Шинэ 9.7 инчийн iPad Pro юугаараа өөр вэ?

Ялгаа

Та хуучин таблетаа шинэчлэхийг хүссэн ч 12.9 инчийн iPad Pro хэтэрхий том санагдаж байсан уу? Тэгвэл 9.7 инчийн iPad Pro төгс сонголт байх болно

Wired сайт шинэ 9.7 инч iPad Pro өмнөх загваруудаасаа юугаараа ялгарч байгааг нэрлэжээ. Харин тэдгээрээс хамгийн гол гэснийг тоймлон хүргэе.

Нэгдүгээрт мэдээж хэмжээ. Шинэ 9.7 инч iPad Pro өмнөх 12.9 инч загварын хүчин чадлыг бүгдийг гүйцэлдүүлж чадах ч илүү жижиг болсон нь хамгийн том давуу тал юм. Харин дэлгэцийн хувьд iPad таблет өмнө хэзээ ч байгаагүй цэвэр, өнгө, дүрсний нягтаршил сайтай гэрэлтүүлэгтэй болсон байгаа. Мөн дөрвөн булан бүртээ нэг спикертэй учир нэмэлт дуу өсгөгч шаардлагагүйгээр дуртай дуугаа чанга сонсоно. iPad Air загвар дээр Apple Pencil хэрэглэх боломжгүй байсан бол одоо зөвхөн iPad Pro загвартай хослуулан хэрэглэх боломжтой болсон. Үүгээр зураг зурж, эсвэл тэмдэглэл дээрээ хэрэгтэй зүйлсээ дугуйлж, бичмэлээр бичих нь дэлгэцэн дээрх товчлуур товшихоос илүү хурдан байх болно.

Амралтын үеэрээ далайн эрэгт нарлаж байхдаа ч яаралтай ажлаа хялбар амжуулах боломжтой боллоо. Үүний тулд хөнгөн, овор хэмжээ багатай Smart Keyboard, 9.7 инч iPad Pro байхад л хангалттай. Зөөврийн компьютер дээр хийж болох олон зүйлийг iPad Pro гүйцэлдүүлж чадаж байгаа тул лаптопоосоо татгалзах талаар та бодож байсан бол түр азнаарай. iPad Pro өмнөх iPad Air, mini загваруудаасаа хавьгүй илүү хүчин чадалтай болсон ч таны бүх л ажлыг дуулгавартай гүйцэлдүүлж чаддаг лаптопыг бүрэн орлож чадахгүй шүү дээ. Тиймээс хуучин таблетдаа баяртай гэж хэлээд харин лаптопоо зөвхөн гэртээ, эсвэл ажил дээрээ хэрэглэж болох юм. Учир нь хүчирхэг, бас тохиромжтой хэмжээтэй 9.7 инчийн iPad Pro-г хаа ч авч явахад хамгийн тохиромжтой байх болно.

Б.Амина

2016-03-31, 14:00

  • Зураг: