Шоуны дараах амжилт: America’s Next Top Model шоуны оролцогчид одоо юу хийж байна вэ?

Хамгийн амжилттай таван загвар өмсөгч

ANTM шоуны оролцогчид тэмцээний дараа амжилттай карьер хийж чаддаг уу? Загвар өмсөгчид тэмцээнд ялаагүй ч шоуны дараа загварын карьераа үргэлжлүүлдэг үү? Энэ бүх асуултанд хариулахаар Бюро 24/7 ANTM шоуны дараа хамгийн их амжилттай явж байгаа таван моделийг танилцуулж байна

Анали Типтон, ANTM Cycle 11

Өмнө нь америкийн уран гулгагч байсан Анали Типтон хамгийн анх 2008 онд ANTM шоунд оролцож, гуравдугаар байрыг эзэлсэн юм. Тэрээр ANTM шоуны дараагаар Лос-Анжелес дахь Ford Models болон Abrams Artists Agency агентлагуудтай гэрээ байгуулж, Испанийн Marie Clair, Seventeen, Maxim, Vogue зэрэг загварын томоохон сэтгүүлүүдэд гарч, Forever 21, Guess брэндүүдийн сурталчилгаанд тоглосон. Тэгэхдээ Анали Типтон загварын карьераас илүүтэй жүжигчний карьер хийж амжилтанд хүрсэн юм. Тухайлбал тэр "Crazy, Stupid, Love", "Warm Bodies", "Lucy" зэрэг Холливүүдын томоохон кинонууд болон "The Big Bang Theory" , "Limitless" зэрэг телевизийн цувралуудад тоглосон. Хамгийн сүүлд л гэхэд Анали Типтон Жеймс Франкогийн найруулсан "The Long Home" гэдэг инди, драмд дүр бүтээж байгаа.

Фатима Сиад, ANTM Cycle 10

Сомали гаралтай загвар өмсөгч Фатима Сиад ANTM шоуны аравдугаар улиралд амжилттай оролцож, гуравдугаар байранд орсон. Шоуны дараагаар Фатима Elle, Испанийн Vogue, Австрали ба Индонезийн Harper's Bazaar, Marie Claire, WWD зэрэг алдартай загварын сэтгүүлд гарч, Ralph Lauren, Marc Jacobs, Tiffany & Co. маркуудын сурталчилгаанд оролцсон билээ. Мөн Dries Van Noten, Giorgio Armani, Hermes, Emilia Wickstead болон бусад олон брэндийн загварын шоунд ч алхаад амжсан юм. Одоогоор Фатима IMG Models, Ace Models ба Munich Models гэсэн гурван том загварын агентлагтай гэрээтэй.

Лила Голдкул, ANTM Cycle 19

Америкийн загвар өмсөгч Лила Голдкул ANTM шоуны 19-р улиралд оролцохын тулд Род Айлендын их сургуулиасаа нэг семестрийн чөлөө авч, улмаар тэмцээний гуравдугаар байранд орсон юм. Одоо Лила Нью-Йорк, Парис, Милан, Лос-Анжелес, Майамигийн Next Model Management болон Берлин, Хамбургийн M4 Models агентлагуудтай гэрээтэй ажилладаг. ANTM шоунд оролцсоноос хойш түүний загвар өмсөгчийн карьер гэрлийн хурдаар өссөн юм. Тэрээр Tom Ford, Phillip Lim, Versace, Elie Saab, Givenchy болон бусад загварын ордны шоунд алхаж, Dolce & Gabbana, Herve Leger зэрэг брэндүүдийн сурталчилгаанд оролцсон.

Яя ДаКоста Cycle 3

Яя ДаКоста 2004 онд ANTM-д оролцож, хоёрдугаар байранд шалгарч байсан. Тэмцээний дараа түүнд Garnier, Olay, Sephora зэрэг гоо сайхны копаниудын сурталчилгаанд тоглох санал ирж, тэр ч амжилттай даалгавраа биелүүлсэн. Тэгэхдээ ДаКоста 2005 онд жүжигчний карьераа эхлүүлсэн нь маш оновчтой алхам болсон юм. Эхэндээ тэр "All My Children", "Ugly Betty" зэрэг телевизийн цувралуудад тоглож байсан бол тун удалгүй Форест Уитакер, Опра Уинфри нартай "The Butler" кинонд туслах дүрийг бүтээсэн. Гэхдээ "Whitney" гэх намтарчилсан кинонд домогт Уитни Хьюстоны дүрд тоглосноор түүний жүжигчний чадварыг шүүмжлэгчид өндөр үнэлсэн юм.

Винни Харлоу, Cycle 21

Канад гаралтай загвар өмсөгч Шантель Браун-Янг бүр хүүхэд байхаасаа л витилиго буюу арьс цайрах өвчтэй байсан юм. Үүнээсээ болж үргэлж шоолуулж, дээрэлхүүлдэг байжээ. Гэвч Шантель амьдралаа эрс өөрчлөхөөр шийдэж АНУ-руу нүүж, нэрээ Винни Харлоу болгон сольж, загвар өмсөгчийн карьераа эхлүүлсэн байна. Түүнийг Тайра Бэнкс өөрөө нээж олсон бөгөөд үр дүнд нь Винни ANTM шоуны 21 дэх улирлын оролцогч болсон юм. Хэдийгээр тэр шоунд ердөө л зургаадугаар байр эзэлсэн ч загварын ертөнцөд жинхэнэ нээлт болж, стандарт бус гаднах төрхтэй модель хэр их амжилтанд хүрч болохыг харуулсан юм. ANTM шоуны дараагаар Винни Харлоу Diesel, Desigual брэндийн нүүр царай болж, Complex, Glamour, Cosmopolitan, L'Officiel зэрэг загварын сэтгүүлүүдэд зургаа авахуулж, Италийн Vogue-д ярилцлага өгч, Бейонсегийн "Lemonade" цомгийн видеонд оролцож, Eminem-ийн "Guts Over Fear" клипэнд тоглосон гээд хамгийн амжилттай карьертай загвар өмсөгчдийн нэг болоод байна.

 

 

Г.Тэмүүлэн

2016-12-02, 12:03