэлэх вэ?

Энэ нь өөртөө үнэнч байхыг хэлнэ. Би эмэгтэй хүн болоход суралцаж буй маш их зүйл байгаа бөгөөд үүнээсээ их таашаал мэдэрдэг. Миний бодлоор жендер гэдэг бол зүгээр нэг танд олгогдсон зүйл биш. Харин жинхэнэ өөрийгөө олох аялал юм. Бид бүгд л амьдралынхаа явцад хэн гэдгээ ойлгодог. Одоо таны харж байгаа энэ эмэгтэй миний дотор олон жилийн өмнөөс амьдарсаар ирсэн. Харин одоо түүний гарч ирэх цаг нь болж, Брюс миний дотор орших болсон. Харин би ямар хүн байсан тэр хэвээрээ байгаа нь л хамгийн чухал юм.

Хэрэв бид одоо өөрчилж чадвал цаашид хүмүүс илүү сайхан ертөнцөд амьдрах болно

Ямар нэгэн зүйл өөрт тань тохиолдохоос нааш зовлонг нь мэдрэхгүй гэж ярьдаг. ЛГБТ хүмүүс олон жилийн турш хэвлэл мэдээллийн хэрэгсэл, улс төр, нийгэм гээд бүх зүйлсэд гадуурхагдаж ирсэн. Харин одоо улс төрчид ЛГБТ хүмүүсийн асуудлыг өндөр түвшинд авч хэлэлцэх болжээ. Ингэснээр дэлхий нийт ч аажмаар өөрчлөгдөж байна. Та орчин үеийн нийгэмд трансжендер бүсгүй байхад тулгардаг асуудлыг хөндсөн "Call me Caitlyn" нэртэй шинэ нэвтрүүлэг хийж эхэлсэн. Энэ нэвтрүүлгийг хийх гол санаа нь юу байсан юм бэ? Та энэ нэвтрүүлгээрээ хүмүүс таны асуудлыг мэдээсэй гэж хүссэн үү эсвэл магадгүй улс төрийн бодлого байсан уу?

Нэвтрүүлгийн эхнээс л би ганц л зүйлийг хүссэн. Энэ бол өөрөө өөртэйгөө зохицож амьдарч сурах. Миний хүүхдүүд өсч том болж, миний амьдрал жигдэрч амар амгалан болсон тул би өөрөөсөө "Үүнийг би хийж чадаж, өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөрч амьдарч чадвал бусдын амьдралд хэрхэн нөлөөлж, өөрчлөлтийг авчирч чадах вэ?" гэж асуусан. ЛГБТ хүмүүсийн нийгэмлэг шийдэх хэрэгтэй байгаа маш олон асуудалтай тулгардаг. Хүмүүс хүйсийн цөөнхийн асуудлаасаа болж амиа хорлож байна. Хүмүүс бусдаас өөр байснаасаа болж алуулж байна гэдэг аймшигтай. Энэ бол зүгээр нэг тоглоом биш. Энэ бол бидний бодит байдал. Та үүнтэй нүүр тулахыг хүсч байна уу гэдгээс үл хамаарч энэ асуудал байсаар байх болно. Би өөрчлөлтийг бий болгохыг хүссэн учраас нэвтрүүлэг хийж эхэлсэн. Би өөртэйгөө адилхан хүмүүстэй уулзаж асуудлаа нээлттэй ярилцахыг хүссэн. Биднийг хүмүүс хүлээн зөвшөөрөөсэй гэж хүсдэг. Миний хувьд нэвтрүүлэг хийнэ гэдэг их том шалгуур болж, нэвтрүүлгийн хамт олон болон бусдаас их зүйлийг суралцсан.

Нэвтрүүлэгт танаас гадна мөн олон трансжендер хүмүүс байгаа. Тэднийг оролцуулах чухал байсан уу?

Мэдээж. Би өөр, өөр хүмүүсийн түүхийг харуулахыг хүссэн. Тэд бүгд л хүлээн зөвшөөрөгдөж, хүндлүүлэх эрхтэй. Хүйсээ солиулна гэдэг зүгээр л дураар болчихдог зүйл биш. Энэ бол бидний гаргаж байсан хамгийн хэцүү шийдвэр гэдэгт надад итгээрэй. Бид хүмүүсийн хандлагыг өөрчлөхийг хүссэн. Хэрэв бид одоо өөрчилж чадвал цаашид хүмүүс илүү сайхан ертөнцөд амьдрах болно.

Кейтлин, та Брюсын юуг санадаг вэ?

(Инээв) Би түүний санадаг зүйлийн тухай бодоод олохгүй байна. Тэгэхээр би түүнийг санадаггүй байх. Би одоо хэдэн жилийн өмнө байснаасаа илүү өөртөө сэтгэл хангалуун байна. Өмнө нь хэлсэнчлэн энэ бүсгүй миний дотор бүх л амьдралын минь турш байсан бөгөөд одоо гарч ирж өөрийнхөөрөө амьдрах цаг нь болсон. Би ингэж өөрийнхөөрөө байснаар дэлхийд бага ч болов өөрчлөлт хийх боломжтой болж байгаа гэдэгтээ итгэлтэй байна. Брюс одоо миний дотор амьдрах цаг ирсэн. Гэвч би өмнө нь ямар үзэл бодолтой байсан, мөн хүмүүстэй ямар харилцаатай байсан энэ бүгд хэвээрээ байгаа. Би илүү аз жаргалтай, өөртөө сэтгэл хангалуун болсноос бусад зүйл миний амьдралд өөрчлөгдөөгүй. Үнэнийг хэлэхэд, зарим талаараа нэр, хүйсээ өөрчилж, Брюсд "Баяртай" гэж хэлэх гунигтай байсан. Тэр сайн залуу байсан учраас надад гунигтай байсан юм. Гэвч тэр одоо үгүй болсон.

Брюс Женнер, 1976 он.; Брюс, Крис, Кайли болон Кендалл Женнер, 2003 он
Брюс Женнер & Ким Кардашьян, 2014 он

Кейтлин, та сая бүх л амьдралынхаа туршид эмэгтэй байхыг хүсч одоо л жинхэнэ өөрийгөө ил гаргаж амьдарч байгаа тухай ярьлаа. Та трансжендер найруулагч Энди Вачовскигийн тухай яриач? Лилли (одоогийн нэр нь) мөн адил энэ нууцаа дэлгэхдээ бэлэн болохоосоо өмнө трансжендер болсон байсан гэдэг?

Би Лиллигийн шаналалыг ойлгож байна. Мөн нууцаа хадгалах хэр хэцүүг ч мэднэ. Гэвч хэвлэл мэдээллийн хэрэгсэл маш хэрцгий байх юм. Би 1980-аад онд трансжендер хүмүүсийн тухай сонсож, уншиж байлаа. Тэр цагаас л эхлэн папарацциуд надаас ямар нэг асуудал хайж эхэлсэн. Би Дайан Сойертой илэн далангүй ярилцлага хийхээс өмнөх хоёр жилийн хугацаанд жижиг хэвлэлүүд дээр миний тухай долоо хоног бүр гардаг байлаа. Намайг дөрөв, таван машин дагаж зураг авдаг байсан. Би папарацциуд миний зургийг худалдаж чадахгүй байх үүднээс өдөр бүр нэг хувцсаа өмсдөг байсан. Энэ бүх зүйл миний гэр бүл, хүүхэд, миний ойр дотныхонд маш хэцүү байсан. Миний ээж хүнсний дэлгүүр орохдоо миний тухай таагүй зүйл бичсэн сэтгүүлийг унших вий гэдгээс айж байсан. Учир нь би өөрийнхөө тухай түүнд хэлээгүй байсан юм. Миний PR менежерээр бараг 35 жил ажилласан Аланд их баярладаг. Би түүнд аль эрт өөрийнхөө тухай үнэнийг хэлсэн ч тэр маш олон жил амаа хамхиж явсан. Тэр бол энэ салбартаа үлдсэн чадварлаг мэргэжилтэн. Мэдээж би Аляскад очиж хаа нэгтээ жижигхэн хотод сайхан амьдарч болох л байсан. Тэгсэн ч хэвлэл мэдээлэл намайг мөшгин олж асуудал гарвал би яаж зохицуулах юм бэ? Би Алан руу утасдаж олон жилийн турш нуусан асуудлаа хэрхэн байранд нь оруулж шийдвэрлэх талаар ярилцсан. Би өнгөрсөн есөн сарын хугацаанд олон гайхалтай хүмүүстэй уулзсан. Трансжендер эмэгтэй, эрэгтэй гээд бүгд л энэ нийгэмлэгт илүү дээр зүйлийг бий болгох гэж ажиллаж байна. Тэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр гадуурхагдах ёсгүй. Тиймээс бид төлөвлөгөө зохиож эхэлсэн. Танд өөрийнхөө түүхийг илчлэхэд ганц л боломж олдвол мэдээж хамгийн сайн болоосой л гэж хүснэ. Дайан Сойертой хийсэн ярилцлага маш сайн болж, үүний дараа Vanity Fair сэтгүүл дээр нийтлэл гарсан. Энэ бүх зүйлийг бид хүртэх эрхтэй байсан юм.

Зарим бүсгүйчүүд зүгээр л эмэгтэй байх нь ямар их хүч чадалтай гэдгийг ухамсарладаггүй юм

Энэ нийгэмд эрэгтэй хүн байх нь илүү амар гэдгийг бид бүгд мэднэ. Харин та эмэгтэй хүний хувиар хүйсээр ялгаварлах байдалтай тулгарсан уу?

Эрэгтэй хүн байх нь илүү амар. Миний хувьд би ер бусын амьдралаар амьдарч байна. Би амжилтанд хүрч, хүмүүс намайг жинхэнэ эр хүн гэдгээр хүлээж авч байсан. Би дэлхийг байлдан дагуулж, хүчтэй мэдрэмжийг амталсан. Гэхдээ тэр би байсан уу? Тэр бол миний зөвхөн нэг хэсэг байсан. Харин одоо сүүлийн ес, арван сарын хугацаанд би хэний ч мэдээгүй жинхэнэ өөрийнхөөрөө амьдарч байна. Vanity Fair гарч бүх зүйл өөрчлөгдөхөд маш гайхалтай байсан. Тэр үе бол хүмүүс намайг анх харж нэрийг минь анх мэдсэн үе. Хуучны Брюс явах цаг байсан. Харин Кейтлин бол илүү сонирхолтой. Би өглөө нь сэрээд гэр дотроо алхаж байхдаа маш аз жаргалтай байсан. Маш энгийн хэрнээ нэгэн зэрэг маш утга төгөлдөр байсан. Хүмүүс хүчтэй эрэгтэй дүрээс турьхан эмэгтэй дүрд шилжих ямар байдгийг үргэлж асуудаг. Би тэдэнд эмэгтэй хүн турьхан, хүч чадалгүй биш гэдгийг үргэлж хэлдэг. Зарим бүсгүйчүүд зүгээр л эмэгтэй байх нь ямар их хүч чадалтай гэдгийг ухамсарладаггүй юм.

Та тэдгээр хүч чадлыг юу гэдгийг олж мэдсэн үү?

Би саяхан Шэрон Стоуныг урьж ярилцсан. Бид уулзаж олон зүйлийн тухай ярьсан. Тэр бүсгүйчүүд хүрэлцэхийн хүчийг ойлгодоггүй гэж хэлсэн. Би түүнийг ойлгоогүй тул тэр надад тайлбарласан юм. Тэр Casino киноны дүрийг авахыг маш их хүсч байжээ. Мартин Скорсезе жүжигчний оронд түүний хамтрагч болж киноны хэсгээс тоглосон байна. Шэрон түүний гарт хуруугаараа хүрч, жүжиглэлт дуусах хүртэл түүний гаранд хүрсэн хэвээр л байж. Тэгмэгц тэр найруулагч Мартины бүх анхаарлыг татаж, дүрээ ч авч чадсан гэнэ. Энэ бол бүсгүйчүүд эрчүүдийг удирдаж чадах энгийн жишээ. Миний бодлоор бүсгүйчүүд өөрсдийн хүч чадлаа мэддэггүй. Эмэгтэй хүн байж сурах нь маш сонирхолтой аялал болж байна.

Vanity Fair сэтгүүлийн нүүр дээр, Долоодугаар 2015 он, зурагчин Энни Лейбовиц
Caitlyn Jenner M.A.C Cosmetics-ийн сурталчилгаанд, хавар 2016 он

Та шинэ амьдралдаа тавьсан зорилго бий юу?

Би нэг зорилгодоо хүрсэн нь аз жаргал, сэтгэл хангалуун байдал юм. Харин дараагийнх нь бол яаж өөрчлөлтийг бий болгох вэ гэдэг юм. Трансжендер байдлын асуудлыг би дэлгэхийг хүсч байна. Зөвхөн энд ч биш харин дэлхий даяар. Ирээдүй хойч үед хэрхэн илүү сайн зүйлийг үлдээх вэ. Гэвч энэ нь урт удаан хугацааных байх болно. Мөн би үүнийг амьдралдаа үзэж чадахгүй байх. Гэвч би урагшаа алхсан хэвээр байх болно гэдэгт найдаж байна. Энэ бүх зүйл нууцлагдмал биш болсон нь маш сайн эхлэл. Би транс хүмүүсийн тухай илүү ихийг дэлгэхийг хүссэн учраас "Call me Caitlyn" нэвтрүүлгээ эхлүүлсэн. Би дэлхий даяар нэвтрүүлэг маань гарч байгаад баяртай байна. Энэ бол хүний л асуудал бөгөөд үүнд хил хязгаар гэж үгүй. Мөн энэ бол дэлхий нийтийн асуудал ч гэлээ бусад улс оронд хэрхэн шийдэж байгаа нь АНУ-д байгаагаас тэс ондоо байна.

Та өөрчлөлт хийхээр шийдсэнээ хүүхдүүддээ хэлэхэд тэд хэрхэн хүлээж авсан бэ?

Тэд маш сайхан хүлээж авсан. Би эхлээд хүү Брэндондоо хэлсэн. Тэр надад миний сонсож байсан хамгийн сайхан зүйлсийн нэгийг хэлсэн. "Аав аа, би таны хүү гэдэгтээ үргэлж бахархаж ирсэн. Гэвч би таниар өмнө нь хэзээ ч ингэж бахархаж байсангүй" гэсэн юм. Энэ бол маш гайхалтай эхлэл байсан. Миний охид их эмзэг байсан учраас би охиддоо их санаа зовж байсан. Би тэдэнтэй ярилцаж, би бүрэн өөрчлөлт хийхээ хэлсэн. Тэд "Бурхан минь. Яаж ингэж болох юм бэ?" гэцгээж байсан. Тэд надад хайртай учраас л санаа нь зовцгоож байсан байх. Би Дайан Сойертой хийсэн ярилцлагаа Крис, Кортни, Клой, Кимберли нартай хамт үзэж байлаа. Ярилцлага дуусч 15 минут болоход нийгмийн сүлжээ даяар шуугиан гарч эхэлсэн. Нийгмийн сүлжээ эерэг тал руугаа шуугиж байсан юм. Леди Гага надаар бахархаж байгаагаа анх бичсэн. Тэгээд дараа нь Элтон Жон, Женнифер Лопез гээд олон алдартнууд. Миний хүүхдүүд түүнийг уншсаны дараа бүх зүйл сайхан болно гэдгийг мэдсэн байх.

Крис Женнер, Хлоя Кардашьян, Кендалл Женнер, Кортни Кардашьян, Ким Кардашьян охин Норт Уэстийн хамт, Кейтлин Женнер & Кайли Женнер

Хиллари Клинтонтой уулзсан уулзалтынхаа талаар яриач? Ямар нэгэн зүйл буруугаар эргэсэн гэж сонссон...

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл энэ түүхийг сөхөх их дуртай...

Та Дональд Трампыг хүлээн зөвшөөрөх үү?

Би товчхон мэдэгдэл хийе. Би хэнийг ч хүлээн зөвшөөрөхгүй. Бүх өрсөлдөгчид хүссэн бүхнээ л хийнэ, харин хэн нэгэн нь тодороход түүнийг юу хийхийг харцгаана. Надад одоо дэмжсэн ямар нэгэн тодорхой нэр дэвшигч байхгүй байна.

40 жилийн өмнө та Монреальд болсон Олимпийн Наадамд дэлхийн хамгийн хүчирхэг эрэгтэй тамирчин шагналыг хүртэж байсан...

Би одоо ч хүртэл үүгээрээ бахархдаг.

Гэвч та 40 жилийн өмнө Кейтлин байгаа гэдгийг мэдэж байсан уу? Та хэрхэн спортын карьераа өөрийн дотоод эмэгтэйтэйгээ хослуулж байсан бэ?

Миний амьдралд өөрөө өөртэйгөө зөрчилдөх үе байнга байсаар ирсэн. Би 1950-60-аад онд ярьж болохгүй жендерийн асуудалтай байсан. Би унших чадваргүй, өөртөө итгэлгүй хүүхэд байлаа. Хүн болгон надаас илүү гэж боддог байсан юм. Би шаналалаа мартах ганц л зүйлийг олсон нь спорт байсан. Би үүндээ маш сайн байж спортод хамаг анхаарлаа хандуулж, бусад асуудлыг бодох хэрэггүй болсон. Би 12 жилийн хугацаанд сургуульд сурахдаа өөртөө итгэлгүй нэг хүү ямар нэгэн зүйлийг хийж чадна гэдгийг батлахыг хүссэн. Би хамаг хүчээ дайчилж карьерынхаа сүүлийн гурван жилийн хугацаанд дэлхийн рекордыг эвдэж, гурван удаа дэлхийн шилдэг тамирчин болсон. Гэвч би өглөө энгэртээ алтан медальтай сэрээд "Одоо цааш юу болох вэ?" гэж боддог байснаа санаж байна. Миний дараагийн зорилго юу вэ? Би хаашаа явах вэ? Энэ бол миний амьдралын аймшигтай үе байсан. Харин аз болж АВС телевиз над руу залгаж, тэдэнтэй цуг ажиллахыг санал болгоход "Бурхан минь би ажилтай боллоо" гэж бодсон. Энэ нь үнэхээр гайхалтай байсан. Дараагийн 30 жил нь гэр бүл, ажил гэсээр өнгөрсөн. Гэвч би үргэлж ямар нэгэнд нөлөөнд автаж байсан. 1980 онд би хүйсээ солиулахаар шийдэж, үүнийгээ 40 нас хүрэхээсээ өмнө хийлгэнэ гэж бодсон. Гэвч 39 хүрэхдээ би чадаагүй. Зүгээр л чадаагүй. Крис бид хоёр салж, тус тусын замыг хөөх болсон. Надад 10 гайхалтай, хөдөлмөрч, амжилттай хүүхдүүд байна. Харин одоо би өөрийнхөөрөө амьдрах цаг нь болсон. Би найман настай байхдаа л зөрчилддөг байсан өөртэйгөө 65 насандаа ч зөрчилдөж байна. "Би юу хийх ёстой вэ?"  гэж бодох тэр үед л бүх зүйл эхэлсэн. Гэвч би өөртөө өмнө нь хэзээ ч байгаагүйгээр итгэсэн. Одоо би чөлөөтэй, аз жаргалтай байна.

Би "Call me Caitlyn" нэвтрүүлгийн цөөхөн ангийг л үзсэн. Та нэвтрүүлэгтээ бүх зүйлийг нээлттэй ярьж байсан. Мөн транс хүмүүсийн хайр дурлалын тухай ярьсан...

Би нөхөр, эцэг, найз гээд амьдралд өөр, өөр дүрд байж үзсэн. Тийм учраас харилцаа гэдэг надад одоо асуудал биш. Гэвч манай нэвтрүүлэгт надаас хэдхэн сарын өмнө хүйсээ солиулсан 18 настай Элла гэх охин бий. Тэгэхээр түүний хувьд хайраа олно гэдэг том асуудал. Тэр хэзээ нэгэн цагт өөрийг нь аз жаргалтай болгох хүнийг олж чадна гэж найдаж байгаа. Би нэвтрүүлгийн нэг хэсэгт эрэгтэй, эмэгтэй транс хүмүүсийн үүргийн талаар хуульчтай ярилцсан. Гэрлэлт, гэр бүл гээд бүх зүйлийн тухай л даа. Үнэнийг хэлэхэд би шоугаа үзээд урамшсан. Би энэ дэлхийд хүн бүр чөлөөтэй, аз жаргалтай байж, бэлгийн чиг хандлагаас үл хамаарч бие, биедээ эрх тэгш ханддаг болно гэдэгт итгэдэг.

Хэрвээ эрэгтэй хүн таныг татахыг хүсвэл юу хийх ёстой вэ?

(Инээв) Би ч мэдэхгүй байна, үнэхээр... Би өмнө нь гадагшаа гарахыг үзэн яддаг байсан. Би гэр бүлтэйгээ ч гардаггүй байлаа. Харин одоо бүх зүйл өөр болсон! (Инээв) Би одоо гэрээсээ өөр хаа нэгтээ хөгжилтэй байдаг болсон. Би найзууд, охидууд, гэр бүлтэйгээ оройн хоолонд гарах эсвэл ямар нэг арга хэмжээнд очих дуртай болсон. Би одоо амьдралыг чөлөөтэй мэдэрч байгаа нь Кейтлин байхад таалагдаж байгаа хамгийн сайхан зүйл.

Та хоол сайн хийдэг үү?

(Инээв) Сайжраагүй шүү. Би хоол бараг хийдэггүй. Гэвч суралцахаа зогсоохгүй. Танд ярилцлага хийсэнд баярлалаа. Хөгжилтэй байлаа.

 

Б.Амина

2016-03-29, 11:00

  • Зураг: