Зуны аялалаа дуусгаж, Улаанбаатар хотдоо ирэхэд хот маань нэг л цэвэр, тунгалаг агаартай болсон байгааг та анзаарсан уу? Тийм ээ, энд агаараас гадна өөр олон зүйлс ч өөрчлөгдсөн байна
АСЕМ-ын хуралд оролцохоор ирсэн зочид Улаанбаатар хотыг хараад "Хот нь цэвэрхэн, хүн ам нь цөөн, авто зам нь түгжрэлгүй, хүмүүс нь царайлаг, боловсон ба олон хэлтэй" гэж дүгнэсэн байх өндөр магадлалтай. Хэдийгээр АСЕМ-ын хуралдаан Наадмын их амралтын үеэр таарч, хүн бүхэн хөдөө, гадаа явж таарсан болохоор ийм өнгөц дүгнэлт гарч болох л юм. Тэгэхдээ яалт ч үгүй цаанаасаа сайхан байсан нэг зүйл бол хотын агаар. Урд нь зуны улиралд нийслэл рүү орж ирэхэд нэг том хөөж, пөөнийсөн вакуум хоргон дотор орох гэж байгаа юм шиг санагддаг байсныг та бараг л мартчихсан байх. Хүмүүс зундаа ч болов цэвэр агаартай байхсан гэж маш их мод, зүлэг тарьсаны үр дүн өнөөдөр гарч эхэлжээ.
Агаараас гадна амьдрал дээр маш олон зүйлс өөрчлөгдөх боллоо. Энэ жилийн хувьд гэхэд Playtime наадам зөвхөн амьд хөгжмийн наадам байхаас гадна загварлаг залуусын цугларалт болсон. Тэнд бас хаа сайгүй цэвэрхэн орчин байж, хүмүүс нэг тийм арай соёлтой болчихсон байлаа. Дээр нь Хүүхдийн баяр болоод Улсын наадмын үеэр Чингисийн талбайд зөвхөн гоё, ганган хувцастай хүмүүс л үзэгдлээ. Баярлаж, амарч байгаа хүмүүсийг муухай харагдуулдаг байсан "нөгөө" зүйлс өнгөрсөнтэй хамт мартагдсаныг та бүхэн ажигласан байх. Харин энэ бүхэн та бидний өдөр тутам хэрэглэдэг интернэт, нийгмийн сүлжээний ач гавьяа гэвэл та санал нэгдэх үү?
Нийгмийн сүлжээ гэхээр бид зөвхөн Snapchat, Instagram гэсэн брэнд нэрүүдийг хэлээгүй байгаа. Харин тэнд илүү шинэлэг, илүү өвөрмөц, дахин давтагдашгүй өөрийнхөө дүр төрхийг нийтлэдэг таныг хэлж байгаа хэрэг шүү дээ. Хүмүүс одоо "Зорилго намайг сэрээдэг" гэдэг ишлэл нийтлэхээс илүүтэй харин өөрөө өглөөд нимбэгтэй ус ууж, гадаа нохойтойгоо хамт гүйж байгаа зургаа оруулах болсон. Цааш нь лавшруулаад харвал #UbBikeStyle бүр ч их дэлгэрсэн байгааг, тэгэхдээ залуус бүр #S.M.O.K болон #MichelandAmazonka нарын хувцсаар гангарах сонирхолтой байгааг бид мэдэж болно. Энэ нь зүгээр ч нэг ганган, хээнцэр байдал руу залуус зүтгэж байгаа биш юм. Жишээ нь манайд нийтлэгдсэн "Орчин үеийн хандлага: Хэрэглээ бага байх тусмаа сайн" өгүүлэл гэхэд нийгмийн сүлжээнд 40 мянга гаруй хүнд тархан, хүрчээ.
Саяхнаас #Томужин академиас #Улаанбаатар гэсэн паспорт гаргаж эхэлсэн байна. Энэ паспорт нь хотоо илүү танин мэдэхэд туслаж, чөдөртэй юм шиг ганцхан газар эргэлдэх биш харин илүү чөлөөтэй байж, бүр олон хүнтэй танилцахад зориулагдсан. Эхний ээлжинд Улаанбаатар пасторт зөвхөн цэнгээний газруудад хүчинтэй байгаа бол дараагийн давалгаа нь урлаг, соёлын газруудаар өрнөх төлөвтэй байна. Гурав дахь удаа нь илүү бүтээлч, үйлдвэрлэгч, шинэ санааг амьдрал дээр хэрэгжүүлдэг газрууд, төрөл бүрийн лабораториудад өрнөх магадлал ихтэй.
Улаанбаатар хот бидний хувьд "Шинэ жаргалтай газар" болон хувирч буйг нотлох хамгийн гол зүйл бол мэдээж эрүүл, цэвэрхэн орчин. Үүнийг харин орчин үеийн залуучууд, шинэ мянганыхны өөдрөг хандлага, шинэлэг харилцаа өдөр бүр бий болгосоор байна. Тэд нийгмийн сүлжээгээр үргэлж "Байгалиа цэвэрхэн байлгая" гэж уриалж, олон цагаар нойр хоолгүй ажилласан цагдаа нарыг "өрөвдөж", шинэ зүйл хийж бүтээсэн нэгэндээ баяр хүргэж, аливаа зүйлийг шүүмжлэхээсээ илүү сайхныг нь харах дуртай болжээ.
Мэдээж энэ эерэг хандлага бүх хүмүүст тархаж амжаагүй байгаа. Тэгэхдээ л нийгмийн идэвхитэй хэсэг болох оюуны хөдөлмөр эрхлэгчид, баялаг бүтээгчид, уран бүтээлчдийн дунд бол соёлтой байдал бол хүн амьсгал авахтай адил энгийн зүйл болсон. Үүний нотолгоог өнөөх нийгмийн сүлжээ маань тодхон харуулж байгаа. Тэдгээр шинэ үеийн залуус амжилтыг зөвхөн карьер хийгээд тодорхой материаллаг зүйлсээр хэмжихээс илүүтэй тайван, сайхан амьдралаар тодорхойлох хүсэлтэй байгаа харагдана. Хөгжилтэй хэрнээ ухаалаг, эрүүл амьдралын хэв маяг орчин үеийн монгол залуусын амьдралд хандах гол хандлага болж байх шиг. Тэгэхээр тэр шинийг хийе, шинээр амьдрая гэсэн хандлага танаас цааш олон хүнд хүрч, манай хот өвөлдөө ч цэнгэг агаартай, цэнгэлтэй газар болох цаг ойрхон байгаа гэдэгт бид итгэж байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт